ӨГҮҮЛЭЛ

Монгол Улсын Эдийн Засгийн Улирлын Тойм: 2011 оны 4-р сар

2011.5.05


Хөгжлийн чиг хандлага болон төсвийн удирдлагын үүднээс авч үзвэл МУ-н дунд хугацааны хэтийн төлөв сайн байхаар байна. Гол нь энэ хугацаанд өнгөрсөн жил баталсан Төсвийн Тогтвортой Байдлын Тухай хуулийг хэрэгжүүлж энэ хуулийн хэрэгжилтийг дэмжих нэгдсэн төсвийн тухай шинэ хуулийг батлах явдал юм. Ингэснээр төсөв эдийн засгийн мөчлөгөөс хамааралгүй болж, ашигт малтмалын баялаг ихтэй улс орнуудад ихэнхдээ тохиолддог макро эдийн засгийн “Голланд өвчнөөс” зайлсхийлэх болно. Гэхдээ энэ хуулийн үндсэн зарчим (ДНБ-ийн 2 хувьтай тэнцэх төсвийн тэнцэл) нь 2013 он хүртэл хүчин төгөлдөр болохгүй ба энэ хугацааг хүртэл дотоод болон гадаад эх үүсвэрээс үүдэлтэй томоохон эрсдлүүд байсаар байна.

Эдийн засаг 2009 онд (өмнөх оны мөн үетэй харьцуулахад (ӨОМҮ)) 1.3 хувиар буурсаны дараа 2010 онд (ӨОМҮ) 6.1 хувиар өссөн. 2010 оны сүүлийн улиралд тээвэр, барилга, бөөний болон жижиглэнгийн худалдаагаар дэмжигдэн олон салбарт эдийн засгийн сэргэлт гарлаа. Гэвч нийгмийн хамгийн эмзэг бүлгийнхний ажил эрхлэлтийн хувьд хөдөө аж ахуйн салбар (2010 онд  17 хувиар буурч) 2010 оны бүх улиралд агшилттай байв. Засгийн газраас санхүүжүүлж бүрдүүлсэн нөөцийн махыг худалдаанд гаргаснаар махны үнэ буурсан нь хэрэглээний үнийн өсөх хандлагыг зогсоосон. 3-р сарын мэдээгээр УБ хотын инфляци  7,4 хувьд хүрч өмнөх сараас (11 хувь, ӨОМҮ) буурсан дүнтэй гарчээ. Гэсэн хэдий ч МУ-д гол нэрийн хүнсний бараа нийлүүлэгч Хятад, ОХУ зэрэг улсуудад хүнсний үнэ өссөөр байна.

Төсвийн хамгийн сүүлийн үеийн мэдээгээр төсвийн гүйцэтгэл сайжирсан хэвээр байна. 12 сарын гулсмал нийлбэрээр тооцсон төсвийн тэнцэл өнгөрсөн оны 3 сард ДНБ-ий 5 хувьтай тэнцүү алдагдалтай байсан бол 2011 оны 3 сард ДНБ-ий 2.4 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай гарлаа. Энэ нь нийт эдийн засгийн хүрээнд болон импорт, ашигт малтмалын үнэд ч сэргэлт гарч байгааг харуулж байна. Төсвийн бодит орлого мэдэгдэхүйц сайжирч 3-р сард өмнөх онтой харьцуулахад 56 хувиар өслөө. Гэсэн хэдий ч 2011 оны МУ-ын төсвийн зардлыг ихээхэн нэмэгдүүлж 779 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52 хувиас илүү гарах хэмжээнд хүргэсэн бөгөөд үүнээс үүссэн төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд Таван Толгойн (TT) гэрээнээс (Хүснэгт 2-т тайлбарласан) орж ирэх тодорхой бус орлогоос шалтгаалан хүндрэл учрахаар байна. Хэрэв энэ гэрээгээр төсвийн алдагдлыг санхүүжүүлж чадахгүй тохиолдолд ялангуяа гадаад бонд гаргах орчин таагүй байгаа нөхцөлд алдагдлын санхүүжилтийг бүхэлд нь дотоод зах зээлээс гаргах хэрэгтэй болно. Ингэснээр эдийн засгийн энэхүү өсөлтийн үед зээл шаардлагатай хувийн салбарынхныг шахан гаргахад хүргэнэ. 

Худалдааны алдагдал үргэлжлэн тэлсээр 646 сая ам.долларт хүрсэн нь импорт (ӨОМҮ) 86 хувиар өссөнтэй холбоотой. Экспортын хэмжээ (ӨОМҮ) металлын үнийн өсөлт, Монгол улсын экспортын 90 хувийг шингээдэг Хятад улс их хэмжээний нүүрс, зэс импортолсон үетэй давхцан 71 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Худалдааны алдагдал өссөнөөр урсгал дансны алдагдал 2011 оны 1-р улиралд цаашид үргэлжлэн тэлэхээр байна. Төв банкны валютын нөөц бүрдүүлэлт тогтворжиж ам.доллартай харьцах 4-р сарын  дундаж ханш өмнөх сартай харьцуулахад (ӨОМҮ-тэй харьцуулахад 13 хувь) 1 хувиар чангарч 5-р сарын эхээр 6 хувиар сулрав.

