ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монголын Засгийн газар, гадаадын түншүүд Хувийн хэвшлийг хөгжүүлэх стратегийг хэлэлцэн, энэ хүрээнд хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхээр боллоо

2008.1.29



Улаанбаатар 2008 оны 1 сарын 29 –  Монгол Улсын Засгийн газар болон гадаадын түншүүд хувийн хэвшлийг хөгжүүлэх стратегийн төсөл, түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай үндсэн асуудлуудын талаар хэлэлцсэн техникийн уулзалт өндөрлөв. Тус техникийн уулзалт нь 2008 оны 1 сарын 28-29 –ний өдрүүдэд Төрийн ордонд зохиогдлоо.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкнаас хамтран зургаан сар тутам зохион байгуулдаг энэхүү техникийн уулзалт нь Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг хэлэлцэх, улмаар Засгийн газар, гадаадын түншүүдийн үйл ажиллагааг улам нягтруулах хамтын ажиллагааны индэр болсон байна.

Энэхүү 4 дэх удаагийн уулзалтанд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд С. Баяр хүрэлцэн ирж, хаалтын үг хэллээ. Уулзалтыг Монгол Улсын Сангийн сайд Ч. Улаан, Дэлхийн банкны Монголыг хариуцсан захирал Дэвид Доллар нар удирдаж явуулав. Уулзалтанд  Улсын их хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн нарийн бичгийн дарга нар, хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нар болон дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүд, бизнесийн холбоод, гадаадын түнш байгууллагууд, төлөөлөгчид зэрэг 200 гаруй хүмүүс оролцлоо.

Монголын Засгийн газар болон бусад төлөөлөгчид Монгол орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд 1990 онд шилжсэнээс хойш эдийн засгийн бүтцэд томоохон өөрчлөлт хийн, хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийг бий болгож чадсаныг сайшаан тэмдэглэсэн. Хувийн хэвшил Монголын Улсын эдийн засгийн 80 гаруй хувийг бүтээж, нийт ажиллагсадын 88 хувийг ажлын байраар хангаж байна.

Монголын Засгийн газраас эдийн засгийн макро түвшин болон валютын ханшийг тогтвортой байлган, төсвийн удирдлагыг сайжруулсанаар сүүлийн 3 жил дараалан төсөв эерэг гарсан бөгөөд мөн татварын багц хууль, нийгмийн даатгал болон дэд бүтцийн хүрээнд шинэчлэлүүд хийсэн нь хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих тодорхой алхамууд болсон. “ гэж Сангийн сайд Ч. Улаан хэлэв.  “Гэвч түүхий эдийг боловсруулах, байгаль орчинд ээлтэй олборлох үйлдвэрийг хөгжүүлэх, мэдлэгт суурилсан үйлдвэрүүдийг бий болгоход хувийн хэвшлийн оролцоог хангасан, тэдний бололцоог бүрэн дайчлахуйц нэгдсэн бодлого дутагдаж байгаа.” гэж тэрээр онцлон тэмдэглэв.

Монгол орон түүхийн хариуцлагатай үед ирээд байна. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийг дууссанаар, Монгол орны эдийн засаг олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц хэмжээнд байх шаардлага урган  гарч байна. Энэхүү шаардлагыг хэрэгжүүлэхэд хөгжилд оролцогч бүх талуудын идэвхтэй оролцоо, нэгдсэн хүчин чармайлт онц чухал.” гэж Дэлхийн Банкны Монголыг хариуцсан захирал Дэвид Доллар хэлэв. 

Хэдийгээр Монгол орны эдийн засаг сүүлийн жилүүдэд ихээхэн өссөн боловч цөөн тооны экспортын  бүтээгдэхүүнд тулгуурласан, мөн зах зээлийн гадаад хүчинд ихээхэн эмзэг эдийн засагтай байсаар байна. Үүнээс гарах, гадаад хүчин зүйлсийн нөлөөг багасгахад нухацтай бодлого, зохицуулалт болон чадварлаг институцууд хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд тодорхой алхамуудыг хийсэн боловч эдгээр нь эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болоход хангалттай нөлөөлж чадсангүй.

