САНАЛ БОДОЛ

Монгол улс ба Дэлхийн Банк: Хөгжлийн төлөөх 25 жил

2016.2.16

James Anderson


Image

1991 оны 2 дугаар сарын 14-нд Сангийн сайд  агсан А. Базархүү тэргүүтэй төлөөлөгчид Вашингтон хот дахь Дэлхийн Банкны төв байранд Дэлхийн Банк, Олон улсын санхүүгийн корпорац, Олон улсын хөгжлийн ассоциацид Монгол улс /БНМАУ/ гишүүнээр элсэх гэрээнд гарын үсэг зурж буй зураг (Photo courtesy of The World Bank Group Archives)


Цаашдын зам мөрөө тодорхойлохын тулд өнгөрсөнөө  эргэцүүлэн харах нь зүйтэй байдаг.

25 жилийн тэртээ Дэлхийн дэглэм өөрчлөгдөн төвлөрсөн төлөвлөгөөнөөс чөлөөт зах зээл рүү шилжиж байсан тэр үед Монгол улс Дэлхийн Банкинд нэгдэн орсон билээ. Түүнээс хойш арван жилийн дотор Монгол улс  Дэлхийн Банкны группийг бүрдүүлдэг бүх таван байгууллагын гишүүн болсон байдаг.

Улс төр, эдийн засгийн хуучин тогтолцоо нуран унаж, даяарчлалын эрин дөнгөж эхлэх үед Монгол улс дэлхийн санхүүгийн байгууллагуудад элсэх шийдвэрийг гаргасан.

Тэр үед ЗХУ-ын тусламж зогссон, худалдааны хуучин тогтолцоо үгүй болсон нь Монгол улсын хувьд эдийн засгийн болоод нийгмийн томоохон хүндрэлийг авчирсан. Дэлхийн Банкинд элсэн орсон нь түншийн хүрээгээ тэлэх, дэлхийн бусад улс орнуудтай  интеграцчлагдах эхлэлийг тавьсан билээ.

Монгол улс Дэлхийн Банкны 155 дахь гишүүн улс болсон бөгөөд хуучин ЗХУ, Төв болон Зүүн Европын социалист орнуудтай нэгэн цаг үед элссэн юм. Польш болон тэр үеийн Чехословак улс жилийн өмнө элссэн байсан бөгөөд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 15 улс Монгол улсын араас Дэлхийн Банкинд элсэн орсон байдаг. Дэлхийн Банк эдүгээ 188 гишүүн улстай.

Өнгөрсөн 25 жилийн онцлох үйл явдлуудыг тодорхойлоход төвөгтэй биш. Нийт санхүүгийн урсгал (800 гаруй сая ам.доллар), дэмжлэг үзүүлсэн салбарууд, дүн шинжилгээ хийсэн нийгэм-эдийн засгийн асуудлууд, үзүүлсэн техникийн туслалцаануудыг бид амархан дурдаж болно.

Гэвч эдгээр нь өнгөрсөн хорь гаруй жилийн хамтын ажиллагаа, түншлэлийн түүхийг бүрэн өгүүлж эс чадна. Хамтын ажиллагаа ямар амжилт, үр дүнд хүргэв? Монгол улс ба Дэлхийн Банкны харилцаа энэ 25 жилийн хугацаанд  хэрхэн яаж хөгжиж ирэв? Ирээдүйд юу хүлээж байна вэ?

Эдгээр асуултын хариуг зөвхөн нэг нийтлэл, баярын мэндчилгээгээр эрэлхийлэх боломжгүй. Одоо хаана байгаагаа мэдэхээс гадна  хэрхэн яаж энд ирснээ ойлгох нь чухал. Энэ л өнцгөөс бид Монгол улс - Дэлхийн Банкны өнгөрсөн 25 жилийн  хамтын түүхээ 25 өдрийн турш эргэн харж  тэмдэглэхийг хүссэн юм.

