ӨГҮҮЛЭЛ

Монгол Улсын Иргэдэд Хувийн Санхүүгээ Улам Ухаалгаар Удирдахад Хүргэх Зөвлөмж

2016.3.18

Image

A young herder in Baruunburen soum (district), Mongolia. Photo: Dave Lawrence / World Bank


Read in English

(Note: This first appeared  on Mar. 18, 2016 in the World Bank's PSD blog) 

by Siegfried Zottel and Shaun Mundy

Өдөр тутмын санхүүгээ удирдахдаа бага орлоготой Монголчууд нь ирээдүйдээ зориулж мөнгө хуримтлуулах магадлал өндөртэй их орлоготойгоосоо илүү болохыг нь  Дэлхийн банкнаас 2013 онд Монголд хийсэн санхүүгийн чадавхийн эрэлт талын цогц үнэлгээгээр тогтоожээ.

Эдгээр нь ч учиртай.  Ядуу, бага, тогтмол бус орлоготой хүмүүс өдөр тутмын хэрэглээгээ хангах, хоолтой байхад мөнгөө хэрхэн хүргэх талаар ихээхэн хугацаа зарцуулдаг.  Ядуусын санхүүгийн багц номонд тэд орлого багатай гэхэд үнэхээр гайхмаар нарийн санхүүгийн амьдралтай болохыг дурьджээ.

Гэвч зан байдал эдийн засагт хэрхэн нөлөөлдөг талаарх судалгаагаар бол санхүүгийн наад захын хэрэгцээгээ хангах байнгын бэрхшээл нь тэднийг урт хугацаагаар төлөвлөх боломжгүй, ядарсан шийдвэр гаргахад хүргэдэг байна.

Өндөр орлоготой хүмүүс өдөр тутмынхаа хувийн санхүүгийн удирдлагад алдаа гаргалаа гэхэд түүнийгээ даах мөнгөтэй бол харин ядуу хүмүүс ирээдүйнхээ санхүүгийн баталгааг бий болгох талаар бодохгүй байхын аргагүй. Тийм учраас санхүүгийн чадавхийг сайжруулах санаачилгаараа дамжуулан ядуу хүмүүс ирээдүйдээ зориулан тодорхой мөнгийг хуримтлуулдаг болгоход бид хүчин чармайлтаа төвлөрүүлэх шаардлагатай. Урт хугацааны санхүүгийн төлөвлөлт нь ухаалаг хэрэглээтэй байх, урьдчилан тооцоолоогүй эдийн засгийн шокийг хохирол багатай даван туулах, өөрсдийн болон гэр бүлийн  ирээдүйн  баталгааг бий болгоход нь бага орлоготой хүмүүст тусладаг.

Дэлхийн банкнаас 2013 онд хийсэн энэхүү судалгаа нь Монгол улсад санхүүгийн чадавхийг илүү сайн бэхжүүлэхэд оролцогч олон талуудын хувь нэмрээ оруулах амлалтыг өгөхөд хурдасгагч буюу каталистын үүргийг гүйцэтгэсэн.   Эхний алхам нь 2015 оны 10-р сард албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн санхүүгийн боловсролын  чадавхийг сайжруулах үндэсний стратегийг боловсруулах ажил байв. Энэ үйл ажиллагааны туршид бид Монголын холбогдох  байгууллагуудыг дэмжиж ирлээ.

Улс орны хувьд санхүүгийн боловсролын үндэсний стратегийг боловсруулах нь нэлээд сорилттой ажил хэдий ч хамгийн чухал эрэлтийг онилсон стратегийг тодорхойлоход Монголбанк бусад оролцогчдын хамтаар маш сайн ажилласан.

Монгол улсын санхүүгийн боловсролын үндэсний стратегийг сайн боловсруулахад анхаарах гол сургамжуудыг бид дүгнэн гаргалаа.

