Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар, Дэлхийн Банк, Сеүлийн гудамж 4, MCS Плаза 5 давхар
1818 H Street, N.W., Washington, DC 20433 U.S.A.
eastasiapacific@worldbank.org
Монголд хийгдэж буй ажлын талаар мэдээ авах, Банкны RSS
Баялгийн хараал хэмээгчийг тойрон гарч, байгалиас заяасан баялаг нөөцөө урт хугацаанд тогтвортой, олон тулгуурт эдийн засгийг бий болгож, хөгжүүлэн авч явах яндашгүй үндэс суурь буюу “сэргээгдэх актив” болгох асуудал Монгол Улсын хувьд хамгийн хүнд сорилт юм.
Тус улс энэхүү ховор боломжийг ашиглаж чадах, аль эсхүл “баялгийн хараал”-д өртөх эсэхийг эдийн засгийн талаар төрөөс баримтлах бодлого стратеги, түүнийг хэрэгжүүлэх институцын тогтолцооны чадавхи тодорхойлох болно.
Сүүлийн жилүүдэд болсон дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралын тус улсад үзүүлсэн нөлөөллийн үр дүнд макро эдийн засгийн удирдлагыг төгөлдөржүүлэх явдал ямар их ач холбогдолтой болох нь тодорхой харагдсан. Зохистой удирдлагыг хэрэгжүүлж чадсанаар газрын баялагт улам бүр тулгуурлаж байгаа тус улсын эдийн засагт эрдэс, түүхий эдийн мөчлөгийн чанартай үнийн өөрчлөлтүүд хэт нөлөөлөх байдлыг сааруулж чадна.
Өсөлт бууралтын мөчлөгт нийцсэн төсвийн бодлого, мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэхэд чиглэгдсэн мөнгөний бодлого, уян хатан бус ханшийн бодлого зэрэг сүүлийн жилүүдэд төрөөс баримталсан зарим бодлогын үр дүнд дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөлөл улам гүнзгий туссан билээ.
Тухайн улсын харьцангуй жижиг эдийн засаг дэлхийн эдийн засгийн хямралын дараах үеийн нөхцөл байдалд зөв зохицож, болзошгүй бусад хямралын эсрэг хамгаалалттай болох явдалд төсвийн талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд (2010 оны 6-р сард Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ батласан) чухал үүрэг гүйцэтгэнэ. Төсвийн сахилга баттай холбогдох энэ зохицуулалтын хүрээнд түүхий эдийн өсөлт, бууралтын мөчлөгүүдийг дамнасан төсвийн зарлагын зохистой хуваарилалтыг хэрэгжүүлэх, мөнгөний болон ханшийн бодлогыг зөв уялдуулах зэрэг ажлууд хийгдэх учиртай.
Тус улсын хувьд бас нэг чухал сорилт бол шинээр хөгжиж байгаа уул уурхайн салбар болон хувийн хэвшил бүхэлдээ үйл ажиллагаагаа явуулахад таатай бөгөөд өрсөлдөхүйц орчныг бүрдүүлэх, улмаар тогтвортой байлгах асуудал юм. Уул уурхайн салбарт дэлхийн чансаатай хөрөнгө оруулагчдыг татаж, чухал ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахын зэрэгцээ тэдгээрийн ашиглалтаас Монгол Улсад орох орлогыг зохистой байлгах, уул уурхайн салбарын тогтолцоог буй болгох нь туйлын чухал байна.
Үүнтэй холбогдуулаад, эдийн засгийн олон тулгуурт системийг, ялангуяа дунд хугацаанд бий болгох асуудал гарч ирж байгаа юм. Монгол Улсын баялаг, байгалийн болон соёлын өв хөрөнгийг удирдан зохицуулах урт хугацааны тогтвортой тогтолцоог бүрдүүлэх нь бас нэгэн сорилт юм. Зөв алхам хийвэл, аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжих зэргээр эдийн засагт эерэг нөлөөлөл гарч ядуурлыг бууруулах, хот хөдөөгийн хүн амын эмзэг байдлыг сааруулах бас нэгэн боломж нээгдэх юм.
