ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн Банк: Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг 2016-2018 онд тогтвортой өсөлтөө хадгална

2016.10.05


Макро эдийн засгийн менежмент нь эмзэг байдлыг бууруулахад чиглэхийн зэрэгцээ дунд хугацааны хүртээмжтэй өсөлтийг тэтгэхэд анхаарах нь зүйтэй хэмээн энэ удаагийн тайлан зөвлөж байна

АНУ, ВАШИНГТОН ХОТ, 2016 оны аравдугаар сарын 4 — Дэлхийн Банкны энэ удаагийн ээлжит тайланд Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт ирэх гурван жилд тогтвортой хадгалагдах төлөвтэй байгааг онцоллоо.

Гэсэн хэдий ч энэ бүс нутгийн орнуудын эдийн засагт эрсдэл нүүрлэсээр байгаа учраас санхүүгийн болон төсвийн эмзэг байдлыг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэйг санууллаа. Урт хугацаандаа уг бүс нутгийн орнууд дэд бүтцийн тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн системийн дархлааг сайжруулах замаар тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгох шаардлагатайг мөн уг тайлан дурджээ.

Энэ удаагийн Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланд Хятадын эдийн засагт хийгдэж буй бүтцийн өөрчлөлт алгуур үргэлжлэх бөгөөд энэ жил тус улсын эдийн засаг 6.7 хувь, ирэх 2017 онд 6.5 хувь, 2018 онд 6.3 хувийн өсөлттэй байхаар байгаа нь өсөлт харьцангуй тогтвортой байхыг илтгэж байна гэжээ. Бүс нутгийн бусад орны хувьд өсөлт мөн тогтвортой байх бөгөөд оны эцэст 4.8 хувьтай гарахаар байна. Ирэх онд бага зэрэг өсч 5 хувь болох бол 2018 онд 5.1 хувьтай байх төлөвтэй байна.Зүүн Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт энэ онд дунджаар 5.8 хувиар, 2017-2018 онд 5.8 хувиар өсөх төлөвтэй байна.

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч, хатагтай Викториа Кваква хэлэхдээ “Дэлхийн эдийн засгийн идэвхжил сул байгаа, мөн гадаад эрэлт саарсан хэдий ч уг бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлтийн төлөв өөдрөг хэвээр байгаад бүс нутгийн орнуудын дотоод эрэлт болон хөрөнгө оруулалт тогтвортой байгаа нь голлон нөлөөлж байна” гэжээ. “Урт хугацааны зорилт нь өсөлтөө хадгалах, илүү хүртээмжтэй эдийн өсөлтийг бий болгох явдал бөгөөд орлогын ялгаатай байдлыг бууруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал юм (Ялангуяа Хятад улс); Мөн уг бүс нутгийн хувьд дэд бүтцийг сайжруулах; хүүхдийн хоол тэжээлийн дутагдлыг арилгах болон санхүүгийн системийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд технологийг дэвшлийг ашиглах зэрэг нь чухлаар тавигдаж байна” гэжээ.

Дэлхий даяараа худалдааны идэвх суларч, хөгжиж буй ихэнх орны эдийн засгийн төлөв буурах хандлагатай байгаа, мөн өндөр хөгжилтэй орнуудын өсөлт саарч байгаа өнөөгийн нөхцөлд энэхүү тайланд Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн орнуудын эдийн засгийн ирээдүйн төлөв, хандлагын талаар дэлгэрэнгүй дүн шинжилгээг танилцуулжээ. Уг бүс нутгийн ихэнх орны хувьд дотоод эрэлт тогтвортой байх төлөвтэй байна. Түүхий эдийн үнэ төдийлөн өсөхгүй, доогуур байхаар байгаа нь импортлогч орнуудад давуу тал бий болгож, ихэнх улс инфляциа нам түвшинд барих боломжийг олгож байна.