Банкны салбарын хувьд, 2009 оны турш байнга өсч байсан ЧЗБ (чанаргүй зээлийн багц) буурах хандлагатай болсон ч жижиг болон дунд хэмжээний банкуудын хувьд төлбөрийн чадвартай холбоотой асуудлууд байсаар байна.  Хугацаа хэтэрсэн зээл 12-р сард 90 тэрбум төгрөг байснаа 3-р сард 81 тэрбум төгрөг болж буурсан хэдий ч ЧЗБ болон хугацаа хэтэрсэн зээл хамтдаа нэлээд өндөр хэмжээтэй (нийт зээлийн 13 хувь) байсаар байна. ЧЗБ-ын бодит хуримтлал 2-р сарынхаас 3.2 хувиар өсчээ. Нийт ЧЗБ дампуурсан хоёр банкыг оролцуулалгүйгээр 2-р сард 189 тэрбум төгрөг байснаа 3-р сард 8 хувиар өсч 204 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ хооронд нийт зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээ 2009 оны 12-р сараас хойш өссөөр байгаа ба (ӨОМҮ) 2011 оны 3-р сард 35 хувиар буюу бодит утгаараа 29 хувиар өссөн. Зээл хурдацтай өсч байгаа хэдий ч (2008 оны хямралын өмнөх үеийн адил) Монголын банкуудын хувьд (зохистой хөрөнгийн шалгуурыг хангах) эрх зүйн зохицуулалт болон хяналт шалгалтын асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай хэвээр байсаар байна. Ханшын таатай байдал болон хадгаламжийн иж бүрэн баталгаагаар дэмжигдсэн төгрөгийн хадгаламж 3-р сард 2.3 триллионоос давж шинэ дээд рекорд тогтоов. Банкны салбарын хэмжээн дэх нийт 6.3 триллион төгрөгийн пассивын 4.5 орчим триллион төгрөг нь хадгаламж болон харилцах данс байдаг ба үүнд төрөөс иж бүрэн баталгаа гаргаж өгсөн. Үр ашигтай, хөрөнгө болон эрх зүйн зохицуулалт сайтай банкны салбарыг бий болгох шинэчлэлтүүдийг цаашид үргэлжлүүлэн хийх хэрэгцээ, шаардлага байна. 

Албан бус хөдөлмөрийн зах зээлд 2011 оны 3-р сард явуулсан хамгийн сүүлийн судалгаагаар жирийн ажилчдын нийт тоог өнгөрсөн 12-р сарынхтай харьцуулахад өөрчлөлт гараагүй байна. Гэхдээ бусад зах зээл дээрхи албан бус ажилчдын тоо буурсан байхад барилгын салбарын ажил нэмэгдсэнтэй холбоотой барилгын материалын салбарын албан бус ажилчдын тоо өссөн. Албан бус зах зээлийн ажилчдын бодит цалин 12-р сараас 2011 оны 3-р сар хүртэл дундажаар 18 орчим хувь өссөн байна. Бодит цалингын өмнөх бууралт нь өвлийн сарууд болон инфляцийн өсөлтийн үед ажил эрхлэх боломж буурсантай холбоотой. Энэ нөхцөл байдал цаг агаар дулаарч,  инфляци тогтворжсоноор сайжирч байна. Энэхүү судалгаанд хамрагдагсдын 40 орчим хувийнх нь олж байгаа орлого тэдний наад захын хэрэгцээг хангахгүй байна. Харин үлдсэн хэсэг болох нийгмийн эмзэг бүлгийнхний хувьд хөдөлмөрийн зах зээлд найдсанаархоол хүнс, орон байрны зардлаа залгуулах төдийгөөр хязгаарлагдаж байна.

Монголын өнөөгийн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг хямралын өмнөх үе буюу 2008 онд зонхилж байсан хандлагуудтай харьцуулахад төстэй шинж тэмдэгүүд харагдаж байна. 2011 оны төсөв хэт тэлсэний улмаас эдгээр адил төстэй шинжүүд багагүй анхаарал татаж байна. 1-рт, төсвийн төлөвлөгөөнд их хэмжээний бэлэн мөнгө тараах, цалин ба үнийн хэлбэрээр 2011 оны 2-р хагаст үнийн өсөлтөд хоёр дахь томоохон эрсдэлийг авчирч болзошгүй. 2-рт, инфляци түр зуур буурч, бодит хүүгийн хэмжээ одоогоор эерэг байгаа хэдий ч хямралын өмнөх үеийн сөрөг хэмжээнд эргэн орж болзошгүй. Тиймээс үнийн өсөлтийн дарамтанд шууд нөлөөлөх эдгээр бодит хүүгийн хэмжээг анхааралтай ажиглах хэрэгтэй. Эцэст нь дээр хэлсэнчлэн, гадаад худалдааны алдагдал уул уурхайн салбартай уялдан тэлж урсгал дансны алдагдал нэмэгдсээр байна (хямралын өмнөх үетэй адил).  Иймд 2008 оноос өмнөх үед зонхилж байсан мөчлөг дагасан байдал руу буцаж очих эрсдэл байна. Түүнчлэн инфляци өндөр байх нь бодит ханшыг өсгөж  экспортын салбарт сөрөг нөлөө үзүүлж, Голланд өвчний жишээг бий болгож болзошгүй юм. 

МУ цаашид хөгжих их ирээдүй байна. Үүнийн тулд төсвийн болон макро эдийн засгийн оновчтой бодлогуудыг хэрэгжүүлж, ашигт малтмалаар баялаг бусад орнуудын гаргасан алдаануудыг тойрч гаран өөрийн чадавхыг бүрэн ашиглах боломж одоо бүрдээд байна. Төсвийн үйл явцыг шинэчлэх Нэгдсэн Төсвийн тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх ба энэ нь төсвийн оновчтой бодлого болон механизмуудыг дагаж мөрдөх бас нэг чухал алхам болох юм.

 


Api
Api

Welcome