Байгаль орчны гүн бохирдол, эрчим хүчний үр ашигггүй хэрэглээ зэрэг уул уурхайн салбарын эрчимтэй хөгжил, хот суурин газруудын хэт төвлөрөлөөс үүдэлтэй хохирлыг багасгаж, бэлчээрийн газар нутаг, биологийн төрөл зүйл болон усны хамгааллын удирдлагыг улам боловсронгуй болгох нь эдийн засгийн олон талт тогтвортой хөгжлийг ханхахад туйлын чухал үүрэгтэй.
Хот, хөдөөгийн хүн амын амьжиргааны түвшний хол ялгаатай байдал мөн анхаарах ёстой асуудлын нэг болоод байна. Олон улсын туршлагаас харахад хот, хөдөөд оруулах хөрөнгө оруулалт, төсвийн зарлагыг бодлогоор зохицуулж чиглэлийг нь тодорхойлохдоо нийслэлийг чиглэсэн хүн амын урсгал, эдийн засгийн идэвхижилтийг сааруулахыг оролдсон биш харин түүнд зохицсон бодлогыг төр өөрөө хэрэгжүүлэх нь зүйтэй байдаг. Баян хоосны ялгааг багасгаж, улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хүн амын ядуу хэсэгт онц ач холбогдолгүйгээр барахгүй тэдэнд дарамт учруулж байгаа төрийн татаасууд (дулаан, цахилгааны тариф)-ын асуудлыг шийдэж хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх явдал маш чухал үүрэгтэй. Улаанбаатар хотын хүн амын талаас илүү хувь нь нөхцөл муутай гэр хорооллуудад амьдарч байгаа тул хөгжлийнхөө явцад орон сууцны асуудлыг шийдвэрлэх том зорилттой төр тулгарч байгаа юм.
Монгол Улс 1991 оны 2-р сард Дэлхийн Банкны гишүүн орон болсон. Өнөөг хүртэл Дэлхийн банк тус улсад нийт 563.7 сая ам.доллартай тэнцэх санхүүжилт хийснээс 52.2 сая ам.долларыг Олон Улсын Хөгжлийн Ассоциациар дамжуулан олгосон буцалтгүй зээлийн хэлбэрээр, 511.5 сая ам.долларыг мөн Ассоциацаар дамжуулан олгосон зээлийн хэлбэрээр олгожээ. Монгол Улс нэмэлт 101.3 сая ам.долларын санхүүжилтийг олон улсын итгэлийн сангуудаар дамжуулан хүлээн авсан байна.
2011 оны 8-р сарын байдлаар Монгол Улсын зээл тусламжийн багцад Олон Улсын Хөгжлийн Ассоциацийн дэмжлэгээр хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалт, техникийн туслалцааны 216.05 сая ам.долларын санхүүжилт бүхий 14 төсөл болон 74.5 сая ам.долларын хандивлагчийн амлалт бүхий хүлээн авагч талаар баталгаажигдсан 21 итгэлийн сан багтаж байна.
2005 оноос хойшхи хугацаанд стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг ашиглах асуудал яригдаж Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсан зэргээс шалтгаалан тус Банкны зүгээс уул уурхайн салбараас олох орлогыг улс орныг бүхэлд нь хамарсан сайн үр дүнд хүргэх явдал нэн тэргүүнд тавигдах асуудал хэмээн үзэх болсон юм.
Сайн үр дүн гэдгээр баялгийн хараалаас ангид байж, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, дэд бүтэц болон бүс, орон нутгийн хөгжлийн баттай суурийг тавьж, илүү хүчтэй бөгөөд нээлттэй хариуцлагын тогтолцоог хэвшүүлэх замаар уул уурхайн бүхий л тогтолцоог хамарсан засаглалыг бэхжүүлэх зэргийг ойлгож болно. Урт хугацаанд тогтвортой, хөгжлийг дэмжигч бодлогыг боловсруулахад чухал үүрэгтэй бодлогын хэлэлцүүлгүүдийг эдийн засгийн болон уул уурхайн сэдвээр төрийн бодлогыг тодорхойлогчид болон оролцогч талуудын дунд явуулах ажлыг Дэлхийн Банкны зүгээс хөхиүлэн дэмжиж байнга туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэн.