Ирэх долоо хоногоос эхлэн бид хамтын ажиллагааны түүхээ жил жилээр нь эргэн харна. 1991 оны хоёрдугаар сард гэрээнд гарын үсэг зурсанаас эхлээд хамгийн сүүлд буюу 2016 оны хоёрдугаар сард Усны менежментийн үйл ажиллагааны дүрэм боловсруулах хүртэл, мөн эдийн засгийг нөхөн сэргээх эхний зээлээс авахуулаад нийгмийн хариуцлагыг хангах чиглэлд үзүүлсэн сүүлийн тусламж хүртэл, 1991 оны “Монгол-зах зээлийн эдийн засаг руу” нэртэй анхны тайлангаас эхлээд 2015 оны арван нэгдүгээр сарын  “Монголын эдийн засгийн төлөв байдал” нэртэй сүүлийн тайлан хүртэлх бүх түүх энд багтана.

Хамтын ажиллагааны эхэн үед Дэлхийн Банкны дэмжлэгийн зонхилох хэсэг нь Монгол улс шилжилтийн үеэ даван туулах, уурхай болон цахилгаан станцын тогтвортой ажиллагааг хангах, нүүрсийг графикийн дагуу нийлүүлэх, хувийн хэвшил болон санхүү,  хууль эрх зүйн шинэ тогтолцоог хөгжүүлэх, үндэс суурийг нь тавих зэрэгт дэмжлэг үзүүлэхэд чиглэж байлаа.  Дараагийн жилүүдэд ядуурал,  хүний хөгжлийн асуудлуудад илүүтэй анхаарч, мөн хөдөөгийн амьжиргааг сайжруулахад дэмжлэг үзүүллээ. Сум, багийн  түвшинд иргэд төсвийн хуваарилалт, зарцуулалтыг хянаж үгээ хэлдэг боллоо. Эхний төслүүдийн нэг нь Монголын хөдөөгийн дэд бүтцийг сайжруулахад чиглэж байсан бол дараагийн төслүүдийн нэг нь Монголын интернетийн дэд бүтцийг сайжруулахад чиглэгдэж байна.

Монгол улс болон Дэлхийн Банк хэрхэн нэг нэгнээ дэмжиж, бэхжүүлж, харилцан хамааралтай ажиллаж ирсэнийг илүү ойлгохын тулд би Монголд ажиллаж байсан нөхдүүддээ захидал илгээж, тэдний дурсамж, бодол санааг хуваалцахыг хүссэн юм. Тэдний бичсэн хариу захидлууд Монгол улсад Дэлхийн Банк юу авчирсан болон эргээд Дэлхийн Банкинд Монгол улс юу авчирсан тухай өгүүлж байлаа, тухайлбал төсвийн санхүүгийн менежментийн талаар авсан сургамж, сайн туршлага мөн дэлхийд анхдагч малын индексжүүлсэн даатгалын тогтолцоо, нарны эрчим хүчний технологийг өрхийн түвшинд өргөнөөр нэвтрүүлэх боломж, түүний ашиг тус, тогтвортой үргэлжлэх байдал зэргийн талаарх түүх эдгээрт багтана.

Ирэх 25 жилд Монголын эдийн засаг, нийгэм хэрхэн хөгжих вэ? Энэ асуулт өөр бусад олон асуултыг дагуулна. 1991 онд Монгол улс 25 жилийн дараа уул уурхайгаас хамааралтай улс байх болно гэдгийг хэн нэгэн урьдчилан хэлж байсан болов уу? Гэтэл зарим урьдчилсан таамаг 25 жилийн өмнө тодорхой байсан шигээ өнөөдөр ч  тодорхой хэвээр байна. Улам бүр боловсролтой болсоор байгаа Монгол улсын хүн ард улсаа цаашид улам илүү хөгжүүлэх болно гэдгийг бид мэднэ.

Уул уурхайн засаглал, боловсрол,  байгаль орчны хамгаалал,  хямралын хариу үйлдэл, малчдын нийгмийн хамгаалал, , мэдээллийн технологийн хөгжил зэрэг аль ч салбар чиглэлд Монгол улсын өөрийн сонгосон хөгжлийн замд  хамтран ажиллах нь  Дэлхийн Банкны хувьд нэр төрийн хэрэг байж ирсэнийг дурьдахад таатай байна.

*****

(Бидний 25 жилийн түүхийн 25 өдрийн аяллын мэдээллийг http://www.worldbank.org/mongolia болон твиттерийн @WorldBankMGL хаягаар #WBG_Mongolia25th хаштаг ашиглан авна уу)

Монгол дахь Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч Жэймс Андерсоны нийтлэл




Welcome