Skip to Main Navigation
ӨГҮҮЛЭЛ 2018.6.26

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах нь гэр хорооллоос эхэлнэ


Алтанцэцэг Улаанбаатар хотын өвлийн улиралд хамгийн их агаарын бохирдолтой Сонгинохайрхан дүүрэгт гэр хороололд амьдардаг. Тэрээр өрх толгойлсон эмэгтэй бөгөөд хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө илүү сайхан амьдралыг эрэлхийлж ойролцоох аймгаас 10 жилийн өмнө хотод нүүж ирсэн юм.

"Аймагт гэр орон, үр хүүхдүүдээ ганцаараа өсгөнө гэдэг амаргүй байсан. Одоо миний том хүү хотод ажил хийж, харин би бага хүүгээ гэртээ хараад суудаг. Хотод эмнэлэг болон бусад үйлчилгээнд ойрхон амьдрах нь олон талаар тустай," гэж тэр ярив.

Сүүлийн 15 гаруй жилийн хугацаанд Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн нэмэгдэж, хотын хүн ам 55 хувиар өсөв. Өнөөдрийн байдлаар нийслэлийн оршин суугчдын бараг хагас нь буюу 790,000 хүн гэр хороололд амьдарч байгаа бөгөөд тэдгээр өрхүүд өвөл халаалтын зориулалтаар нүүрс, түлээ түлдэг нь агаарын бохирдлын дийлэнхийг үүсгэж байна. 

Илүү дулаан байшин, арай бага утаа

Гэр хорооллын олон айлууд уламжлалт монгол гэрт байхын хажуугаар олон оршин суугчид Алтанцэцэг шиг дан байшинд амьдардаг. 2016 онд тэрээр байшингийн дулааны алдагдлыг бууруулах “Дулаалга аян”-д бусад 200 өрхийн хамт оролцов. Тус хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний мэргэжилтнүүд гэрт нь ирж зөвлөмж өгсөний дагуу Алтанцэцэг дотоодын зах зээлээс дээврийн дулаан тусгаарлагч, хаалга, цонхны жийргэвч чигжээс, дулаан хадгалах зориулалттай тусгаарлагч туурга зэргийг худалдан авсан бөгөөд зардлыг нь хөтөлбөрөөс санхүүжүүлжээ. Тэрээр 2015 онд мөн Улаанбаатар хотын сайжруулсан зуухны төсөлд хамрагдаж утаа бага ялгаруулдаг сайжруулсан зуухыг 70 ам.долларын хөнгөлөлттэйгөөр худалдан авчээ. Цэвэр зуух, эрчим хүчний алдагдлыг бууруулах арга хэмжээг хослуулсны үр дүнд 2016-2017 оны өвөл Алтанцэцэгийн гэр бүл эрчим хүчний хэрэглээгээ 50 хувиар бууруулж, 720,000 төгрөг (300 ам.доллар орчим) хэмнэжээ.


Image

Алтанцэцэгийн байшин дулаалахаас өмнө   

Image
Дулаалсны дараа нь


"Байшингийнхаа дулааны алдагдлыг бууруулснаар миний амьдралд олон зүйл өөрчлөгдсөн. Миний гэр бүл илүү дулаахан, тав тухтай амьдарч байна. Бид 10-р сард нэг ачааны тэрэг (1 тонн) нүүрс худалдаж авсан. Одоо 1-р сарын дунд гэхэд тэр нүүрсний талаас илүү хувь нь үлдсэн байна. Өмнө нь бид өвлийн улиралд 3-4 ачааны машин нүүр түлдэг байсан. Энэ нь манай өрхийн төсөвт маш их хэмнэлт болж байна."
Image


Нэгдүгээр сард Улаанбаатар хотод цельсийн 20 хэмийн хүйтэн байхад, Алтанцэцэгийнх 20 гаруй хэмийн дулаан байшиндаа ширээ тойрон оройн хоолоо идэж байв.