Зээл, тусламжийн хөтөлбөрүүдээ тус улсад хэрэгжүүлэхийн зэрэгцээ Дэлхийн Банк мэргэжлийн өндөр түвшинд судалгаа шинжилгээ хийж зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. 1992-2010 онуудын хооронд идэвхитэй хэрэгжүүлсэн шинжилгээ судалгаа, зөвлөх үйлчилгээний хөтөлбөрийн зорилго Монгол Улсын дунд ба урт хугацааны хөгжлийн зорилтуудыг дэмжиж стратегийн чухал салбаруудад хийгдэх шинэтгэлд шаардлагатай зөвлөмжийг өгч, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд оршиж байв. 1992-2010 онуудад тус Банкнаас хэрэгжүүлсэн шинжилгээ судалгаа болон зөвлөх үйлчилгээ нь дараах чиглэлд түлхүү анхаарсан, үүнд: (i) төрийн удирдлага ба эдийн засгийн хөгжил; (ii) хот, хөдөөгийн хөгжлийн асуудал; (iii) нийгмийн салбар; (iv) санхүүгийн секторын болон хувийн хэвшлийн хөгжил дэвшил.
Дэлхийн Банкны Дунд хугацааны стратегийн баримт бичиг (2009 оны 6-р сараас 2010 12-р сар хүртэлх хугацааны)-т тус улсын бага орлоготой иргэдэд хамгийн хүндээр туссан дэлхийн эдийн засаг санхүүгийн хямралын хор нөлөөллийг бууруулах тал дээр үзүүлэх дэмжлэг туслалцаа тусгагдсан юм. Дээрхи хямралын үр дүнд тус орны эдийн засагт оршиж буй сул талууд болон бүтцийн эмгэгүүд илт болж, ялангуяа банкны салбар болон уул уурхайн орлогын удирдлага, зарцуулалтыг тойрсон асуудлууд хурцаар тавигдсан юм. Дунд хугацааны энэхүү хөтөлбөрийн хүрээнд эрдэст суурилсан эдийн засгийг зөв зохистой удирдах зөвлөмж хөтөлбөр багтсаны зэрэгцээ хөдөөгийн иргэдийн амьжиргаа болон хот байгуулалтын явцыг дэмжих арга хэмжээнүүд багтсан юм.
2012-2016 онуудыг хамрах Улс оронд үзүүлэх туслалцааны стратеги Монгол Улсын Засгийн газар болон төрөл бүрийн оролцогч талуудтай зөвлөлдсөний дараагаар буюу одоо боловсрогдох шатандаа явж байна. Шинээр боловсрогдох бодлогын стратеги чиг хандлага Дунд хугацааны стратегийн баримт бичигт заасан, одоо ч чухал хэвээр байгаа зорилтуудад чиглэгдэх болно.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн асуудал эдийн засгийн бүтэц болон бодлогын тал дээр оршиж буй учир дутагдлуудыг, үүнд уул уурхайн орлогын зохистой удирдлагын асуудлуудыг, хэрхэн залруулж шийдвэрлэхээс ихээхэн хамаарах болно. Уул уурхайн салбарын хөгжилд дөрөөлөн эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгохын зэрэгцээ Голланд өвчнөөс холуур тойрох нь дунд хугацааны хувьд сорил байсаар байх болно. Уул уурхайн орлогын зарцуулалтад хэрсүү бодлого баримтлахын сацуу өглөг, татаасыг журамлах замаар олон тулгуурт эдийн засгийн өсөлтийг хангаж, төрөлжилтийг бий болгох асуудал Засгийн газраас багагүй зүтгэлийг шаардсан ажил болно. Хүн амын орлогын тэгш бус байдал, хөдөөгийн болон хотын захын иргэдийн ядуурлын асуудал анхаарвал зохих асуудал байсаар байна. Өргөн хүрээтэй эдийн засгийн өсөлтийг хангахын тулд хөрөнгө оруулалтын тогтвортой бөгөөд өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэх бодлого зохицуулалтад гойд анхаарах шаардлагатай. Сайн засаглал, жендерийн тэгш байдал зэрэг салбар бүрт хамаарах асуудлууд шинээр боловсрогдох Улс оронд үзүүлэх туслалцааны стратегид тусгалаа олох болно.
