ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2017.10.03

Хотын дэд бүтэц, ажлын байр, үйлчилгээг сайжруулах нь Зүүн Ази, Номхон далайн орнуудын өсөлтийг нэмэгдүүлнэ: Дэлхийн Банкны тайлан

Дэлхийн хамгийн хурдацтай хотжиж буй энэ бүс нутагm илүү их боломжийг бий болгож, тэгш бус байдлыг бууруулах нь чухал байна.  

Сингапур, 2017 оны 10-р сарын 3: Дэлхийн хамгийн хурдацтай хотжилтын бүс болох Зүүн Ази, Номхон далайн бүсийн хотуудад дэд бүтэц, ажлын байр, үйлчилгээний салбарын хөгжил нь хот суурин газрын хөгжлийн хурдтай энэ зэрэгцэж чадахгүй байгаа нь тэгш бус байдлыг улам нэмэгдүүлж, улс орны эдийн засгийн өсөлтийг сааруулж, нийгмийн хуваагдал руу хөтөлж болзошгүй гэж Дэлхийн Банкнаас гаргасан “Хот суурин газрын ядууст чиглэсэн боломжийг өргөжүүлэх" шинэ тайланд дурджээ.

Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг дахь хотжилтын хурд жилд дунджаар 3 хувь байгаа нь сүүлийн 20 жилийн хугацаанд 655 сая хүнийг ядуурлаас гарахад тусалсныг тус тайланд тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч энэ бүс нутагт нийт 250 сая хүн нийгмийн суурь үйлчилгээнд хамрагдах боломж хязгаарлагдмал, үер ус зэрэг аюулд өртөх эрсдэлтэй, муу чанартай сууцанд амьдарч байгаа ба Зүүн Ази, Номхон далайн бүс нь дэлхийн хамгийн олон тооны ядуусын хороололд оршин суугчидтай бүс болж байна.   

Хот суурин газрын ядуучуудад чиглэсэн боломжийг нэмэгдүүлэхгүй бол улс орны өсөлтийн чадавхид нөлөөлдөг. Япон, Солонгос зэрэг өндөр орлоготой орнуудад хотжилтын бодлого бүх нийтэд хүртээмжтэй байсан нь эдийн засгийн өндөр өсөлтийг хангах боломжийг бий болгосон байдаг. 1970, 1980-аад оны турш Сингапурын эдийн засаг жил бүр дунджаар 8 хувиар өссөн нь дэд бүтэц, хямд төсөр орон сууц, нийгмийн үйлчилгээг нийтэд үр дүнтэй хүргэх хот төлөвлөлтийн стратеги хэрэгжүүлсний үр дүн юм.

"Зүүн Азийн хотууд бүс нутгийн гайхалтай өсөлтийг бий болгоход нөлөөлсөн. Бидэнд тулгарч буй хамтын сорилт бол хот суурин газрын бүх хүмүүст чиглэсэн боломжийг нэмэгдүүлэх явдал бөгөөд – хотын захын дүүрэгт амьдарч буй шинээр шилжин суурьшигчдаас эхлээд түрээсийн төлбөрөө төлөх гэж зүдэрч буй үйлдвэрийн ажилчдад хүртэл боломж олгох шаардлагатай байна. Ингэснээр тэд хотжилтын үр өгөөжийг илүү их хүртэж улмаар өсөлтийг хангахад хувь нэмэр оруулах боломжтой болно" гэж Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан Дэд ерөнхийлөгч Виктория Кваква хэллээ.

Өнөөдрийн байдлаар тус бүс нутагт 75 сая хүн өдөрт 3.10 ам.доллараас бага орлоготой амьдарч байна. Бүс нутгийн хот суурин газрын ядуучуудын дийлэнх нь Хятад, Индонез, Филиппин гэсэн гурван улсад амьдарч байна. 2018 он гэхэд бүс нутгийн хүн амын тэн хагас нь буюу дэлхийн нийт хүн амын гуравны нэг болох нийт 1,2 тэрбум хүн хот суурин газарт амьдрах болно.

