ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн Банк Монголын Уул Уурхайн Салбарын Хөгжлийг Дэмжихэд Зориулж 9.3 сая ам. Долларын Төслийг Батлав

2008.6.27



Вашингтон, 2008 оны 6 сарын 27 - Дэлхийн Банкны Удирдах Зөвлөл  Монгол Улсын Уул Уурхайн Салбарын Техникийн Туслалцааны төсөлд зориулан хөрөнгө оруулалтын зээл болон буцалтгүй тусламжийн хэлбэрээр 9.3 сая ам. долларын санхүүжилтыг батлав.  Уг төсөл нь Монгол Улсын эдийн засгийн чухал салбар болох уул уурхайн салбараа хөгжүүлэхэд Дэлхийн Банкнаас тус улсад урт хугацаанд үзүүлэх дэмжлэгийн эхний үе шат юм.

Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил сүүлийн үед хурдацтай хөгжиж байгаа нь эдийн засаг, хөгжлийн шинэ боломж болон мөн томоохон эрсдлийг дагуулж байгаа юм. Монгол орны дэлхийн хэмжээний ашигт малтмалын томоохон ордууд нь сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татаж байна. 2007 оны байдлаар уур уурхайн салбар нь Үндэсний Нийт Бүтээгдэхүүний 20 хувийг, нийт үйлдвэрлэлийн 56 хувь, нийт экспортын 69 хувь, улсын төсвийн орлогын 36 хувийг тус тус бүрдүүлжээ.

Монгол орны уул уурхайн салбар нь тус улсын эдийн засгийн цаашдын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах бололцоотой. Тэгэхэдээ энэ нь Монголын Төр, Засгийн Газар төсвийн болон хуулийн тогтвортой, өрсөлдөхүйц байдлыг найдвартай хангах, энэхүү баялгийг нийт иргэдэд өгөөжтэй байхаар нээлттэй, зохистой удирдах болон салбарын хөгжлийн таатай орчин, сайн засаглалыг хөгжүүлж чадахаас ихээхэн шалтгаална.

Аршад Сайед, Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч, Монгол Улсыг хариуцсан менежер ”Бид энэхүү төслөөрөө уур уурхайн салбарынхаа хөгжлийн эерэг  үр дүнг баталгаажуулахад Монголын Төр, Засгийн Газар болон Монголын нийт иргэдэд дэмжин, тусалж чадах болсондоо баяртай байна. Уул уурхайн салбарын зохистой хөгжил нь Монгол орны эдийн засгийн цаашдын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх юм.” гэж тэмдэглэв.

Уг төсөл нь урт хугацаа (10 жилийн)-ны туршид хэрэгжих үйл ажиллагааны эхний үе шат бөгөөд уул уурхайн салбарт Засгийн газрын зүгээс (i) уул уурхайн салбарын удирдлагыг сайжруулах, уг салбараас улсын төсөвт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх, (ii) ашгийн урсгалын зохистой хуваарилалтыг удирдах, (iii) бараа түүхий эдийн үнийн циклд үндэслэн эдийн засгийн өсөлтийг тогтворжуулж хэвээр хадгалах, (iv) геологи хайгуулын тоо мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, (v) уул уурхайн ерөнхий, ялангуяа гар аргаар олборлогчид болон жижиг уурхай эрхлэгчдийн эрүүл мэндийн ба аюулгүй байдлын эрсдлийг бууруулахад туслалцаа үзүүлэх зорилготой юм.

“Эхний үе шат болох 4 жилийн хугацаанд төслийн хөгжлийн зорилт нь Засгийн Газар, үйлдвэрлэлийн салбар, болон иргэний нийгмийн хэрэгцээнд нийцсэн уул уурхайн салбарын хууль эрх зүйн болон зохицуулах хүрээг цаашид хөгжүүлэхэд Засгийн Газарт дэмжлэг үзүүлэх, түүний дотор Эрдэнэс МГЛ ХХК-ийн үйл ажиллагааг хөгжүүлж олон улсын стандарттай уялдуулан ажиллахад нь дэмжин туслах юм.” гэж энэхүү төслийн багийн ахлагч, Дэлхийн Банкны уул уурхайн ахлах мэргэжилтэн Греме Ханкок онцлон хэлэв.  

Дэлхийн Банкнаас энэхүү төслийн  үйл ажиллагааны санхүүжилтанд нийт  9.3 сая ам доллар, үүний  4.2 сая ам долларыг буцалтгүй тусламж, 5.1 сая ам. долларыг хөнгөлттэй зээлийн хэлбэрээр тус тус олгоно. Дэлхийн Банкны олгох санхүүгийн энэхүү тусламжаас гадна олон улсын хөгжлийн бусад байгууллагууд болох ГТХА, АХБ, ЕСББ, ОУСК Монголын орны уул уурхайн салбарын хөгжилд техникийн туслалцаа үзүүлэх юм.

Төсөл нь 5 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Үүнд:

  1. Уул уурхайн салбарын  ашгийг удирдан зохицуулах чадавхийг бэхжүүлэх
  2. Уул уурхайн салбарын хөгжлийг удирдах зохицуулах чадавхийг хөгжүүлэх
  3. Төрийн өмчийн хөрөнгийн удирдлагын чадавхийг хөгжүүлэх
  4. Төслийн удирдлага
  5. Монголын зүүн өмнөд бүсийг тогтвортой хөгжүүлэх дэд бүтцийн стратеги

Хэрэгжүүлэлт:

Төслийн хүрээнд дараах 5 гол агентлагуудад үйл ажиллагааны туслалцаа үзүүлэнэ. Үүнд:

  1. Сангийн яам (СЯ)
  2. Үндэсний татварын ерөнхий газар the (ҮТЕГ)
  3. Үйлдвэр, худалдааны яам (ҮХЯ)
  4. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар (АМГТХЭГ)
  5. Эрдэнэс МГЛ ХХК

Түүнчлэн, Байгаль орчны яам (БОЯ)-тай хамтран ажиллана. Төсөл хэрэгжүүлэх нэгжийг Сангийн яаманд байгуулна.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2008/06/27

Api
Api

Welcome