Хятад улсын хувьд эдийн засгийн бүтэц нь хэрэглээ, үйлчилгээ болон нэмүү өртөг илүү шингэсэн үйлдвэрлэлд шилжиж, аж үйлдвэрийн хэт идэвхжлийн үе нь буурч байгаа нь эдийн засгийн өсөлтийг сааруулахаар байна. Гэвч хөдөлмөрийн зах зээлийн идэвх сул байгаа нь орлого, хувийн хэрэглээний өсөлтөд нөлөөлөхөөр байна.

Энэ бүс нутгийн томоохон эдийн засагтай орнууд дундаас Филлипиний эдийн засгийн өсөлт эерэг төлөвтэй байгаа бөгөөд энэ онд өсөлт нь 6.4 хувь байхаар байгаа бол Вьетнамын эдийн засаг ган гачгаас шалтгаалан саарах төлөвтэй ч ирэх онд 6.3 хувь болж сэргэхээр байна. Индонезийн хувьд алгуур өсөх бөгөөд өнгөрсөн 2015 онд эдийн засгийн өсөлт нь 4.8 хувь байсан бол 2018 онд 5.5 хувьд хүрэхээр байгааг уг тайланд дурджээ. Гэхдээ энэ нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, орлогоо өсгөх бодлогын үр дүн болон хөрөнгө оруулалт сэргэхээс хамаарахаар байгаа юм. Харин Малайз улсын хувьд өмнө байсан өсөлт огцом саарахаар байгаа бөгөөд өнгөрсөн 2015 онд 5 хувьтай байсан бол энэ онд 4.2 хувьд хүрч буурах хандлагатай. Учир нь, газрын тос болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортын гадаад эрэлт сул байгаа нь өсөлт ийнхүү саарахад голлон нөлөөлөхөөр байна.

Бүс нутгийн жижиг орнууд дундаас түүхий эдийн экспортоос хамааралтай улсуудын эдийн засаг огцом саарахаар байна. Тухайлбал, Монгол улсын эдийн засаг энэ онд зөвхөн 0.1 хувиар өсөх төлөвтэй байгаа ба өнгөрсөн 2015 онд 2.3 хувьтай байсан юм. Өсөлт ингэж саарахад түүхий эдийн экспорт хумигдсан, өрийн хяналт суларсан зэрэг шалтгаан голлох нөлөөг үзүүлэхээр байна. Папуа Шинэ Гвиней улсын эдийн засгийн өсөлт энэ онд 2.4 хувиар өсөх төлөвтэй байгаа нь 2015 оны 6.8 хувьтай харьцуулахад мөн огцом саарсан үзүүлэлт юм. Энэ нь зэс, байгалийн шингэрүүлсэн хийн үйлдвэрлэл буурсан, эдгээр бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ унаснаас голлон шалтгаалав. Эсрэгээр Кампуч, Лаос болон Мьянмар улс өсөлтөө тогтвортой хадгалахаар байна.

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан ахлах эдийн засагч ноён Судир Шетти хэлэхдээ “Ирээдүйн өсөлтийн өөдрөг төлөв ажиглагдаж байгаа ч уг бүс нутагт зарим томоохон эрсдэл байсаар байна. Дэлхийн санхүүгийн зах зээлийн идэвх суларч, дэлхийн эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарахаар байгаа болон Хятадын эдийн засгийн идэвхжил таамагласанаас хурдтай буурч байгаа зэрэг нь уг бүс нутгийн эдийн засгийн дархлаанд бэрхшээл болохоор байна” гэжээ. Мөн тэрбээр “Дээрх тодорхой бус байдал нь бодлого боловсруулагчдад сүүлийн жилүүдэд хуримтлагдсан санхүүгийн болон төсвийн эмзэг байдлыг бууруулах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна” гэжээ.

Хятад улсын хувьд компанийн засаглалд хийж буй шинэчлэлээ гүнзгийрүүлэх, зээлийн хэмжээний өсөлтийг хянах зэрэг нь эн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ юм. Мөн түүнчлэн бүс нутгийн бусад томоохон эдийн засгийн дотоод болон гадаад санхүүгийн эрсдлийг бууруулах; ялангуяа түүхий эд экспортлогч орнуудын хувьд төсвийн нөөц боломжоо хадгалах, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь чухал юм. Мөн Монгол болон Тимор Листе зэрэг орны хувьд төсвийн тогтвортой байдалд учирч буй эрсдлийг бууруулахад анхаарах нь зүйтэй байна.

