Result Briefs 2017.7.28

Сайхан амьдралын гараа чанартай бага боловсролоос эхэлнэ

World Bank Group


Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам сийрэг суурьшдаг тул хүүхдүүдэд чанартай бага боловсрол олгоход уламжлалт арга хэлбэрээс өөр шийдэл хэрэгтэй байдаг. Иймд Дэлхийн Банкнаас малчдын хэрэгцээ шаардлагад тохирсон хэд хэдэн дэвшилтэт санаачилга бүхий нэгэн төслийг хэрэгжүүлсэн юм. Эдгээр шинэ санаачилгын үр дүнд сургууль завсардалт багасаж, хүүхдүүдийн сурлага ахисны зэрэгцээ эцэг эх, олон нийтийн хүүхдүүдийн боловсрол, хөгжилд илүү анхаардаг болсон юм.

Хүндрэл бэрхшээл  

Монгол Улсад хүүхэд зургаан наснаас эхлэн бага боловсролыг заавал эзэмших ёстой байдаг ба үнэ төлбөргүй байдаг. Гэсэн хэдий ч хүн амын нэлээд хэсэг нь чанартай бага боловсрол эзэмшихэд бэрхшээлтэй тулгардаг байна.   

Нүүдлийн аж ахуй эрхэлдэг малчин өрх нийт 3 сая хүн амын бараг 30 хувийг эзэлдэг. Малчин өрхүүд малын бэлчээр даган жилдээ хэд хэдэн удаа нүүдэллэдэг тул хүүхдүүдээ сургуульд оруулах цаг болоход гэр бүлийн гишүүд хэсэг хугацаанд тусдаа байх эсвэл хүүхдээ сургуульд оруулахыг нь түр хойшлуулах гэсэн хэцүү сонголттой тулдаг.  

Малчны хотноос сургуульд сурахаар ирсэн бага насны хүүхэд сургуулийн дотуур байранд байрлах, эсвэл сумын төвд амьдардаг хамаатан садныхаа гэрт амьдрах шаардлагатай болдог. Гэвч хүүхэд ийм бага насандаа гэр бүлээсээ тусдаа байх нь тэдний нийгэм-сэтгэл зүйн байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулдаг байна. Иймд зарим ээжүүд хүүхдээ даган сумын төвд шилжин ирж суурьшин, аав нар нь хөдөө малаа хариулаад үлддэг бол зарим гэр бүл хүүхдээ сургуульд оруулахыг хойшлуулахад хүрдэг.

Үүнээс гадна хөдөөнөөс ирсэн ихэнх хүүхэд сургуульд ороход хангалттай бэлтгэгдээгүй байдгийн улмаас суралцах явцдаа сургуулийн орчинд дасахгүй байх, сурлагаар хоцрогдох  зэрэг хүндрэл бэрхшээлтэй тулгарах нь элбэг. Дотуур байранд хүүхдүүд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаа ховор зохиогддог. Мөн насан туршийн боловсролын хөтөлбөр 10-аас доош насныханд зориулагдаагүй тул бага ангийн хүүхдүүдийн боловсролын хэрэгцээ бүрэн хангагддаггүй байна. 6-14 насны хүүхдүүдийн сургууль завсардаж байгаа тохиолдлын 80 хувь нь орон нутагт гарч байгаа бөгөөд эдгээрийн дийлэнх нь бага ангийн хүүхдүүд байна.

Аргачлал

Дэлхийн Банк хүүхдийн цаашдын хөгжилд сургуулийн өмнөх боловсрол болон сургууль, дотуур байрын амьдралд дасан зохицох үйл явцыг нэн чухал хэмээн авч үздэг тул алслагдсан хөдөөгийн хүүхдүүдийн боловсролын хэрэгцээг дэмжих зорилгоор нэгэн шинэлэг төслийг боловсруулсан билээ. Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн санхүүжилттэй уг төслийг орон нутгийн малчин иргэд, эцэг эх, багш нар, боловсролын байгууллагуудтай зөвлөлдөн боловсруулсан бөгөөд орон нутгийн боловсролын үйлчилгээг сайжруулах, эцэг эхчүүд, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хэд хэдэн дэвшилтэт хөтөлбөрүүдийг нэвтрүүлсэн юм.

Үр дүн

Сургуульд бэлтгэх

Гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хөтөлбөр нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй эсвэл хамрагдахад хүндрэлтэй байгаа алслагдсан хөдөө орон нутгийн хүүхдүүдийг сургуульд амжилттай бэлтгэхэд тусалдаг. Хүүхдүүд тусгайлан боловсруулсан гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх сургалтын хөтөлбөр болон сэтгэхүй, оюун ухаан хөгжүүлэх ном, тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг гэртээ ашиглан суралцдаг байна. Багшийн үүргийг эцэг эхчүүд голлон гүйцэтгэх бөгөөд хүүхдүүдтэйгээ унших, дуулах, тоглох зэргээр өдөр бүр хамт ажиллана. Эцэг эхчүүдийг орон нутгийн багш нар сурган бэлтгэдэг ба тэд мөн өөрт зориулсан гарын авлага, номтой. 

