ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2018.7.06

Дэлхийн Банк: Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөв эерэг хэвээр байгаа ч улсын хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулахад анхаарах шаардлагатай байна

2018 оны 7 дугаар сарын  6-ны өдөр, Улаанбаатар хот – Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувьд байсан бол 2017 онд 5.1 хувь, 2018 оны эхний улирлын байдлаар 6.1 хувьд тус тус хүрч огцом сэргэлээ. Богино болон  дунд хугацааны эдийн засгийн төлөв эерэг хэвээр байгаа ч суурь бүтцийн эмзэг байдлаа арилгах тал дээр анхаарах шаардлагатай байгааг Дэлхийн Банкнаас гаргасан эдийн засгийн энэ удаагийн тайлан онцолжээ. Энэхүү тайланд өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүд хэт өөдрөг, бодит байдалд төдийлөн уялддаггүй байснаас гарсан сөрөг үр дагавруудыг харгалзан цаашид хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах тал дээр онцгой ач холбогдлыг өгөхийг зөвлөжээ.  

“Түүхий эдийн үнэ өндөр хэвээр байгаа, Засгийн газраас эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн үр дүнд өнгөрсөн жил Монгол улсын хувьд харьцангуй сайн жил байлаа” хэмээн Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч бөгөөд тайланг бэлтгэсэн багийн ахлагч доктор Жон-Паскаль Нгану цохон тэмдэглэв. “Энэ тааламжтай нөхцөл байдлын улмаас төсвийн болон гадаад сектор сайжирч, улмаар Засгийн газрын өр бага зэрэг буураад байна” гэж мөн тэрээр онцоллоо.

Уул уурхайн салбарт үргэлжлэн их хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт орохоор хүлээгдэж байгаагаас эдийн засгийн өсөлт цаашид нэмэгдэж, 2019 болон 2020 онуудад дундаж өсөлт 6 хувийг давахаар байна. Өнгөрсөн өвөл хүндхэн болсноос үүдэн хөдөө аж ахуйн салбар алгуур өсөхөөр байхаар байгаа ч бусад салбар, тухайлбал, боловсруулах, худалдаа, тээврийн салбарт үйлдвэрлэл нэлээд тэлэхээр байна. Экспорт цаашид үргэлжлэн нэмэгдэж мөн түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байгаагаас эдийн засгийн өсөлт нь төсвийн орлогын гүйцэтгэлийг цаашид ч нэмэгдүүлж, эцэстээ төсвийн алдагдал буурах нөхцөлийг бүрдүүлэхээр байна.    

Ажилгүйдлийн түвшин 2016 онд 8.6 хувь байсан бол 2017 оны эцсийн улиралд буурч 7.3 хувьд хүрсэн. Гэвч энэ оны эхний улиралд эргэн өсч 9.7 хувьд болсон нь Монгол улсын хөдөлмөрийн эрхлэлт улирлын чанартай бөгөөд ялангуяа, барилга, хөдөө аж ахуй болон уул уурхайн салбарын хөдөлмөр эрхлэлт өвлийн улиралд буурдагтай холбоотой юм.

Мөн тус тайланд эдийн засгийн цаашдын өсөлтөд нөлөөлж болзошгүй улс төр, бүс нутгийн тогтворгүй байдал, цаг уурын гэнэтийн өөрчлөлт, байгалийн гамшиг зэрэг эрсдэл байгааг дурьджээ. Гэвч Засгийн газраас эдийн засагт тохиргоо хийх хөтөлбөрөө тууштай хэрэгжүүлэхгүй эсвэл сулруулах явдал нь хамгийн өндөр эрсдэл юм гэжээ.

Үүнээс гадна эдийн засаг, түүхий эдийн зах зээлээс ихээхэн хамааралтай хэвээр байгаа, бүтээмжийн өсөлт сул байгаа нь эмзэг байдал хадгалагдах нөхцөл болсоор байна гэжээ. Дээрх хоёр эмзэг байдлыг урт хугацаанд бууруулах хамгийн сайн арга бол эдийн засгаа төрөлжүүлэх явдал юм.

Эдийн засгийн эмзэг байдлыг бууруулж, дархлааг сайжруулахад Засгийн газар, хөгжлийн түншүүд уул уурхайн салбарын мөчлөгийн сөрөг нөлөөг бууруулах эдийн засгийн төрөлжилтийн бодлогод тэргүүлэх ач холбогдол өгөх ёстой. Хүндээ хөрөнгө оруулах, институцыг бэхжүүлэх болон нэн чухал дэд бүтцэд найдвартай хөрөнгө оруулах нь эдийн засгийг төрөлжүүлэх хамгийн оновчтой зам юм” хэмээн Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон тэмдэглэв.

Энэхүү тайланд 2015 он хүртэл эрчимтэй нэмэгдэж, төсвийн алдагдал, улсын төсвийн өр ихээхэн нэмэгдэхэд нөлөөлсөн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн сүүлийн 5 жилийн хэрэгжилтийн талаар нарийвчлан авч үзсэн. Улсын хөрөнгө оруулалтын бодлого, шийдвэр гаргах процессыг зайлшгүй өөрчлөн сайжруулах шаардлагатай бөгөөд тухайлбал, төслийг сонгох, эрэмбэлэх тодорхой шалгуур үзүүлэлттэй байх, хөрөнгийн зохистой ашиглалт, их засвар, арчилгаанд анхаарал тавих хэрэгтэйг байгааг тэмдэглэжээ.


Холбоо барих

Улаанбаатарт
Б. Индра
+976 7007 8207
ibaatarkhuu@worldbank.org
АНУ, Вашингтонд
Maрсела Санчез-Бендер
+1-202-473-5863
msanchezbender@worldbank.org
Api
Api