Уг тайлан нь урт хугацаанд хүртээмжтэй өсөлтөд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхэд анхаарах шаарлагатай дөрвөн гол зүйлийг зөвлөжээ. Нэгдүгээрт, Хятад улсын хувьд өнгөрсөн хугацаанд орон нутагт төрийн үйлчилгээг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулахад олсон ололт амжилтаа хадгалах, ялангуяа хот уруу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг бууруулахад анхаарах.

Хоёрдугаарт, бүс нутгийн бусад орны хувьд төсвийн зардлыг тэнцвэржүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх, улсын хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах замаар дэд бүтцээ сайжруулах шаардлагатай байна.

Гуравдугаарт, олон хүнийг хамарч буй хоол, хүнсний дутагдлыг багасгахад бодлого боловсруулагчид анхаарлаа хандуулах шаардлагатай. Энэ бүс нутгийн олон оронд хангалттай хэмжээний тэжээллэг хоол хүнс хэрэглэж чадахгүй байгаа хүүхдийн хувь ядуу өрхүүд төдийгүй чинээлэг өрхүүдэд ч өндөр түвшинд байгаа нь эрүүл мэндийн ноцтой асуудлыг үүсгэх эрсдэлтэй юм. Уг тайлан нь уг бүс нутгийн орнуудын хувьд бага насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөр, тэжээллэг хоол хүнсээр хангах арга хэмжээ авахыг зөвлөжээ.

Эцэст нь буюу дөрөвдүгээрт, санхүүгийн үйлчилгээг сайжруулахад технологийн дэвшлийг ашиглах, санхүүгийн салбарын дархлааг сайжруулахад анхаарахыг зөвлөжээ. Уг бүс нутагт технологийн салбар өндөр хөгжсөн, тэр дундаа үүрэн телефоны салбар өндөр хөгжсөн. Энэ дэвшлийг санхүүгийн үйлчилгээнд түлхүү ашиглахад анхаарах шаардлагатай. Санхүүгийн салбарын хөгжлийн үр шимийг иргэд хүртэхийн тулд бүс нутгийн орнууд хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хэрэглэгчийн эрх ашгийг бэхжүүлэхэд анхаарах нь зүйтэй.

Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн тайлан нь уг бүс нутгийн эдийн засгийн талаарх дэлгэрэнгй тайлан бөгөөд жилд 2 удаа доорх цахим хаягт нийтлэгддэг http://www.worldbank.org/eapupdate


МОНГОЛ УЛС

 

2015

Хүн ам, сая хүн

3.0

ДНБ, оны үнээр тэрбум ам. доллар

12.4

Нэг хүнд ногдох ДНБ, оны үнээр

4,192

Ядуурлын түвшин (өдрийн 1.9 ам. доллар, худалдан авах чадварын 2011 оны үнэлгээгээр)/а

0.2

Ядуурлын түвшин (өдрийн 3.1 ам. доллар, худалдан авах чадварын 2011 оны үнэлгээгээр)/а

2.7

Жини коэффициент/а

32.0

Хамран сургалт, бага боловсрол (хувь, нийт)/б

116.9

Дундаж наслалт, жил

68.6

Эх сурвалж: Дэлхийн Банкны Дэлхийн хөгжлийн үзүүлэлтүүд, Макро ядуурлын төлөв.

Тайлбар: /а/ хамгийн сүүлчийн үзүүлэлт (2014); /б/ Дэлхийн хөгжлийн үзүүлэлтийн хамгийн сүүлчийн үзүүлэлт (2014).