"Байшингийнхаа дулааны алдагдлыг бууруулснаар миний амьдралд олон зүйл өөрчлөгдсөн. Миний гэр бүл илүү дулаахан, тав тухтай амьдарч байна. Бид 10-р сард нэг ачааны тэрэг (1 тонн) нүүрс худалдаж авсан. Одоо 1-р сарын дунд гэхэд тэр нүүрсний талаас илүү хувь нь үлдсэн байна. Өмнө нь бид өвлийн улиралд 3-4 ачааны машин нүүр түлдэг байсан. Энэ нь манай өрхийн төсөвт маш их хэмнэлт болж байна," гэж Алтанцэцэг хэллээ.

Тэдний шинэ зуух мөн хуучин хэрэглэдэг байсан уламжлалт зуухтай нь харьцуулахад  бараг 98 хувиар бага утаа ялгаруулдаг.

Монголд ажилладаг зуухны шаталтын процессын мэргэжилтэн Криспин Пембертон-Пикетт хэлэхдээ "Уламжлалт зуухнаас гарч буй утаа бол дутуу шатсан нүүрс юм. Гэрийн цэвэр зуух болон халаалтын зуухнууд нь нүүрсийг бүрэн шатааж байгаа учраас агаарыг бага бохирдуулж, эрчим хүчнийг хэмнэдэг" гэв.

Улаанбаатар Цэвэр Агаар Төсөл (УБЦАТ)-ийн хүрээнд Дэлхийн Банкнаас санхүүжүүлж цэвэр зуух, орон байрны дулааны алдагдлыг бууруулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байдаг. Монгол Улсын Эрчим Хүчний Яам, Улаанбаатар хотын захиргаа, Мянганы Сорилтын Корпораци, Дэлхийн Банкнаас олгосон татаасын дэмжлэгтэйгээр 2010-2015 оны хооронд ойролцоогоор 175,000 цэвэр зуухыг гэр хорооллын өрхүүдэд түгээжээ. Тус хөтөлбөр нь Улаанбаатар хотод агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тухайн үед хэрэгжиж байсан цорын ганц том хэмжээний хөтөлбөр байсан ба хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд буюу 2011-2015 оны хооронд Улаанбаатар хотын агаарын бохирдлын дундаж түвшин (PM2.5) тогтмол буурч байсан байдаг.


Image

Бохирдол нэмэгдсээр

Тухайн үед ийм ахиц гарч байсан хэдий ч гэр хорооллын оршин суугчдын тоо тогтмол нэмэгдэж, сайжруулсан цэвэр зуух зайлшгүй ашиглах эрх зүйн зохицуулалт байхгүйн улмаас агаарын бохирдлын хэмжээ 2015 оноос хойш улам бүр нэмэгдсээр байна. УБЦАТ-ийн сүүлийн үеийн судалгаагаар гэр хорооллын оршин суугчдын талаас илүү хувь нь агаарыг ихээр бохирдуулагч уламжлалт нүүрсний зуух болон нам даралтын уурын зуухаар орон байраа халаасаар байгааг тэмдэглэжээ.

Улаанбаатар хот өнөөдөр дэлхийн хамгийн өндөр агаарын бохирдолтой хотуудын нэг болж, ялангуяа гэр хороололд өвлийн улиралд PM2.5 агууламж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас тогтоосон 24 цагт зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс даруй 100 дахин илүү байна. Нөхцөл байдал тун ноцтой байгааг харгалзан НҮБ-ын Хүүхдийн Сан (НҮБ-ын Хүүхдийн Сан) агаарын бохирдлын нөлөөг бууруулах зорилгоор яаралтай арга хэмжээ авахыг уриалав.

Ирээдүйн төлөв

Улаанбаатар хотод агаарын бохирдлыг бууруулахын тулд илүү далайцтай, нэгдсэн хүчин чармайлт гаргах шаардлагатай байна. Зарим гэр хороолол, айл өрхүүд хотын төвлөрсөн дулааны системд холбогдож болох ч гэр хороололд хүн ам, орон сууцны нягтаршил хангалтгүй байдгаас энэ нь зардал өндөртэй байдаг. Дээр нь гэр хороолол нь огцом жалга, нугачаа ихтэйгээс дулааны шугам хоолой, дэд станцуудыг суурилуулах боломж хязгаарлагдмал байдаг. Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээг богино, дунд, урт хугацаанд сайжруулж, өргөтгөх чиглэлийн хөрөнгө оруулалтын тэргүүлэх хөтөлбөрүүдийг тодорхойлох судалгааг Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр өдгөө гүйцэтгэж байна.