Хот суурин газрын ядууст тулгамдаж буй бэрхшээлүүдээс дурдвал ажлын байр, нийтийн тээвэр, бусад дэд бүтэц, хямд төсөр орон сууцны хүртээмж хязгаарлагдмал явдал байдаг. Монгол улсын Улаанбаатар хотод нийтийн тээврийн сүлжээний чиглэлүүд үр ашиг муутай байдгаас бага орлоготой иргэд сар бүрийн нийт зарлагынхаа 36% хүртэлх хувийг нийтийн тээврийн тасалбарт зарцуулж байна. Индонез улсын хот суурин газрын хүн амын 27 хувь, Филиппин улсад 21 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламж ашигладаггүй байна. Ядуусын хорооллын оршин суугчид гол төлөв үер усанд өртөмтгий, нам дор газарт амьдардаг учраас гамшигт нэрвэгдэх эрсдэл өндөр байдаг.

Тус тайлан ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хангахын тулд, орон зай, нийгэм, эдийн засгийн оролцооны асуудлыг тусгасан хот төлөвлөлтийн олон талт аргачлал ашиглахыг хот суурин газрын удирдлагуудад уриалжээ.

"Хотжилт хурдацтай явагдах ньсорилт мөн боломжийг авчирдаг. Бага орлоготой оршин суугчдыг нийтийн тээврийн хямд төсөр үйлчилгээ эсвэл орон сууцаар хангах нь тэдэнд хүүхдүүдийнхээ боловсролд зориулан мөнгө хадгалах боломж олгодог. Байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах, даван туулахад туслах гэх мэт хүнд хэцүү үед айл өрхүүдэд туслах нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдтэй байх нь чухал" гэж Дэлхийн Банкны хот суурин газрын асуудал хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн, тайлангийн гол зохиогч Жүди Бэйкер хэлэв. " Бүх хотод нэгэн ижил шийдлээр хот суурин газрын өсөлтийг хүртээмжтэй болгохгүй ч гэсэн тэдгээр шийдлүүдийг олон нийтийн сайн сайхны төлөө, практик, үр дүнтэй байлгах боломжтой."

Хэдийгээр дэлхийн 10 мега хотын 6 нь Зүүн Азид байдаг ч хот суурин газрын ядуурал хоёрдогч түвшний хотуудад илүү өргөн тархацтай байгаа бөгөөд эдгээр хотуудын ач холбогдол нэмэгдсээр байна. 2010 оны байдлаар жижиг дунд хотууд бүс нутгийн нийт хотын дөрөвний нэг хувийг эзэлж байсан.

Тус тайлан тодорхой нөхцөл байдалд нийцүүлэн ашиглаж болох бодлогын арван зарчмыг зөвлөжээ. Үүнд: хот суурин газрын ядуучуудыг хөдөлмөрийн зах зээлтэй холбох; хот суурин газрын нэгдсэн төлөвлөлтөд хөрөнгө оруулах; хямд төсөр орон сууц, газраар хангах; бүх иргэдийн хот суурин газар амьдрах эрхийг хүндэтгэн хүлээн зөвшөөрөх; хот суурин газрын ядуучуудын дотор нийгмээс тусгаарлагдаж орхигдсон ядуусын дэд бүлгүүдэд чиглэн ажиллах; орон нутгийн засаглалыг бэхжүүлж, иргэдийн оролцоог хангах болон нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад туслах зорилгоор өгөгдөл, мэдээллийн тогтолцоог сайжруулан боловсронгуй болгоход хөрөнгө оруулах зэрэг зарчим багтжээ. 


Холбоо барих

Сингапурт
Дини Джалал
+65 9002-4412
ddjalal@worldbank.org
Вашингтонд
Ливиа Понтес
+1-202-473-8949
Lpontes@worldbank.org
Улаанбаатарт
Б. Индра
7007 8207
ibaatarkhuu@worldbank.org
Api
Api