Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монгол улсад нийгмийн хариуцлагыг бэхжүүлэхэд Дэлхийн Банк- Швейцарийн Хөгжлийн Агентлаг хамтарсан төсөл эхлүүллээ

2015.11.11


УЛААНБААТАР, 2015 оны 11 дүгээр сарын 11 — Өнөөдөр Дэлхийн Банк ба Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран Монгол улсад нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх нийт гурван сая ам.долларын төсөвтэй шинэ хөтөлбөрийг ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр нээлтээ хийлээ.

 Монгол улсад Нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх (МУНХБ) хөтөлбөр нь ил тод байдал болон хариуцлагыг нэмэгдүүлэх Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжиж, иргэд тулгамдсан асуудал, санал бодлоо илэрхийлж төрийн үйл хэрэгт тусгуулах боломжийг дээшлүүлэхэд чиглэнэ.

Дэлхийн Банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон “Энэхүү хөтөлбөр нь Монгол улсын иргэд болон төрийн байгууллагын хамтран нийгмийн хариуцлагыг сайжруулахад чиглэсэн олон жилийн хүчин чармайлт, туршилтын үр дүнгийн үргэлжлэл бөгөөд төсвийн ил тод байдлын талаарх эрх зүйн шинэчлэл болох Шилэн Дансны тухай хуулийн хэрэгжилтэд ихээхэн чухал болно” гэжээ. Мөн “МУНХБ хөтөлбөрийн хүрээнд бүх түвшинд нийгмийн хариуцлагыг институтчилэн бодлого болон үйл ажиллагаанд тусгахад тус нэмэр үзүүлэх болно” гэж хэллээ.


Image

МУНХБхөтөлбөр нь Монгол улсын нийгмийн хэрэгцээ, орон нутгийн иргэд болон иргэний нийгмийн байгууллагын чадавхийг бэхжүүлэхийн зэрэгцээ нутгийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагуудтай хамтран бодит үр дүн, тогтвортой байдалд онцгой анхааран ажиллана.

“Төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх, авлигыг бууруулах болон төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад иргэний нийгмийн байгууллага, иргэд чухал үүрэгтэй ба уг хөтөлбөрийн хэрэгжилт нь иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудад эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлнэ” гэж Швейцарийн Хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консул Маркус Валдфогел хэллээ.

МУНХБхөтөлбөр нь 10 аймаг, нийслэлийн дүүрэгт хэрэгжих болно. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад нийт иргэд, тэр дундаа ядуу, эмзэг бүлгийн иргэд нийгмийн хариуцлагын үйл явцад оролцон өөрсдийн чадавхийг нэмэгдүүлснээр төрийн албан хаагчдад хариуцлага тооцох, тухайн орон нутгийн төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад хувь нэмэр оруулна.

Төсөлд хамрагдах аймаг, дүүргүүдийг ядуурлын түвшин, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний үр дүн, хүртээмж болон орон нутгийн төрийн байгууллагын оролцох хүсэл зэргийг харгалзан сонгоно.

Хөтөлбөрийн хүрээнд нийгмийн хариуцлагын арга хэмжээг үндэсний хэмжээний бодлогын түвшинд албан ёсоор тусган хэлбэржүүлэхэд Засгийн Газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яамтай түншлэн хэрэгжүүлнэ.

Холбоо барих
Хаана УЛААНБААТАР
Тина Пунцаг
Утас:  + (976) 7007-8207
tpuntsag@worldbank.org
Д. Соёлмаа
Утас: + (976) 11- 341422
soyolmaa.dolgor@eda.admin.ch

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2015/11/11

Api
Api