ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн Банк болон Парламентийн Дэлхийн Банкны Сүлжээ (ДБдПС)-ний хамтран ажилагааны хүрээнд олон улсын парламентийн гишүүд Монгол улсад айлчиллаа

2009.11.02



Улаанбаатар хот 2009 оны 11 сарын 2 - 2009 оны 10 дугаар сарын 26-наас 30-ны хооронд 4 өдрийн турш Индонези улсын Сенатын орлогч дарга Док. Лаоде Идагаар ахлуулсан Ази, Африк болон Европ тивийг төлөөлсөн 13 парламентын гишүүд Монгол улсад айлчиллаа.

ДБдПС-ний төлөөлөгчид Дэлхийн Банкны суурин төлөөлөгч Аршад Саиедтай уулзсаны дараагаар Монгол улсын УИХ-н дарга Д.Дэмбэрэл болон УИХ-н гишүүдтэй уулзаж Монголын нийгэм эдийн засгийн хөгжил болон цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов. Цаашдын хамтын ажиллагааны хүрээнд ДБдПС-ний Монголын
салбарыг нээх нь зүйтэй юм гэж харилцан тохиров.

"Мянга сонсохоор нэг үз” гэсэн Монгол зүйр үг байдаг. Тиймээс ч Дэлхийн Банк өөрийн хөгжлийн түншүүдтэй Монгол улсын хөгжлийг дэмжих тал дээр хэрхэн хамтран ажиллаж байгааг энэхүү олон улсын парламентын төлөөлөгчид биеэр ирж танилцаж байгаад маш баяртай байна” гэж Дэлхийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгч Аршад Саиед хэлсэн байна.

Уг төлөөлөгчид Улаанбаатар хотод болон хотын ойролцоо орших Дэлхийн Банкны дэмжлэгтэй хэрэгжиж буй төслүүдтэй газар дээр нь очиж танилцаж, Монголын иргэний нийгмийн төлөөлөгчидтэй уулзан бодлогын асуудалд иргэдийн санал хүсэлтийг авах, нээлттэй хэлэлцүүлэг хуралдааны механизмыг ярилцсаны дараагаар УИХ-н дэргэдэх Бодлогын судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах төв болон Хууль зүйн үндэсний хүрээлэнд айлчилсан байна.

Энэхүү айлчиллын үеэр зочид төлөөлөгчид уул уурхай болон олборлох салбарын орлогын менежмент, Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд дэлхийн санхүүгийн хямралын үзүүлж буй нөлөө болон сайн засаглал, нийгмийн хариуцлага гэсэн асуудлууд дээр голлон анхаарч байв.

“Төлөөлөгч бидний хувьд энд биечлэн ирж, нөхцөл байдалтай газар дээр танилцах явдал нь Монгол улсын хөгжлийн төлөөх хүчин чармайлтад Дэлхийн Банк болон бусад хөгжлийн түншүүдийн зүгээс Монгол улстай хэр өргөн түвшинд хамтарч ажиллаж байгааг олж мэдэх онцгой завшаан болж байна” гэж ДБдПС-ны удирдах зөвлөлийн
гишүүн Док.Лаоде хэлээд “Хойд болон Өмнөд бүсийн улс орнуудын парламентийн гишүүд энэхүү боломжийг ашиглан бие биенээсээ илүү ихийг сурч, өөрсдийн туршлагаа Монголын парламентийн гишүүдтэй хуваалцлаа” гэв.

Төлөөлөгчид дэлхийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах, уул уурхайд түшиглэсэн эдийн засгийг урт хугацаанд тогтвортой сайн удирдах талаар олон улсын шилдэг туршлагуудыг ярилцахад чиглэсэн Эдийн Засгийн Бодлогын Чуулга Уулзалтанд 10 дугаарын сарын 29-ны өдөр оролцсон байна.

“Парламентийн гишүүд хөгжиж буй орнуудад” хөтөлбөрийн тухай:

Уг хөтөлбөрийг Финляндын Засгийн газраас санхүүжүүлж, Дэлхийн Банк болон ДБдПС-тэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 50 гаруй орны парламентийн 175 орчим гишүүд хамрагдаж, Ази, Африк, Балкан, Латин Америк, Ойрхи Дорнодын 20-н улсад айлчлал хийсэн байна. “Парламентийн гишүүд хөгжиж буй орнуудад” хөтөлбөрийн зорилго нь донор болон зээлжигч улс орны парламентийн гишүүдийг Дэлхийн Банкны ажилтай танилцуулж, хөгжлийн түншүүдтэй уулзуулахад оршдог байна. Донор улсын парламентийн гишүүдийн хувьд энэхүү айлчлал нь хөгжил газар дээр ээ хэрхэн явагдаж байгааг харах нэг боломж юм.

Хөгжиж буй орнуудад хийх айлчилал нь зээлжигч улсын парламентийн гишүүдийн хувьд Бусдын туршлагаас суралцах мөн үзэл бодол, туршлагаа хуваалцах боломж болдог байна.

Айлчлалын сүүлд төлөөлөгчид өөрсдийн ажигласан зүйлсээ өөр хоорондоо хуваалцаж, тухайн улсын хөгжлийн хөтөлбөрт өөрсдийн санал бодлоо нэмэрлэдэг ажээ.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2009/11/02

Api
Api

Welcome