 

Хураангуй

Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарахтай зэрэгцээд төсөв, мөнгөний сул бодлого хэрэгжүүлснээр макро эдийн засгийн нөхцөл байдал эхний хагаст муудсан байна. Төв банк төсвийн гадуурх зарлагыг санхүүжүүлснээр төсвийн алдагдал, засгийн газрын өрийн хэмжээ эрс нэмэгдэж, төгрөгийн ханшинд нэмэлт дарамт болсон. Засгийн газрын гадаад зээллэгийн их дүнтэй эргэн төлөлтүүд 2017 оноос хийгдэж, гадаад валютын нөөц бага байгаа тул төлбөрийн тэнцэл дээрх дарамт улам бүр нэмэгдэх болно. Бодлогын томоохон бөгөөд итгэл хүлээсэн зохицуулалтыг яаралтай хийж, төсвийн болоод макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах шаардлагатай байна.

Сүүлийн үед гарсан өөрчлөлтүүд

Эдийн засгийн өсөлт 2016 оны эхний хагаст 1.4 хувь (жилийн өөрчлөлт) болж буурсан. Уул уурхайн ДНБ-ий өсөлт 9.1 хувь болж саарсан нь Оюу-Толгойн уурхайн зэсийн баяжмалд агуулагдах зэс, алтны агууламж буурч байгаатай шууд холбоотой юм. Уул уурхайн бус үйлдвэрлэл 0.8 хувиар буурсны дотор үйлдвэрлэл 12 хувиар, барилга 0.1 хувиар тус тус агшсан байна. Үйлчилгээний салбарын өсөлт 0.6 хувьтай гарч, зогсонги байдалд байлаа. Өвөл нөхцөл байдал хүнд байснаас шалтгаалан хөдөө аж ахуйн салбарын өсөлт огцом буурч, 3.5 хувь болсон.

Барилга, үйлчилгээ зэрэг хөдөлмөр ашиглалт ихтэй гол салбаруудын өсөлт тааруу байсан нь хөдөлмөрийн зах, өрхийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөв. Ажилгүйдлийн түвшин 2016 оны хоёрдугаар улиралд 11 хувьд хүрч өссөн нь 2010 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Өрхийн нэрлэсэн дундаж орлого 10 хувиар буурч, эхний зургаан сарын байдлаар өрхийн бодит хэрэглээ 11 хувиар буурахад нөлөөлжээ.

Гол түүхий эдийн экспортын хэмжээ өссөн хэдий ч нүүрс, зэсийн үнэ буурснаас экспортын үнийн дүн эхний долоон сарын байдлаар 9.6 хувиар (жилийн өөрчлөлт) багасчээ. Гэхдээ импорт үргэлжлэн буурч, гадаад худалдааны тэнцэл 708 сая ам. долларын ашигтай гарахад нөлөөлөв. Хөрөнгө оруулалтын бараа, газрын тосны бүтээгдэхүүний импорт багассантай холбоотойгоор импорт 17.4 хувиар (жилийн өөрчлөлт) буурсан байна.

2016 оны эхний дөрвөн сарын байдлаар 26 сая ам. долларын ашигтай байсан урсгал данс 5-7-р саруудад 192 сая ам. долларын алдагдалтай гарсан. Эхний долоон сард 1,022 сая ам. долларын хөрөнгийн цэвэр гарах урсгал бүртгэгдсэн нь валют, харилцах хадгаламж, цэвэр алдаа, орхигдуулга хэсгүүдэд оногдсон байна. 5-7-р саруудад алдагдал нь нэмэгдэж байсан хэдий ч засгийн газар гуравдугаар болон дөрөвдүгээр саруудад олон улсын зах зээлээс нийтдээ 750 сая ам. долларын зээллэг хийснээр төлбөрийн нийт тэнцэл эхний долоон сарын байдлаар 41 сая ам. долларын багахан алдагдалтай гарлаа.  Гадаад валютын нийт нөөц дөрөвдүгээр сард 1,546 сая ам. доллар байсан бол долоодугаар сард 1,275 сая ам. доллар болж буурсан байна.

