Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монголын Алслагдсан Хөдөө Орон Нутгийн Хүүхдүүд Сургуульд Илүү Сайн Бэлтгэгдэх Боломжтой Боллоо

2012.6.21




Улаанбаатар, 2012 ОНЫ 6-Р САР 21 - Японы Хүүхдийг Ивээх Сан болон Дэлхийн Банк Монголын хөдөө орон нутагт бага боловсролыг дэмжих 2,5 сая ам. долларын буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлэх гэрээнд 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурлаа.  Дэлхийн Банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн Хөгжлийн Сангаас санхүүжүүлж буй энэхүү төсөл нь алслагдсан хөдөө орон нутгийн бага ангийн сурагчдын суралцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх юм.         

Хөдөө орон нутагт сургуулийн дотуур байранд амьдарч, сургуульд сурах шаардлагатай болдог малчин өрхийн 6-10 насны хүүхдүүдэд төслөөс дэмжлэг үзүүлж, сургууль болон дотуур байрны амьдралд дасан зохицох, амжилттай суралцахад нь тусална.  Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах бололцоогүй алслагдмал орон нутгийн малчин өрхийн хүүхдүүдийг сургуульд бэлтгэхэд онцгойлон анхаарахын зэрэгцээ бага ангиас сургууль завсардсан хүүхдэд боловсрол нөхөн эзэмшүүлэх зайны сургалтын үр дүнтэй арга хэлбэрийг боловсруулан нэвтрүүлж,  хүүхдийн хөгжлийг дэмжсэн олон талт үйл ажиллагаа явуулна.

Японы Хүүхдийг Ивээх Сангаас  орон нутаг дахь боловсролын үйлчилгээний үр дүнг сайжруулахын тулд эцэг эх, орон нутгийн сонирхогч талуудтай нягт хамтран ажиллаж, тухайн орон нутгийн соёл, нөхцөл байдалд нийцсэн, олон нийтийн оролцоонд суурилсан шинэлэг санал санаачлагыг туршин нэвтрүүлэх болно. 

Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төслийн үр дүнд төсөлд хамрагдсан аймаг, орон нутгийн малчин өрхийн бага насны хүүхдүүдийн боловсролын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, тэдний сурлагын амжилт сайжирч, сургууль завсардалт  буурна.    

 

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ц. Гэрэлтуяа
gereltuya@savethechildren.mn
Хаана Улаанбаатар
Ч. Тунгалаг
tchuluun@worldbank.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2012/06/21

Api
Api