Хөтөлбөрийн хүрээнд хүүхдийг хөгжүүлэх ном, тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн бүхий номын өргөөг 30 суманд байгуулсан ба эцэг эхчүүд тэндээс ном, тоглоомын багц гэрээр авч хэрэглэдэг. Номын өргөөнд  төрөл бүрийн ном, тоглоом, цахим хэрэглэгдэхүүн, сонсох материал бүхий 30 гаруй ном, тоглоомын багц бий. Эцэг эхчүүд болон хүүхдүүд багц бүрийг 2-3 долоо хоног авч хэрэглээд дараагийн багцыг авдаг.   

Одоогийн байдлаар зорилтот сумдын 3,900 орчим хүүхэд  хөтөлбөрийн дагуу сургуульд бэлтгэгдээд байна. 2013-2016 онд хөтөлбөрөөр хичээллэсэн 2,100 хүүхэд сургуульд амжилттай элсэн суралцсан бөгөөд 1,800 хүүхэд энэ намар сургуульд орох юм.

Бага насны хүүхдийн боловсролын талаарх сүүлийн үеийн судалгаагаар хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн оюун ухаан, танин мэдэхүй болон бусад чадвар сургуулийн өмнөх боловсролын бусад хувилбарт хөтөлбөрүүдэд хамрагдсан хүүхдүүдийнхтэй харьцуулахад илүү байгааг тогтоосон. Энэ нь алслагдсан айл өрхийн хүүхдүүдийг сургуульд бэлтгэхэд гэр бүлийн орчинд суурилсан загварыг ашиглах боломжтойг харуулж байгаа юм.   

Хөөр хөгжөөнтэй хичээлийн бус цаг

Хүүхдүүдийг дотуур байрын орчин нөхцөлд дасах, хичээлийн бус цагийг илүү үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь туслах зорилгоор төсөл хэрэгжсэн 30 сургуулийн дотуур байранд төрөл бүрийн үйл ажиллагаа явуулах хүүхэд хөгжлийн танхимыг байгуулжээ.

Хүүхдүүдийн сургуулийн орчинд өнгөрүүлж буй цагийг үр бүтээлтэй, зугаатай өнгөрүүлэх үүднээс хичээлийн бус цагийн нэмэлт хөтөлбөрт хүүхдүүдийн сурлагыг дэмжих, амралт чөлөөт цагийн, соёлын болон хөгжлийн үйл ажиллагааг хослуулсан 100 гаруй арга дасгал багтсан.

2017 оны 6 сарын байдлаар хөтөлбөрт 6-10 насны 4,400 орчим хүүхэд хамрагдаад байна.  

Бага боловсрол нөхөн олгох хөтөлбөр

Сургуульд огт суралцаагүй буюу сургуулиас завсардсан хөдөө орон нутгийн бага насны хүүхдүүд сургуульд эргэн орж, үеийнхэнтэйгээ зэрэгцэн боловсрол эзэмших боломжтой боллоо.

Сургууль завсардсан эсвэл сургуульд огт суралцаагүй хүүхдүүдийн ихэнх нь хөгжлийн бэрхшээлтэй, гэрээсээ гарах боломжгүй, эсвэл дүйцсэн боловсролын хөтөлбөрт хамрагдахад нас нь балчирддаг байна.  

Эдгээр хүүхдүүдэд зориулж 1, 2, 3-р ангийн Математик, Монгол хэлний боловсролыг нөхөн олгох тус бүр 3 модуль бүхий тусгай хөтөлбөрийг боловсруулжээ.

Хөтөлбөрийн дагуу хүүхдүүд гэртээ эцэг эхийн дэмжлэгтэйгээр, мөн сумынхаа насан туршийн боловсролын багшийн зааварчилгааны дагуу бага боловсрол нөхөн олох боломжтой болов.

Хөтөлбөрт нийт 200 гаруй хүүхэд хамрагдан үр шим хүртсэнээс 10-аас доош насны 80 орчим хүүхэд байна. Тэдний олонх нь сургуульд орж, насандаа дүйцсэн ангидаа суралцаж байна.

Уг хөтөлбөрийг хөдөө орон нутгийн хүүхдүүдээс гадна хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдэд цахим байдлаар хүргэж, эх хэлээ эзэмшихэд нь тусалж байна.  