Сонгуультай зэрэгцээд төсвийн бодлого суларсан. Төсвийн алдагдал эхний долоон сарын байдлаар 1,974 тэрбум төгрөгт хүрч нэмэгдсэн нь ДНБ-ий найм гаруй хувьтай тэнцсэн байна. Төсвийн орлого гурван хувиар (жилийн өөрчлөлт) буурсан хэдий ч нийт зарлага 33 хувиар (жилийн өөрчлөлт) өссөн нь төв банк (Монголбанк)-наас санхүүжүүлсэн, засгийн газрын төсөвт тусгагдаагүй хөтөлбөрүүд байсан юм. Сайн хөтөлбөрүүд болон Ипотекийн зээлийн хөтөлбөр зэрэг урьд нь төсвийн гадуур байсан арга хэмжээнүүдийг төсөвт нэгтгэснээр төсвийн алдагдал ДНБ-ий 21.3 хувьд хүрч болзошгүй хэмээн засгийн газар мэдэгдээд байна.

Засаж залруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Шинээр байгуулагдсан засгийн газар Сайн хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэрийг наймдугаар сард гаргаж, төсөвт тодотгол хийснээр төсвийн алдагдал ДНБ-ий 18 хувьд хүрэх тооцоо гарсан байна. Гэхдээ төсвийн тодотголд Хөгжлийн банкны аж ахуйн нэгжүүдэд олгосон төсвийн гадуурх зээлүүд, Ипотекийн зээлийн хөтөлбөр багтаагүй хэвээр байна. Төсвийн алдагдалыг багасгах зорилготой зарим арга хэмжээнүүд, түүний дотор орлого нэмэгдүүлэх саналууд УИХ-ын дэмжигдээгүй юм.

Мөнгөний бодлого мөн суларсан. Дөрөвдүгээр сараас хойш Засгийн газрын үнэт цаасны дуудлага худалдаа явагдаагүй бөгөөд Монголбанк 3-7-р саруудад засгийн газарт 900 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг Сайн хөтөлбөрүүд, Ипотекийн зээлийн хөтөлбөрт зориулан олгосон байна. Ингэснээр мөнгөний нийлүүлэлт, М2 мөнгө гуравдугаар сараас долоодугаар сарын хооронд 40 хувь болон 13 хувиар тус тус өссөн. Гэхдээ банкны зээлийн өсөлт долоодугаар сард маш бага буюу 0.8 хувьтай (жилийн өсөлт) гарсан нь эдийн засгийн байдал тааруу байгаагийн илрэл байв. Засгийн газар үнэт цаас гаргалтаа зогсоосон, их хэмжээний мөнгийг эдийн засагт оруулсан, зээлийн өсөлт удаан байсан зэргээс шалтгаалан банкны системийн илүүдэл нөөц гуравдугаар сараас хойш үлэмж нэмэгдсэн байна.

Ханшийн хэлбэлзэл долоо, наймдугаар саруудад нэмэгдсэн. Засгийн газар 750 сая ам. долларын зээллэг хийсний дараагаар төгрөгийн ханш тав, зургаадугаар саруудад аажим чангарч байснаа зургаадугаар сарын сүүлээс эхлээд наймдугаар сарын дунд хүртэлх нэг сар хагасын хугацаанд ам. долларын эсрэг 15 хувь суларсан.

Төгрөгийн ханш сулрах дарамт нэмэгдэж, валютыг дамлах үйл ажиллагааны дохиотой нүүр тулсан Монголбанк наймдугаар сарын 19-нд бодлогын хүүг 450 нэгж хувиар өсгөж, 15 хувь болгосон. Түүнээс гадна төв банк төгрөгийн хөрвөх чадварын удирдлагыг сайжруулах арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр зах зээл тогтворжлоо.