  • Ач холбогдлоор нь эрэмбэлэх нь чухал.  Монгол улсын санхүүгийн боловсролын үндэсний стратегид тэргүүлэх ач холбогдолтой  4-н санаачилгыг оруулсан. Үүнд: сургуулийн хүүхдийн санхүүгийн боловсрол; залуу үеийн санхүүгийн боловсрол; хөдөө, орон нутгийн иргэдийн санхүүгийн боловсрол; цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан олгох санхүүгийн боловсрол.
  • Үндэсний хэмжээний алсын хараа, стратегийг боловсруулах үндэс суурь нь маш хүчтэй манлайлал, удирдагчтай байх явдал юм. Иргэдийнхээ санхүүгийн боловсролыг дээшлүүлэх ажилд хувь хүн хэрхэн манлайлж болдгийг Монголбанкны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч аль аль нь биеэрээ харуулж чадсан.
  • Хүн амын санхүүгийн боловсролын түвшинг ахиулахад хамтын, нэгдсэн хүчин чармайлт шаардлагатай.  Шаардлагатай сайжруулалтыг аль ч байгууллага, төрийн алба дангаараа хийж чадахгүй.  Монгол улсын санхүүгийн боловсролын үндэсний стратегид Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайд, Боловсролын сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нар хамтран гарын үсэг зурсан.
  • Олныг хамарсан сайн суртал нэвтрүүлэг нь ихээхэн өөрчлөлтийг бий болгодог.  Санхүүгийн боловсролын үндэсний стратегийг хэвлэл мэдээллээр маш хүчтэй сурталчилж ажлаа эхлүүлсэн. Телевизийн хэд хэдэн цуврал ярилцлага гарч, сонинд олон нийтлэлүүд хэвлэгдэж, улс орон даяар мэдээлэл  хүргэсэн бөгөөд энэ нь уг ажиллагаанд оролцогчдын урмыг сэргээхэд ч тус болсон.

Дараагийн сорилт бол стратегийг хэрэгжүүлэх явдал юм. Тэргүүлэх дөрвөн чиглэлд авах гол арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх ажлыг дэмжихээр бид  энэхүү ажлыг удирдаж буй  Монголбанкны Санхүүгийн боловсролын багийнхантай одоо хамтран ажиллаж байна. Бид дараах ажлууд дээр тус багийнхантай  хамтран ажиллаж ирлээ. Үүнд:

  • Тэргүүлэх дөрвөн чиглэлийг дэмжих санхүүгийн боловсролын боломжит санаачилга, арга хэмжээнүүдийг тодорхойлох
  • Тэдгээрээс аль нь хамгийн үр дүнтэй, өртөг багатай, цаашид өргөн хүрээг хамран хэрэгжүүлж болохуйц, бодитой, боломжтой болохыг үнэлэн тодорхойлох
  • Хамгийн боломжийн гэж үзэж буй санаачилга, арга хэмжээ бүр бодит амьдрал дээр эдгээр үзүүлэлтийг хэрхэн хангаж чадахыг тодорхойлох
  • Тухайн сонгосон санаачилга, арга хэмжээг хэрэгжүүлэх  ажлын төлөвлөгөөг гаргах   

Үүний үр дүнд  хүн амын өөр өөр сегмент (тухайлбал, залуу болон хөгшин; хөдөө болон хот)-үүдийн тэнцвэрийг хангасан, хурдан хугацаанд үр дүн нь гарах болон урт хугацааны хөрөнгө оруулалтын зохистой хоршлоос бүрдсэн багц байх ёстой.

Санхүүгийн боловсрол олгох дунд сургуулийн хөтөлбөр болон сурагчдад зориулсан сурах бичиг боловсруулах, сургагч багш нарыг сургах зэрэг тэргүүлэх ач холбогдолтой арга хэмжээнүүд дээр ажиллахад дараах алхмуудыг авч хэрэгжүүлнэ.

Хувийн санхүүгээ удирдаж чаддаг байх нь улс орны санхүүгийн салбарын хөгжил ямар байхаас үл хамааран заавал эзэмшсэн байх ёстой амьдралын чадавхи юм.

Өнөөгийн улам бүр өсөн нэмэгдэж, өөрчлөгдөн хувьсаж байгаа санхүүгийн олон төрлийн бүтээгдэхүүн нь олон боломжууд, ялангуяа санхүүгийн албан ёсны үйлчилгээ авч чаддаггүй байсан олон хүнд ихээхэн боломжийг нээж өгч байна. Үүний зэрэгцээ буруу шийдвэл ихээхэн хор хохиролд хүргэж болох санхүүгийн нэлээд төвөгтэй шийдвэр гаргах шаардлага хэрэглэгчдэд ихээхэн тулгардаг.

Тогтвортой хөгжлийн зорилтуудын нэг зорилго болсон санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй болгосноор хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэхэд  санхүүгийн үйлчилгээг ойлгож, оновчтойг нь сонгож чаддаг болгох явдал хамгийн чухал юм.

Хүн амынхаа санхүүгийн боловсрол, чадавхийг дээшлүүлэхээр Монгол Улсын гаргаж байгаа хичээл зүтгэл нь энэ чиглэлд авч байгаа арга хэмжээний эхний алхам юм.


Api
Api

Welcome