Монголын талтай зөвшилцсөний үндсэн дээр дараах нэн тэргүүний зорилтуудыг тодорхойлсон юм. Үүнд:
1. Уул уурхайд суурилсан эдийн засгийг тогтвортой бөгөөд ил тод байдлаар удирдах чадавхийг дээшлүүлэх
2. Нээлттэй бөгөөд хариуцлагын тогтолцоон дээр суурилсан бизнесийн орчныг бүрдүүлсэнээр олон тулгуурт эдийн засгийн хөгжлийг дэмжих
3. Бүгдэд, тэр дундаа хүн амын ядуу хэсэгт, тэгш боломж олгох үүднээс тэдэнд хүргэх үйлчилгээ, санал санаачилгуудыг дэмжих .
1991 оноос хойшхи хугацаанд Олон улсын хөгжлийн ассоциацын зүгээс хөдөөгийн хөгжил, хүн амын боловсрол, Улаанбаатар хотын нөхцөл сайжруулалт, уул уурхайн салбарын удирдлагын тогтолцоог сайжруулах асуудал, өмнийн Говь дахь дэд бүтцийн хөгжлийн асуудал, байгаль орчны хамгаалал, түүнтэй холбогдсон бодлого боловсруулалт, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүд зэргийг дэмжиж ажилласан.
Орон нутагт хэрэгжүүлэх хөтөлбөрийн гол зорилго малчдыг бэлчээрийн эрсдэлээс хамгаалах, цаг уурын онц нөхцөлд тэдэнд хүргүүлэх дэмжлэг туслалцаа, үзүүлэх бичил санхүү, харилцаа холбоо, нийгмийн үйлчилгээг сайжруулах үүднээс олсон амжилтыг бататгаж хөтөлбөрийг улам өргөжүүлэхэд оршиж байв. Энэхүү зорилтыг одоо хэрэгжиж байгаа хэд хэдэн төслөөр дамжуулан хэрэгжүүлж байна.
Шинээр нэвтрүүлсэн малын даатгалын тогтолцоо малчдыг байгалийн болон орчны эрсдэлээс хамгаалах зорилгынхоо хүрээнд Монгол орон даяар өргөжин хэрэгжиж байна. Энэ төсөл нь тус улсын эрсдэлийн удирдлагын системийг бүхэлд нь сайжруулах явдалд хувь нэмрээ оруулах юм. 2006-2009 оны хооронд Баянхонгор, Увс, Сүхбаатар, Хэнтий аймгийн 15,802 малчид Малын индексжүүлсэн даатгалд (En) хамрагдсан бөгөөд эдгээр даатгуулагчдын 3947 нь 770 сая төгрөг бухий нөхөн олговрыг хөтөлбөрөөр дамжуулан авсан байна.
“Тогтвортой амьжиргаа” (En) төслийн хүрээнд байгуулагдсан бичил санхүүгийн сангийн санхүүжилтаар банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжин 2011 оны 3-р сарын байдлаар 39,389 тооны бичил санхүүгийн зээл олгогдож нийт 181,470 хүнд шууд ба шууд бус үр ашгаа хүртээсэн байна. “Тогтвортой амьжиргаа” төсөл нь Дэлхийн Банк болон Японы Засгийн газар, Европын холбоо зэрэг хандивлагч талуудын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа төсөл юм.
Уг төслийн үр дүнд 127,287 малчин өрхөд бэлчээрийн удирдлагын арга барилыг сайжруулах тал дээр дэмжлэг үзүүлсэн байна.
Эрчим хүчний салбарын хувьд эрчим хүчний түгээх компаниудын нийт алдагдлын хэмжээ буурсаар байна. Дэлхийн банкны Эрчим хүчний төслийн үр дүнд техникийн болон техникийн бус алдагдлын хэмжээ Улаанбаатар хотод 31 хувь байсан бол 22.7 болж буурсан бол зургаан аймгийн дүнгээр 33.7 байснаас 15 хувь болон буурсан байна. Системийн нийт алдагдлын хэмжээ 25 хувь болон буурч аймгуудын нийтийн аж ахуйн компаниудын төлбөр хураалтын үзүүлэлт 94.5 хувьд хүрсэн нь алдагдлын түвшинг 20 хувьд хүргэж төлбөр хураалтыг 90 хувьд хүргэх зорилтыг давуулан биелүүлсэн амжилт байв.