Төлөв байдал

Эдийн засгийн өсөлт 2016 онд зогсонги байх төлөвтэй байна. Цаашид Оюу-Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ачаар өсөлт 2018-2019 онуудад бага зэрэг сэргэх болно. Дунд хугацаанд өсөлтийн хурдац уул уурхайн үйлдвэрлэлийн сэргэлт, Оюу-Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтаар дэмжигдэнэ. Эдийн засгийн өсөлт, хөдөлмөрийн захын төлөв муу байгаа тул ядуурлын нөхцөл байдал ойрын хугацаанд доройтож болзошгүй. Урсгал дансны алдагдал нэмэгдэж, 2017-2018 онуудад 1,230 сая ам. долларын бондын эргэн төлөлт хийгдэх тул төлбөрийн тэнцэл, төсөв дээрх дарамт ирэх жилүүдэд эрчимтэй нэмэгдэнэ. Төсвийн нийт алдагдал 2016 онд ДНБ-ий 19 гаруй хувьд хүрч, төсвийн нөхцөл байдал хүнд хэвээр байхаар байна. Хүүгийн зардал ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэж байгаа учраас төсвийн суурь алдагдал ДНБ-ий 15 хувьд хүрэх тооцоо гарчээ.

Эрсдэл ба бэрхшээл

 Хамгийн том бэрхшээл бол гадаад зээлийн 2017-2018 онуудад хийгдэх ёстой их хэмжээний эргэн төлөлтөнд бэлтгэх, мөн төсвийн алдагдлыг бууруулах явдал юм.

Засгийн газрын өр 2016 оны эцэст ДНБ-ий 90 гаруй хувьд хүрэх тооцоо гарч байгаа учраас төсвийн алдагдлыг бууруулах нь хойш тавьж болохгүй ажил болж байна. Төсвийн алдагдлыг 2017-2020 онуудад бууруулах тууштай бөгөөд итгэл төрүүлэхүйц төлөвлөгөөг яаралтай боловсруулах шаардлагатай. Ингэхдээ төсвийн гадуур байгаа бүхий л хөтөлбөрүүдийг хамруулах хэрэгтэй. Монголбанк санхүүжилт олгохоо зогсоож, төсвийн үйл ажиллагаанаас гарч, анхаарлаа үнийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийг бүрдүүлэн хамгаалахад шилжүүлэх нь зүйтэй. Нийгмийн халамжийн тогтолцоог бэхжүүлэх, ялангуяа амьжиргаа нь ядуурлын түвшинд ойрхон эсвэл доогуур байгаа эмзэг бүлэгт төрийн тусламж дэмжлэгийг чиглүүлснээр төсвийн зарлагыг танаснаар нийгэмд учирч болох хохирлыг багасгаж, өсөлтийг дэмжихэд нэмэр болох учиртай. 2017-2018 онуудын зээлийн эргэн төлөлтүүдийг хийх илүү таатай нөхцлийг бүрдүүлж, 2019-2022 онуудад хийгдэх дараагийн эргэн төлөлтүүдэд бэлтгэхэд макро эдийн засгийн зохистой удирдлагыг сэргээн хэрэгжүүлэх нь шийдвэрлэх ач холбогдолтой.

Шинээр эмхлэн байгуулагдсан засгийн газар шуурхай арга хэмжээ авч, төсвийн бодит, үнэн зөв нөхцөл байдал, тэр дундаа төсвийн гадуурх бүхий л хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг олон нийтэд танилцуулан төсвийн зохицуулалтыг нэн яаралтай хийх шаардлагатай байгааг онцолсон. Мөнгөний бодлого дээр сүүлд хийсэн зохицуулалт, тэр дундаа бодлогын хүүг өсгөсөн нь ханшийн савалгааг намжаахад нөлөөлсөн. Гэвч Монгол Улсад төсвийн болоод төлбөрийн тэнцлийн томоохон эрсдэл тулгарч байгаа учраас нэмэлт арга хэмжээнүүдийг цаашид яаралтай авах хэрэгтэй байна. Тухайлбал, эдийн засгийг тогтвортой өсөлтийн голдиролд буцаан оруулахад чиглэсэн олон талт, далайцтай бодлогын зохицуулалт хийх төлөвлөгөөг гаргах нь чухал байна.

Зураг 1. ДНБ-ий жилийн өсөлт ба салбарын бүтэц

Хувь болон өсөлтийг бүрдүүлсэн хувь

Эцсийн хэрэглээ

Нийт хуримтлал

Цэвэр экспорт

ДНБ

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо.