Олон нийтийн боловсролын зөвлөл

Эцэг эх, багш, орон нутгийн захиргааны ажилчдын сайн дурын оролцоонд тулгуурласан, хүүхдийн боловсрол, хөгжлийн төлөө олон нийтийг зохион байгуулж, удирдан чиглүүлэх зорилготой Олон нийтийн боловсролын зөвлөлийг (ОНБЗ) 30 суманд байгуулсан.  

ОНБЗ нь гэр бүл, хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэхээс гадна эцэг эх, сургууль, орон нутгийн удирдлагын хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад түлхэц үзүүлж байна. ОНБЗ нь өдгөө хөдөө орон нутаг дахь хамгийн идэвхтэй олон нийтийн оролцоот бүлэг болон хөгжив.

Төслөөс олон нийтийн шинэ санаачилга, бүтээлч сэтгэлгээг дэмжих үүднээс зарим оновчтой санаачилгыг санхүүжүүлэн, үр дүнд суурилсан бичил тэтгэлгийг олгосон.

Өнөөдрийн байдлаар бичил тэтгэлэг, сумын төсөв болон бусад санхүүжилттэй нийт 138 олон нийтийн санаачилгыг дэмжих төсөл амжилттай хэрэгжиж, 8,600 орчим хүүхэд тэдгээр төслийн үр шимийг хүртээд байна.


Image
8,500

Боловсролын салбарын үзүүлэлтүүдээрээ хамгийн их хоцрогдолтой байсан 4 аймгийн (Архангай, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай) алслагдсан хөдөө орон нутгийн 5-10 насны нийт 8,500 орчим хүүхэд төслөөс шууд үр шим хүртээд байна.


Түншлэгчид

Японы Хүүхдийг Ивээх Сан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран орон нутагт боловсролын үйлчилгээг сайжруулах, эцэг эх, олон нийтийг дайчлах зорилгоор олон нийтийн оролцоонд суурилсан, монгол соёл, ахуйд нийцсэн төрөл бүрийн шинэлэг санаачилгыг нэвтрүүлэх, турших замаар уг төслийг хэрэгжүүлсэн.

Цаашдын үйл ажиллагаа

Төслийн хүрээнд нэвтрүүлсэн боловсролын шинэлэг санаачилгуудын үр ашиг, үр нөлөөг төр засаг болоод орон нутгийн олон нийт хүлээн зөвшөөрч эхлээд байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас төслийн санаачилгыг улс орон даяар өргөжүүлэн хэрэгжүүлэх талаар судалж байна.

Дорнод дээд сургууль, Архангай аймгийн Багшийн коллеж зэрэг орон нутгийн их, дээд сургуулиуд ирээдүйн багш, салбарын боловсон хүчнийг бэлтгэх сургалтын хөтөлбөртөө хөтөлбөрийн аргазүйг тусгах зорилгоор холбогдох ажлуудыг хийж эхэллээ.  

Орон нутгийн удирдлага, олон нийтийн зүгээс мөн амьдрал дээр шалгарсан эдгээр хөтөлбөрүүдийг өргөжүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж байна. Булган аймгийн Хутаг-Өндөр сумынхан хөтөлбөрийн талаар зэргэлдээх Архангай аймгаас олж мэдээд, хөтөлбөрийн арга зүй, сургалтын багцыг ашиглан өөрийн суман дахь алслагдсан хөдөөгийн 5 настай хүүхдүүдийг сургуульд бэлтгэж эхэлсэн байна. Уг хөтөлбөрийн дагуу сургуульд бэлтгэгдсэн Хутаг-Өндөр сумын эхний ээлжийн хүүхдүүд 2017 оны хавар нэгдүгээр ангиа амжилттай төгсөөд байна.

Дэлхийн Банк Группын оролцоо

Төсөл нь Дэлхийн Банкны итгэлцлийн сангуудын нэг болох Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн 2.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар санхүүжсэн. Дэлхийн Банкны төслийн баг Хүүхдийг Ивээх Сантай төслийн явцад нягт хамтран ажиллаж, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, хэрэгжилтийн явцыг хянаж ажилласан байна. Банкны сүлжээгээр төслийн сайн туршлагыг өргөн цар хүрээгээр түгээсэн. Төслийн багийн санаачилгаар гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хөтөлбөрийн үр шим хүртэгчдийг Монгол дахь сургуулийн өмнөх боловсролын байдлын судалгаанд хамруулсан нь бодлогын дүн шинжилгээ хийх, зөвлөмж боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулав.     

