ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Надад хэлэх үг байна

2006.9.18



Ижилхэн цамцаар жигдэрсэн  200 хүүхэд  өөрсдийн бодол санаагаа харилцан ярилцах, дуу хоолойгоо бусдад хүргэхээр 9 дүгээр сарын 14-ний өглөө Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвийг зорилоо.  Эдгээр хүүхдүүд нь гудамжинд амьдардаг, мөн хогийн цэг, зах дээр ажиллах, биеэ үнэлэх зэрэг эрсдэлд орж болзошгүй хүүхдүүдийн төлөөлөл юм. 

“Нийгмийн эмзэг бүлгүүдийн нэг болох эрсдэлд байгаа мөн түүнд өртөж болзошгүй хүүхдүүдийг өөрсдийн  хүсэл тэмүүлэл, бэрхшээлийн талаар өөр хоорондоо харилцан ярилцах боломжоор хангах, тэдний дуу хоолойг бусдад хүргэх нь ихээхэн ач холбогдолтой. Ийм ч учраас Дэлхийн Банк эдгээр хүүхдүүдэд зориулан “Нээлттэй Талбар” хэлэлцүүлгийг Монгол оронд болон Зүүн Ази болон Номхон Далайн бусад орнуудад санаачлан, зохион явуулж байна.” гэж Дэлхийн Банкны суурин төлөөлөгч Аршад Сайед тэмдэглэн хэлэв. 

Хэлэлцүүлэг санаачлагч, зохион байгуулагч, дэмжигч  хамтран ажиллагч болох Дэлхийн Банк, Хүүхдийн төлөө Үндэсний Газар /ХТҮГ/, НҮБ-ын Хүүхдийн сан /НҮБХС/, Дэлхийн Зөн,   Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага болон төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд  оролцогч хүүхдүүдийн нэгэн адил   ижил өнгийн цамц өмссөн нь бүгд тэгш байх, оролцооны ямар нэг ялгаа байхгүй гэсэн Нээлттэй талбарын үндсэн зарчмын илрэл юм. 

Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр хэн нэгэн дарга, насан хүрэгчид ярих биш харин тэд сонсох үүрэг хүлээнэ. Хүүхдүүд өөрсдөө ярих сэдвээ сонгох бөгөөд тэдгээр асуудлын мөн чанар, шийдлийн талаар тэд өөрсдөө л ярина. Өөрөөр хэлбэл 9 сарын 14-15-нд хоёр өдөр үргэлжлэх энэхүү хэлэлцүүлгийн эзэд, удирдагч, яригч нь хүүхдүүд байх юм.

  ХТҮГ-ын дарга M. Тогтохням: “Гудамжны болон аливаа бусад эрсдэлд байгаа хүүхдүүдийн асуудал, тэдэнтэй харилцах арга зүйн хувьд Дэлхийн Банкны энэхүү санаачлага нь цаг үеэ олсон өндөр ач холбогдолтой. Бид энэ үйл ажиллагаанд дотоодын мэргэжлийн гол түнш байгууллагаар хамтран ажиллаж байгаа” гэв.

ХТҮГ энэхүү санаачлагыг Монголд амжилттай хэрэгжүүлэх, улмаар эмзэг бүлгийн хүүхдүүдийн дуу хоолойг бодлогын болон шийдвэр гаргах түвшинд хүргэх, бусад гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран цаашид тодорхой арга хэмжээ авахад гол үүрэг гүйцэтгэнэ.

Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд  зохиогдох хоёр өдрийн “Надад Хэлэх Үг Байна” нээлттэй талбар хэлэлцүүлгийг Дэлхийн Банкны мэрэгжилтэн Сиез Флиппис хөтлөн явуулна. Тэрээр сүүлийн 2 сарын хугацаанд Азийн зургаан оронд эмзэг хүүхдүүдийн томоохон нээлттэй талбар хэлэлцүүлгийг удирдсан  бөгөөд энэ удаа Монгол Улсад  хүрэлцэн ирээд  байна. 

Флиппист туслах, мөн түүний ур чадвар, туршлагаас суралцахаар 20 гаруй Монгол залуус, нийгмийн ажилтан нар түүнтэй хамтран ажиллаж байна. Эдгээр залуус нь дотоод, гадаадын хүүхдийн төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны хүрээнд эмзэг бүлгийн хүүхдүүдтэй ажиллах арга зүйд суралцан мэргэжиж байгаа юм.  

“Нээлттэй Талбар” санаачлага нь Зүүн Ази, Номхон Далайн бүсийн хүрээнд  3 шаттайгаар зохион байгуулагдана. Энэхүү эхний шатны хэлэлцүүлгийн дараа Монголын хүүхдүүдийн төлөөлөгчид бүсийнхээ 10 гаруй орнуудын хүүхдүүдтэй видео уулзалтанд оролцох юм байна. Уулзалт нь Дэлхийн Банкны дэргэдэх Хөгжлийн Сургалтын Төвийн зайны сургалтын техник, технолгийн тусламжтайгаар явагдана. Тус төв нь дэлхийн 10 гаруй оронтой нэг зэрэг холбогдож, дуу, дүрсийн хувьд дээд зэргийн уулзалт явуулах боломжтой. 

Хэлэлцүүлгийн 3 дахь шатанд бүсийн болон оролцогч орон бүрийн хүрээнд хүүхдийн дуу хоолой, тэдний бэрхшээл, асуудлуудыг шийдэх талаар тодорхой үйл ажиллагаа, хөтөлбөр болгохыг харилцан ярилцах юм байна. Тус ярилцлагад Засгийн Газар, холбогдох яамдууд, хүүхдийн төлөө гадаад, дотоодын байгууллагууд оролцоно. 

“Бид энэхүү санаачлагыг Монголд хэрэгжүүлэхэд хүүхдийн төлөө гадаад, дотоодын 15 гаруй байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Эдгээр түншүүд 3 шатны хэлэлцүүлгийг зохион байгуулахад оролцохоос гадна хамгийн гол нь хүүхдийн дуу хоолойг сонсож, тэднийг дэмжих, тэдэнд тулгарч буй бэрхшээл, хүндрэлийг багасгахын тулд тодорхой  үйл ажиллагаа явуулна.” гэж Дэлхийн Банкны хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Ж.Сүнжидмаа тайлбарлав. 

ОУХ-ийн Найрамдал төв зуны амралтын дараа түр нам жим байснаа эдгээр 200  хүүхдийг халуун дотноор хүлээн авч хотхоноо танилцуулан өглөөний цайнд урисан. Хүүхдүүд баяр хөөртэй  хоорондоо танилцан халуун дотноор  “Надад Хэлэх Үг Байна” гэсээр  хэлэлцүүлэгтээ орлоо.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2006/09/18

Api
Api

Welcome