Зураг 2. Эдийн засгийн өсөлтийн нөлөөллийн муруй, 2010-2014

Өсөлт жилээр, хувь

Хөдөө: 2012-2014

Улсын хэмжээнд: 2010-2012

Хот: 2012-2014

Улсын хэмжээнд: 2012-2014

Эх сурвалж: Дэлхийн Банкны мэргэжилтнүүдийн тооцоо.

МОНГОЛ УЛС: Зарим үзүүлэлтүүд

2013

2014

2015

2016т

2017т

2018т

ДНБ-ий бодит өсөлт, зах зээлийн тогтмол үнээр

11.6

8.0

2.3

0.1

2.0

3.5

Хувийн хэрэглээ

15.4

6.3

7.2

-11.2

4.5

6.1

Засгийн газрын хэрэглээ

27.8

3.4

-4.5

4.5

1.7

3.5

Үндсэн хөрөнгийн нийт хөрөнгө оруулалт

-10.5

-20.0

-32.9

2.5

26.6

0.2

Бараа үйлчилгээний экспорт

12.8

53.2

1.2

-1.6

-2.3

0.6

Бараа үйлчилгээний импорт

7.6

6.8

-11.5

-8.5

9.0

1.7

ДНБ-ий бодит өсөлт, хүчин зүйлийн тогтмол үнээр

11.4

10.8

5.5

0.2

1.9

3.6

Хөдөө аж ахуй

19.3

14.4

9.9

7.0

7.1

7.2

Аж үйлдвэр

15.3

12.0

9.7

-4.1

-2.4

2.3

Үйлчилгээ

6.8

8.9

1.0

1.8

3.7

3.4

Инфляци (хувийн хэрэглээний дефлятор)

12.3

11.0

1.9

1.8

4.5

5.6

Урсгал дансны тэнцэл (ДНБ-д эзлэх хувь)

-25.1

-11.5

-4.8

-6.3

-10.4

-11.9

Санхүүгийн ба хөрөнгийн данс (ДНБ-д эзлэх хувь)

26.0

12.5

5.7

6.3

10.4

11.9

Гадаадын шууд хөрөнгө оруулалт, цэвэр (ДНБ-д эзлэх хувь)

16.3

2.1

1.5

0.1

12.6

12.7

Нэгдсэн төсвийн тэнцэл (ДНБ-д эзлэх хувь)

-10.1

-10.9

-8.0

-19.8

-14.6

-13.4

Өр (ДНБ-д эзлэх хувь)

46.9

53.6

66.3

92.1

106.0

113.6

Суурь тэнцэл (ДНБ-д эзлэх хувь)

-8.8

-8.7

-5.0

-15.5

-10.0

-7.2

Ядуурлын түвшин (өдрийн 1.9 ам. доллар, худалдан авах чадварын үнэлгээгээр)/а, б, в

..

0.2

0.2

0.2

0.1

0.1

Ядуурлын түвшин (өдрийн 3.1 ам. доллар, худалдан авах чадварын үнэлгээгээр)/а, б, в

..

2.7

2.2

2.1

1.9

1.7

Эх сурвалж: Дэлхийн Банк, Макро эдийн засгийн онол ба Төсвийн удирдлагын дэлхийн хөтөлбөр, Ядуурлын дэлхийн хөтөлбөр

Тайлбар: т – төсөөлөл, (а) 2014 оны өрхийн орлого, зарлагын судалгаан дээр үндэслэн хийсэн EAPPOV тооцоо, (б) саармаг тархалт ашиглан гаргасан төсөөлөл (2014).

 

 

Холбоо барих
Хаана Вашингтон хот
Жейн Занг
Утас: +1 (202) 473-1376
janezhang@worldbank.org
Дини Жалал
Утас: +1 (202) 468-4442
ddjalal@worldbank.org
Хума Имтиаз
Утас: +1 (202) 473-2409
himtiaz@worldbankgroup.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2017/EAP/046

Api
Api