Мэдээлэл, харилцааны холбооны салбарт хэрэгжүүлсэн Мэдээлэл харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэх төслийн (En) хүрээнд хийгдсэн ажлын үр дүнд хөдөөгийн хүн амын хари лцаа, холбооны үйлчилгээнд хамрагдах хүрээ, үйлчилгээний хүртэмжийн байдал бодитойгоор сайжирсан юм. Одоо тус улсын бүх сумын төвүүд орчин үеийн үүрэн телефоны үйлчилгээнд холбогдсон бөгөөд цөөнгүй алслагдмал сумын төв интернетийн сүлжээнд мөн холбогдоод байна.
Хот байгуулалтын чиглэлээр тус Банкны зүгээс хэрэгжүүлж байгаа ажилд гэр хорооллын ус хангамжийн хөтөлбөрүүд багтана. Шинээр ашиглалтад оруулсан худгуудын үр дүнд нэг худагт ногдох үйлчлүүлэгчдийн тоо 1492 байснаас 892 болж буурсан.
Ерөнхий боловсролын системд тус Банкнаас олгосон хэд хэдэн буцалтгүй тусламж өгөөжөө өгсөөр байна. “Дэлхийн хэмжээний боловсролыг бүгдэд – Шуурхай санаачлага” (En) хөтөлбөр нь боловсролын бүх шатанд (i) сургалтын чанарыг сайжруулж; (ii) хамгийн алслагдсан сумын, ядуу ба эмзэг бүлгийн гээд бүх хүүхдүүдэд хүрч чадсан боловсролын үйлчилгээг нэвтрүүлсэн; (iii) бүх шатны төвийн болон орон нутгийн боловсролын байгууллагуудын удирдах чадавхийг дээшлүүлсэн.
Энэхүү санаачлагын хүрээнд хөдөөгийн сургуулиудад зөөврийн компьютер, проектор, сургалтын зөөврийн төхөөрөмж зэргийг нийлүүлсэн бөгөөд энэ нь багш нарын ур чадварыг дээшлүүлж сургалтын идэвхитэй хэлбэрүүдийг нэвтрүүлэхэд тусласан юм.
"Тогтвортой амьжиргаа” төслийн хүрээнд байгуулагдсан Олон нийтийн санаачлага сан нь боловсролын системийн хөгжилд мөн өөрийн хувь нэмрийг оруулж байна. Энэ төслийн хүрээнд хөдөөгийн сургуулиудын байшин, барилгын засварын ажил хийгдэж халаалтыг сайжруулж, дотуур байруудыг шинэчилсэн ба үүний үр дүнд хөдөөгийн хүүхдүүд сургуулиас завсардах явдал багассан байна.
Тус улсад хэрэгжүүлсэн Хөдөөгийн боловсролыг дэмжих төслийн хүрээнд хөдөө орон нутгийн 3800 бага сургуульд шинэ номын сан байгуулан номоор хангаж, 4500 гаруй багшийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан.
Төрийн сангийн удирдлагын системийг нэвтрүүлж бүх аймаг болон нийслэлийн дүүргүүдийг Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн систем-д холбох ажил хийгдсэний үр дүнд эдийн засгийн удирдлага, засаглалын чиглэлээр томоохон ахиц гарч төсвийн удирдлагын тогтолцоо улам боловсронгуй бөгөөд шуурхай, үр дүнтэй болсон.
Санхүүгийн секторт хийгдсэн ажлын хувьд оролцогч банкуудад түшиглэн эрсдэлийн менежментийн тогтолцоог шинээр бий болгож үр дүнтэй ажиллуулах тал дээр түлхүү анхаарсан. Эрсдэлийн зөв зохистой менежмент төлөвшсөнөөр харилцагчид банкны онлайн үйлчилгээнд шуурхай бөгөөд найдвартай байдлаар оролцох, шинэ шинэ салбар/зах зээл/ бизнесийн үйл ажиллагаа банкны үйлчилгээнд хамрагдах, хувийн хэвшлийг дэмжих зорилготой хугацаат зээл олголт нэмэгдэх зэрэг эерэг үр дагавар гарах юм.
Монгол Улс : Зээл олголтын хэмжээ (сая ам.доллар)