Үр шим хүртэгчид

Боловсролын салбарын үзүүлэлтүүдээрээ хамгийн их хоцрогдолтой байсан 4 аймгийн (Архангай, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай) алслагдсан хөдөө орон нутгийн 5-10 насны нийт 8,500 орчим хүүхэд төслөөс шууд үр шим хүртээд байна. Төсөл нь мөн 16,000 орчим эцэг эх, асран хамгаалагчид, 3,000 орчим багш, сумын захиргааны ажилтнуудад хүрч ажилласан.

 “Эх хүний хувьд би хүүхдийн боловсрол, хөгжлийн талаар их зүйл мэдэж авлаа. Өмнө нь танин мэдэхүйн тоглоомын талаар мэддэггүй байснаас хүүдээ машин, буу зэрэг тоглоом л авч өгдөг байсан. Мөн сургуульд орохоос нь өмнө хүүхдүүдэд дэвтэр бал хэрэгтэй гэж огт бодож байгаагүй учир ерөөсөө худалдаж авч өгч байгаагүй. Одоо би хүүдээ ном уншиж өгч, хамт тоглоод уншсан номыг буцаагаад ярьж өгөхийг хүсдэг. Зөвхөн багш нар л хүүхдэд заах үүрэгтэй гэж боддог байсан бодол маань орвонгоороо өөрчлөгдсөн.” – Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн П.Алтанцэцэг.

Зарим малчин өрх сумын төвөөс 50 гаруй км-ийн зайтай амьдардаг учраас тэдгээр өрхүүд хүүхдээ сургуульд оруулах нь хүндрэлтэй байдаг. Гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хөтөлбөр нь нүүдэлчин аж ахуйтай сайн нийцсэн гэдгээрээ онцлог. Бид хөтөлбөрийг сумдаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.” – Хотонт сумын Засаг дарга Батбаатар.

Хичээлийн гадуурх арга хэмжээнд хамрагдсанаар манай сурагчид тодорхой чадвар, асуудлаас гадна маш өргөн хүрээний мэдлэгтэй болсон. Хүүхдүүдийн танин мэдэх хүсэл, цаг барих дадал, өөрсдийгөө хөгжүүлэх сонирхол болон харилцааны ур чадвар нэлээдгүй нэмэгдэж байгааг бид харж байна.” – Л.Цэдэвсүрэн,  Архангай аймгийн Жаргалант сумын бага сургуулийн багш

“Миний хүү сонсголын бэрхшээлтэйн улмаас цэцэрлэг, сургуульд өмнө нь огт хамрагдаж байгаагүй. Харин бага боловсрол нөхөн олгох хөтөлбөрт хамрагдаж эхэлснээс хойш хүү маань маш их зүйл сурч, хажуугаар нь дохионы хэлний ном үзэж, зургийн авьяас нь илүү хөгжиж ирсэн. 2014 онд сумын сургуульд элсэн суралцсан. Харин 2016 оны 2 дугаар сард хүү бид хоёр сумын Олон нийтийн боловсролын зөвлөлийн даргын хамт сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн явцтай танилцах, багш нараас зөвлөгөө аваад буцах зорилготой Улаанбаатар хотод ирсэн боловч хүү маань тус сургуульд сурах хүсэлтэй байгаагаа надад хэлсэн. Эхлээд эргэлзэж байсан ч хүүгийнхээ шийдвэрийг хүндэтгэн үзэж хүүгээ үлдээгээд явсан даа. Одоо хүүгийнхээ багш нартай долоо хоног бүр утсаар холбогдож сурлага, хичээлийнх нь талаар мэдээлэл авдаг. Хүү маань саяхан Нийслэлийн хүүхдийн гар зургийн олимпиадад амжилттай оролцож, бүтээл нь тусгай байр эзэлсэн.”Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэн Б.Ганзориг.

 “Тоглоом тоглох нь хүүхдийн сурч мэдэх үйл явцад чухал үүрэгтэй. Шинээр байгуулагдсан тоглоом, номын өргөөндөө бид тоглоомоор дамжуулан хүүхдэд боловсрол олгох, тэднийг илүү оролцуулах тал дээр шинэ аргад суралцдаг.” – Монголын Улсын Боловсролын Их Сургуулийн оюутан Б.Нандинцэцэг. 

“Манай охин төрөлхийн харааны гажигтай. Бид өмнө нь харааны гажигтай хүүхдүүдэд зориулсан сургууль байдаг гэж мэддэггүй байсан. Бага боловсрол нөхөн олгох хөтөлбөрийн ачаар манай охин үсэг сурч, 100 хүртэл тоолж чаддаг болсон. Одоо охин маань үргэлжлүүлэн суралцаж, бүрэн дунд сургуулиа дүүргэх хүсэлтэй. Цаашид түүний амьдралд олон эерэг өөрчлөлт гарна гэж бодож байна“ Б.Дорждэрэм, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Баян багийн малчин.


 © Save the Children