Хувийн хэвшлийг хөгжүүлэхэд Засгийн газраас хүлээх үндсэн үүрэг нь тухайлбал уул уурхай, ашигт малтмалын салбарт өрсөлдөхүйц, тогтвортой, урьдчилан таамаглаж чадахуйц татварын бодлого,  хууль зүйн орчинг бий болгох, аж ахуйн нэгжийн сайн засаглалыг тогтоох, байгаль орчныг хамгаалах зэрэгт оршино. Зөв бодлого, хууль эрх зүйн орчин, чадварлаг институцууд нь Монгол оронд дэлхийн хэмжээний, технологи, удирдлага, санхүү болон бусад хангалттай эх үүсвэр бүхий гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оруулж, ашигт малтмалын ордуудыг хөгжлийн тогтвортой замаар олборлох боломжийг бүрдүүлнэ.

Засгийн газар, хувийн хэвшлийнхэн хөгжлийн алсын хараагаа хамтран боловсруулж, түүнд хүрэхэд харилцан санал бодлоо тогтмол солилцох нь хот, дүүрэг, аймаг, сум, баг зэрэг бүхий л түвшинд ихээхэн чухал гэдгийг хуралд оролцогчид онцлон тэмдэглэв.

Сангийн яам Монгол орны эдийн засгийн макро түвшиний талаар товч танилцуулж, энэ талаар Олон улсын валютын сан болон бусад байгууллагуудын төлөөлөгчид харилцан санал солилцов. Оролцогчид эдийн засгийн тогтвортой өсөлт, төсвийн болон төлбөрийн тэнцэл эерэг байдлыг сайшаахийн чацуу макро эдийн засгийн тогтвортой байдал нь хувийн хэвшлийн хөгжилд ихээхэн чухлыг тэмдэглэж байв.

Дэлхийн эдийн засгийн өсөлт сул байгаа, мөн ашигт малтмалын үнэ буурч байгаа өнөө үед, эдийн засгийг макро түвшинд маш анхааралтай ажиглан, зөв зохицуулалт хийх нь ихээхэн чухал байна. Засгийн газрын зарцуулалт, хөрөнгө оруулалт нь үндэсний нийт бүтээгдэхүүн болон дотоодын зах зээлийн шингээх чадвартай харьцуулахад энэ жил ихээхэн өссөн. Мөн төрийн албан хаагчдын цалин дарааллан нэмэгдсэн нь хувийн хэвшлийнхэнд ялангуяа жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэж байна.

Уулзалтанд оролцогчид Засгийн газраас санаачлан боловсруулсан хувийн хэвшлийг хөгжүүлэх стратеги, түүний талаар нээлттэй хэлэлцүүлгийг сайшаан хүлээн авав. Гадны түншүүд, хувийн хэвшлийн төлөөлөгчид стратегийн баримт бичгийн анхны хувилбарыг цаашид боловсронгуй болгоход тодорхой саналууд хэллээ. Үүнд: энэхүү стратегийг Монголын үндэсний хөгжлийн стратегийн зорилгуудтай уялдуулах, хувийн хэвшлийг хөгжүүлэхэд Засгийн газрын үүргийг тодруулах, байгаль орчны тогтвортой байдал, хөрөнгө оруулах, бизнес хийх орчныг улам боловсронгуй болгох, ялангуяа татварын шинэчлэл, уул уурхайн орлогын удирдлагыг нээлттэй болгох, санхүүгийн зуучлалын үүргийг илүү эрчимжүүлэх, ажиллах хүчний зах зээлд шинэчлэл хийх, олон улсын хэмжээний санхүүгийн болон аудитын үйл ажиллагааны туршлагаас нэвтрүүлэх, хариуцлагтай засаглалыг сайжруулах зэрэг болно.  Мөн стратегийн баримт бичигт дунд болон урт хугацаанд хийх үйл ажиллагааны төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх механизм, хариуцлагыг тодорхой оруулах хэрэгтэйг дурьдав.

