ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монгол Улсын Хөдөө Орон Нутгийг Сэргээгдэх Эрчим Хүчээр Дэмжихэд Зориулж 7 Сая Ам.Долларын Буцалтгүй Тусламж Батлагдлаа

2006.12.20



ВАШИНГТОН хот, 2006 оны 12-р сарын 20-ний өдөр - Дэлхийн банкнаас Монгол улсад 7 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Олон улсын Хөгжлийн Ассоциаци (ОУХА) болон Дэлхийн Байгаль Орчны Итгэлцлийн Сангаар (ДБОИС) дамжуулан олгохоор боллоо. Энэхүү буцалтгүй тусламж нь Монгол орны “Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах” төслийг санхүүжүүлэхэд зориулагдах юм. Уг төсөл нь эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдоогүй малчид, хөдөөгийн хүн амыг цахилгаан эрчим хүчээр хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэхүү төслийг Дэлхийн Банкнаас гадна Монгол улсын Засгийн газар болон Нидерландын Засгийн газар хамтран санхүүжүүлэх юм. Төслийн санхүүжилтийн нийт хэмжээ   23 сая ам.доллар юм.

 

Монгол улс 1990 онд зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш макро эдийн засгийн хувьд тогтворжиж, бүтцийн суурь өөрчлөлт шинэчлэлийг авч хэрэгжүүлсэн билээ. Дараагийн ээлжинд шийдвэрлэх ёстой хөгжлийн асуудал нь тогтвортой эдийн засгийн өсөлтийг хурдасгах замаар ядуурлыг, ялангуяа 1.1 сая хүн амьдарч байгаа хөдөө орон нутгийн ядуурлыг бууруулахад оршиж байна. Одоогийн байдлаар хөдөөгийн хүн амын, үүнд нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид болон сумын төвийн хүн амын дөнгөж 25 хувь нь цахилгаан эрчим хүчээр хангагдсан байна.

 

Тус төслийн зорилго нь малчид болон эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдоогүй сумын төвийн хүн амын цахилгаан эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлж, эрчим хүчийг боломжийн үнэ өртгөөр, найдвартай нийлүүлэхэд оршиж байна. Түүнчлэн сумдын сургууль, эмнэлэг, холбоо, дэлгүүр хоршоо, бусад бизнесийн байгууллагууд зэрэг улс, олон нийтийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад найдвартай цахилгаан эрчим хүчний хүртээмжийг бий болгоно.

 

Дэлхийн банк нь эрчим хүчний салбарт Монгол улсын Засгийн газрын гол түнш байсан бөгөөд тус салбарын бүтцийн өөрчлөлт, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр идэвхтэй ажилллаж ирсэн. “Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах” энэхүү төслийг хэрэгжүүлэхэд ОУХА, ДБОИС-гаар дамжуулан олгох 7 сая ам.долларын буцалтгүй тусламж нь тэрхүү туслалцаа, дэмжлэгийн үргэлжлэл юм.

 

Дэлхийн банкны Монгол улсыг хариуцсан менежер бөгөөд суурин төлөөлөгч Аршад Сайед “Монгол улсын хүн амын гуравны нэг нь оршин суудаг хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд Дэлхийн банк анхааран ажиллаж байгаа” гэж хэлсэн билээ. Тэрээр “ Хөдөөгийн цахилгаан   эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлснээр малчид болон сумын төвийн хүн амын амьжиргаа дээшлэх болно. Цахилгаанаар хангагдсанаар Монголын орны хөдөө орон нутгийн эдийн засгийн хөгжилд эерэгээр нөлөөлж, хүүхэд, багачууд орой, үдшийн цагаар хичээлээ давтах боломжтой болно. Энэ бүгдийн Монгол орон дахь сэргээгдэх эрчим хүчний үлэмж нөөцийг ашиглах замаар хэрэгжүүлж болно.” гэж тэмдэглэв.

 

Үндэсний Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрийг Монгол улсын Их Хурлаас 2005 оны 6-р сард баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг өргөн цар хүрээтэй болгох томоохон зорилтуудыг тавьсан. Тодруулбал нийт эрчим хүчний нийлүүлэлтэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 2005 онд 0.9 хувь байсныг 2010 он гэхэд 3-5 хувь, 2020 он гэхэд 20-25 хувь болгох зорилт дэвшүүлсэн.

 

Монгол улсын Түлш эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат   төслийн ач холбогдлын талаар “Хөдөөгийн алслагдсан бүс нутгийн хүн амыг цахилгаан эрчим хүчээр тогтвортой хангах асуудал нь манай орны хөгжлийн тулгамдсан асуудал юм. Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжих энэхүү төсөл нь Монгол орны хөдөөгийн иргэдэд 21-р зууны хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломж олгож, манай оронд сэргээгдэх эрчим хүчний зах зээлийг хөгжүүлэх суурийг бий болгох чухал ач холбогдолтой төсөл болно гэж итгэж байна”. гэж хэлсэн.

 

Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Хүрээлэнгийн захирал Н. Энэбишийн хэлснээр энэхүү төсөл нь томоохон зорилт агуулсан бөгөөд Монгол улсын хөдөөгийн цахилгаанжуулалтын өнөөгийн туршлага, мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэх болно. Хөдөөгийн сэргээгдэх эрчим хүчний системийн загварыг бий болгон, түүний тогтвортой ажиллагааг хангах чадавхийг бий болгоход дэмжлэг үзүүлэх юм.

 

Төсөл үндсэн гурван бүрдэл хэсэгтэй. Үүнд:

1. Малчдын цахилгаан хангамж. Нарны хувийн эх үүсвэрийн систем, салхины жижиг турбин системийн жижиглэнгийн болон үйлчилгээний сүлжээг бэхжүүлж 5 жилийн хугацаанд 50,000-аас доошгүй тооны системийг малчдад нийлүүлэх

 

2. Сумын төвийн цахилгаан эрчим хүчний үйлчилгээний төвийг бий болгох. Сумын төвийн цахилгаан эрчим хүчний үйлчилгээний төвийг үр ашигтай ажиллуулахад шаардлагатай байгууллагын болоод техникийн чадавхийг бий болгох, жижиг хэмжээний системийг сэргээн засварлах, сэргээгдэх эрчим хүч, дизелийн хосолсон эх үүсвэрийг санхүүжүүлэх.

 

3. Үндэсний хэмжээнд чадавхийг бэхжүүлэх. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний бодлого боловсруулах үйл ажиллагааг бэхжүүлж, төслийн хэрэгжилтийг хангах.

 

Төслийн нэмэлт санхүүжилтэнд Монгол улсын Засгийн газраас 10 сая ам.доллар, мөн Нидерландын Засгийн газраас 5 сая евро нэмж санхүүжүүлэх юм.

 

Төслийг Монгол улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Хүрээлэн хэрэгжүүлж, Түлш, эрчим хүчний яам төслийн хүрээнд Монгол улсын Засгийн газрыг төлөөлөн ажиллах болно. Төслийг 2007 оны 1-р сараас 2011 оны 12-р сарын 31-нийг хүртэл 5 жилийн хугацаатай хэрэгжүүлнэ.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2007/194/EAP

Api
Api