Дулаан хадгалах цахилгаан халаагуур (ETS), дулааны насос болон сэргээгдэх эрчим хүчний бусад хэрэгслүүд зэрэг цахилгаан халаагуурыг ашиглах шийдэл нь урт хугацаанд зайлшгүй байх ёстой шийдлүүдийн нэг. Цахилгаан халаагуур худалдан авах суурилуулах өртөг харьцангуй өндөр, ирээдүйд цахилгааны шөнийн хэрэглээний тарифт хөнгөлөлт үзүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа зэргээс шалтгаалан өнөөдрийн байдлаар гэр хорооллын айл өрхүүдийн 5-аас бага хувь нь л цахилгаанаар дулааны асуудлаа шийдвэрлэж байна. Түүнчлэн цахилгааны шугам сүлжээний ачааллыг зохицуулахын тулд эрчим хүчний түгээх сүлжээг шинэчлэн сайжруулах шаардлагатай юм. Дулаан хадгалах цахилгаан халаагуур (ETS) нь Улаанбаатар хотын шөнийн илүүдэл эрчим хүчийг ашиглан хадгалсан дулаанаа өдрийн цагаар цацаж, өвлийн улиралд илүүдэл цахилгааныг (салхины эрчим хүчийг оролцуулан) ашиглан цэвэр дулаан дамжуулах боломжит шийдлийг олгож байна.

Гэр хорооллын оршин суугчид амьжиргааны түвшин болон орлогод нийцсэн орон сууц дутагдалтай байгаа зэргээс шалтгаалан цэвэр дулаан хангамж, халаалт бүхий орон сууцад нүүж амьдрах боломжгүй байна. Гэр хорооллын оршин суугчдын 45% нь ядуурлын шугамаас доогуур орлоготой боловч тэдний дулаан хангамж болон хотын бусад үйлчилгээний зардал нь хотын орон сууцны оршин суугчдынхаас илүү өндөр байдаг ажээ. Гэр хорооллын оршин суугчдад байрны зээл авах боломжийг нэмэгдүүлэх орон сууцны бодлого баримтлах нь тэднийг нийтийн ахуйн үйлчилгээнд холбогдсон орон сууцанд шилжин амьдрахад тусална.

Цогц арга хэмжээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг богино хугацаанд шийдэж чадах цорын ганц шийдэл гэж үгүй. Гэр хорооллын цахилгаан эрчим хүч болон дулаан хангамж, халаалтын системийг өргөжүүлж, орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь чухал. Дулаан алдагдал, эрчим хүчний хэрэглээг бууруулах арга хэмжээ авснаар гэр хорооллын айл өрхүүдийн нүүрс болон цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулах бөгөөд ийм хөтөлбөрүүдийг арилжааны банкны зээлийн хөтөлбөртэй хослуулж өргөжүүлэх нь зүйтэй. Ирэх 5-10 жилийн туршид гэр хорооллын айл өрхүүд нүүрсийг гол түлш болгон ашигласан хэвээр байх тул төрөөс хагас коксжуулсан шахмал түлш гэх мэт сайжруулсан нүүрс ашиглалтыг дэмжиж, 2019 оноос эхлэн түүхий нүүрсний хэрэглээг хориглох зэрэгт түлхүү анхаарч байна. Гэр хорооллын айл өрхүүд уламжлалт зуухыг ашигласан хэвээр байвал зөвхөн сайжруулсан түлш ашигласнаар агаарын чанарыг дорвитой бууруулж чадахгүй учраас ойрын хугацаанд цэвэр зуух, халаалтын зуухны ашиглалтыг дэмжих нь чухал юм.  

Төр, засгийн газар, хандивлагчид эдгээр бүх асуудалд анхаарлаа хандуулан, ахиц гаргаж чадвал Улаанбаатар хотын гэр хорооллын оршин суугчид төдийгүй хотын нийт оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлж чадна.



Api
Api