Засгийн газар эдгээр болон бусад саналуудыг нэгтгэн, стратегийг 2 дугаар сард багтаан боловсруулж, ажлын хүрээнд дахин хэлэлцүүлэхээр талууд харилцан тохиролцов.

Хуралд оролцогчид нь хувийн хэвшлийг хөгжүүлэх стратегийн хүрээнд гол үндсэн асуудлууд болох төр, хувийн хэвшлийн хамтын түншлэл, эдийн засгийн төрөлжилт, өрсөлдөх чадвар, дэд бүтцийн талаар салбар хуралдаануудад хуваагдан нарийвчлан хэлэлцсэн юм.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай салбар хуралдаанд энэхүү асуудал нь нийлмэл, цогц бүхий асуудал, санхүүжилтээсээ илүү түншлэлийн бүтэц, түүнийг зөв сонгох нь чухлыг талууд тэмдэглээд, Монгол орны хувьд боловсрол, тогтвортой энерги, иргэний агаарын тээвэр зэрэг салбарт энэхүү түншлэлийг хэрэгжүүлэх боломжтой талаар ярилцав.

Эдийн засгийн төрөлжилт өрсөлдөх чадварын талаар хэлэлцсэн салбар хуралдаанд оролцогчид дэд бүтэц болон зохицуулалтын орчныг боловсронгүй болгох, нарийн техник, технологит суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, барууны хөгжсөн орнуудаас ноу хау нэвтрүүлэх,  бүтээгдэхүүнийн стандартыг олон улсын хэмжээнд хүргэх, түүхий эдийг бүрэн боловсуулж, нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүн хийх, ЖДҮ-ийн санхүүжилтинд сөргөөр нөлөөлж байгаа өмчийн эрхийг илүү тодорхой болгох, хээл хахуулыг багасгах зэрэг асуудлуудыг санал болгов.    

Дэд бүтцийн салбар хуралдаанд эрчим хүчний салбарт тарифын шинэчлэл хийх шаардлага, хотын хөгжил, барилгын салбарт хууль эрх зүйн орчинг сайжруулах, зам тээврийн салбарт хөрөнгө оруулалтыг тэргүүлэх, нэн тэргүүний чухал дэд салбарууд, хэсгүүдэд оруулах шаардлагын талаар хэлэлцсэн. 

Уулзалтын хоёр дахь өдөр уул уурхайн салбарын талаар нэгдсэн хэлэлцүүлэг болж, Монголын уул уурхайн хөгжлийн асуудал, холбогдох хууль, эрх зүйн орчин, Засгийн газрын оролцоо, салбарын ажилчдын ур чадварыг дээшлүүлэх зэрэг бусад холбогдох асуудлаар дэлгэрэнгүй хэлэлцэв. Оролцогчид уул уурхай, ашигт малтмалын салбарын хөгжилд Засгийн газар ямар үүрэгтэй оролцох талаар тодруулах нь нэн тэргүүний асуудал гэдгийг онцлон тэмдэглэв. Тус салбардах Засгийн газрын оролцоо ихсэх тутам эрсдэл ихтэй бөгөөд Засгийн газрын оролцоо, хүч чармайлт нь нийгэм, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, энэхүү салбараас олох орлогыг аль болох нэмэгдүүлэхэд чиглэх нь зүйтэй талаар талууд санал солилцов. 

Уулзалтын төгсгөлд өмнөх техникийн уулзалтуудаар бий болсон салбарын ажлын хэсгүүд өнгөрсөн хугацаанд хийсэн үйл ажиллагаанууд, үр дүнгийн талаар мэдээллэв.

2008 оны 01 сарын 28-29 өдрүүдэд болсон энэхүү уулзалт нь Монголын Засгийн Газар, гадаадын түншүүдийн хооронд 6 сар тутам зохиогддог техникийн 4 дэх удаагийн уулзалт юм.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2008/01/29

Api
Api

Welcome