ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн Банк Монголд улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 25 сая ам.долларын зээлийг баталлаа

2017.4.27


2017 оны 4 сарын 27, Вашингтон хот – Өнөөдөр Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс Монгол улсын ажил хайгчид болон бичил бизнес эрхлэгч иргэдийн  хөдөлмөрийн зах зээлд оролцох боломжуудыг нэмэгдүүлэхэд  дэмжлэг үзүүлэх 25 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа.


Image

“Хөдөлмөрийн зах зээлд оролцох боломж хүртээмжийг сайжруулах нь хүмүүст сайн ажил олох, амьжиргаагаа дээшлүүлэхэд нь туслах нэг чухал алхам юм. Дэлхийн Банк энэхүү төслөөр дамжуулан, Монголын засгийн газраас бичил бизнес эрхлэгчдийг дэмжих,  хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг шинэчлэн хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн чанар, олдоцыг сайжруулах замаар Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд тулгамдаж буй хязгаарлалтуудыг шийдвэрлэхэд туслах юм” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон хэлсэн байна.

Монгол улсад ажилгүйдлийн түвшин харьцангуй өндөр, ажил хайгчид ажил олох итгэл алдарснаас ажил хайхаа болих нь элбэг байгаа бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд муу байгаа нь санаа зовоох томоохон асуудал болоод байна. Гэтэл өндөр бүтээмжтэй, сайн цалинтай ажил олж чадахгүй байгаа иргэдийн дунд ядуурал хамгийн их байдаг нь ажил болон  ядуурал нь шууд холбоотойг харуулдаг.  

Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл нь тогтвортой бичил бизнес эхлүүлэх, хөгжүүлэх шинэ боломжийг хүмүүст олгохыг зорьж байна. Төслийн хүрээнд бичил бизнэс эрхлэгчдэд цогц дэмжлэг  үзүүлэх бөгөөд үүнд бизнесийн ур чадвар хөгжүүлэх болон бусад сургалт, зөвлөн туслах ментор үйлчилгээ,  бичил бизнесс эрхлэгчдийн болон төгсөгчдийн сүлжээ, зах зээлтэй холбох үйлчилгээ зэрэг төрөл бүрийн санхүүгийн бус дэмжлэгүүд багтана. Мөн түүнчлэн шинээр байгуулагдах болон өмнө үйл ажиллагаа эрхэлж байсан бичил аж ахуй нэгжүүдэд бичил зээл олгох, ингэхдээ хамгийн эмзэг үр ашиг хүртэгчдийн зээлийн хүүнд хөнгөлөлт үзүүлэх зэрэг санхүүгийн дэмжлэгийг мөн үзүүлнэ.

Төслийн хүрээнд мөн харилцагч төвтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг бэхжүүлэн хөгжүүлснээр  ажил зуучлалын чанарыг сайжруулах, илүү олон ажил олгогчид болон өндөр ур чадвар шаардсан ажлын байрны зарыг татах боломж бүрдэнэ.

Үүнээс гадна, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн сургалтуудыг дэмжиж, орон нутгийн хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний албад тухайн дүүрэг, орон нутгийнхаа хөдөлмөрийн зах зээлд тохирсон төслийн санал боловсруулж хэрэгжүүлэх боломжийг бий болгоно. Хөдөлмөрийн зах зээлийн ил тод байдлыг сайжруулахын тулд хөдөлмөрийн зах зээл  болон ажлын байрны мэдээллийн хүрээ, чанарыг шинэ түвшинд гаргаснаар ажил хайгч иргэдийг ажил олгогчтой илүү сайн холбож, хөдөлмөрийн зах зээлийн мониторинг ба үнэлгээг сайжруулна.    

Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн уналт, Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэргээс шалтгаалан Монгол улсын эдийн засгийн өсөлт сүүлийн хэдэн жил удааширсан нь ажлын байрны тоо ихээхэн хэмжээгээр буурч, ажилгүйдлийн түвшин хурдацтай нэмэгдэхэд хүргэсэн. Гэхдээ 2010-2014 оны эдийн засгийн огцом тэлэлтийн үед ч ажилгүйдлийн хувь харьцангуй өндөр байсан бөгөөд буюу 7 хувиас доош буугаагүй байдаг. Ихэнчлэн бага ур чадвар шаардсан хувиараа хөдөлмөр эрхлэх хэлбэрээр байдаг албан бус хөдөлмөр эрхлэлт  их хэвээр байна. Албан бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдэл нь ялангуяа нийгмийн тодорхой эмзэг бүлгийнхний дунд түгээмэл байгаа тул уг төслөөс ажил олоход хүндрэлтэй иргэд, 18-34 насны залуучууд болон ядуу өрхүүдэд дэмжлэг үзүүлэхэд тусгайлан анхаарна.

Төслийг Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хэрэгжүүлнэ. Төслийг Дэлхийн Банкны Олон улсын хөгжлийн ассоциациас олгож буй 25 сая ам.долларын зээлээр санхүүжүүлж байна.  

Холбоо барих
Хаана Вашингтон хот
Жэйн Занг
Утас: +1 202 473-1376
janezhang@worldbank.org
Хаана Улаанбаатар хот
Б. Индра
Утас: +976 7007 8207
ibaatarkhuu@worldbank.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2017/04/27

Api
Api

Welcome