ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монгол Улсын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжихэд Дэлхийн Банк тусална

2011.5.10




Вашингтон ДС, 2011 оны 5 сарын 10 –Дэлхийн Банкны Гүйцэтгэх Захирлуудын Зөвлөлөөс 25.0 сая ам.долларын хөрөнгө оруулалтын зээлийг Монголын  уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийг хэрэгжүүлэхэд зориулан баталлаа. Энэхүү төслийн зорилго нь дэд бүтцийн төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг гаргах мөн дотоодын байгууллагуудын гүйцэтгэх  чадавхыг хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлж, дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтын боломжийг бүрдүүлэн  улмаар уул уурхай болон  эдийн засгийн холбогдох үйл ажиллагааг дэмжихэд оршино.

Уул уурхайн салбар нь Монгол улсын эдийн засагт асар их боломжийг бий болгож байна.  Энэ салбар экспортын 80 хувь, улсын төсвийн орлогын 50 хувийг эзэлж байна.  Гэсэн хэдий ч энэхүү боломжийг өгөөжтэй ашиглаж, ажлын байр бий болгох асуудал нь ашигт малтмалын орд газруудаа үр бүтээмжтэй, ашиг орлоготойгоор ашиглах дэд бүтцийн таатай нөхцөл, үйлчилгээг бий болгох улс орны чадавхаас ихээхэн хамаарах болно.

Дэд бүтцийн салбарт санхүүжүүлт хийх нь сайн техникийн бэлтгэл болон төслийн өртөг тооцоолох ажлыг шаарддаг. Хөгжил дэвшилд хүрэхэд нөлөөлөхүйц ашигт малтмалын орд газрууд илрээд байгаа Монголын өмнөд бүс нутагт  шаардлагатай тээвэр, эрчим хүч, ус хангамж болон хотжилт зэрэг дэд бүтцийг байгуулахад, судалгаанаас харахад, дараагийн 10 жилийн хугацаанд 10 тэрбум орчим ам.доллар шаардлагатай байна. Хэрэгцээтэй хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд Монголын Засгийн газар санхүүгийн бүхий л эх үүсвэрийг, түүнчлэн хувийн салбарын хөрөнгө оруулалтыг ч ашиглах зорилготой байна. Эдгээр төслүүдийн санхүүжилтийн хэлбэр (жишээ нь төсвийн болон хувийн хөрөнгө оруулалт, эсвэл олон улсын тусламж дэмжлэг) ямар байхаас үл хамааран төслийн бэлтгэл ажил сайн хангагдсан байх нь чухал юм.

“Энэхүү төсөл нь Засгийн газраас нэн тэргүүний гэж үзсэн хөрөнгө оруулалтын төслүүдийн  техник, эдийн засгийн үндэслэлийг үнэлэх хэд хэдэн судалгааны ажлуудыг шаардлагатай эх үүсвэрээр хангана. Ингэснээр дэд бүтцийн салбарт  хөрөнгө оруулалтыг зөв хийх, мөн тэдгээрийн байгаль орчинд болон нийгэмд үзүүлэх нөлөөллийг давхар тооцохыг баталгаажуулах юм.”гэж  Дэлхийн Банкны Монголыг хариуцсан менежер, хатагтай  Корали Геверс хэлэв.

Энэхүү төсөл нь мөн Монгол улсын өмнөд бүс нутгийн усны нөөцийн удирдлагыг бэхжүүлэхэд чиглэгдэнэ. Учир нь өмнөд бүс дэх бүхий л үйл ажиллагаа нь  хөрсний уснаас ихээхэн хамааралтай байх болно. Одоогийн байгаа мэдээллээр, тус бүс нутаг нь цаашид уул уурхайн үйл ажиллагаа явуулах, орон нутгийн хүн амын амьжиргааны болон малчдын усны хэрэгцээг доод тал нь 10 жил, магадгүй түүнээс олон жил, хангах хөрсний усны нөөцтэй байна. Гэвч, хөрсний усны боломжит цар хүрээг тогтоох, эрэлт хэрэгцээг чанар болон байршлын хувьд нийцүүлэх зорилгоор усны геологийн судалгааг тус бүс нутгийн хэмжээнд нарийвчлан хийх шаардлагатай байна.

“Хөрсний усны олборлолт нь маш нарийн зохицуулагдаж, хянагдаж байх ёстой бөгөөд гэнэтийн сөрөг үр дагавар бий болох нөхцөлд өөр бусад эх үүсвэр ашиглаж, хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.” гэж  Дэлхийн Банкны дэд бүтэц хариуцсан ахлах мэргэжилтэн Жим Рейхарт тэмдэглэв.

Төсөл нь дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй: (а) дэд бүтцийн салбарт санал болгож буй хөрөнгө оруулалтын төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг гаргах болон үнэлгээ хийх; (б) дэд бүтцийн төсөл бэлтгэх, хөрөнгө оруулагч нартай холбоотой ажил хэргийн үйл ажиллагааг хөтлөн явуулах дотоодын чадавхийг хөгжүүлэх; (в) хөрсний усны удирдлагыг бэхжүүлэх, (г) төслийн удирдлага.

Сангийн яам нь төслийг гүйцэтгэх гол байгууллага байх бөгөөд төслийн ерөнхий удирдлага, хэрэгжүүлэлтийг хариуцна. Холбогдох салбарын яамдууд болон агентлагуудын төлөөлөл бүхий Төслийн Удирдах Хороог байгуулна. Энэхүү хороо нь төсөлд хамрагдах дэд бүтцийн төслүүдийг сонгож, төслийн санхүүжилтинд хяналт тавих болно

Төслийн үргэлжлэх хугацаа нь 5 жил байх бөгөөд 2011  оны 6 дугаар сараас 2016 оны 5 дугаар сар хүртэл хэрэгжинэ.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org
Хаана Вашингтон ДС-д
Карл Нанлон
Утас: (202) 473 8087
chanlon@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2011/475/EAP

Api
Api

Welcome