ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монголын Засгийн Газар- гадаад түншүүд хөгжлийн тэргүүлэх чиглэлээр улам нягтран хамтран ажиллахаар боллоо

2006.10.10



УЛААНБААТАР, 2006 оны10 сарын10 - Монголын Засгийн Газар, гадаад түншүүд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаар хамтран ярилцсан техникийн уулзалт хоер өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөж байна. Энэхүү уулзалтанд Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн, Ерөнхий сайд М. Энхболд оролцож үг хэлсэнд гадаад түншүүд талархан хүлээн авч, тус уулзалтын үр дүнд өндөр ач холбогдол өглөө. 

Уулзалтаар хоёр тал Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, сүүлийн хагас жилийн хугацаанд хийгдсэн ажлын үйл явц, дэвшил болон өнгөрсөн удаагийн уулзалтын үеэр хийхээр харилцан тохирсон ажлын гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өглөө. Мөн Монгол Улсын хөгжилд өндөр ач холбогдол бүхий салбарууд болох дэд бүтэц, боловсрол, байгаль орчны хөгжлийн талаар хэлэлцэж, тодорхой асуудлуудад санал бодлоо солилцов. 

Монгол улсын эдийн засаг өнгөрсөн хоёрдугаар сарын уулзалтаас хойш нилээд ахицтай хөгжиж байна. Сангийн сайд Н. Баяртсайханы тэмдэглэснээр, эрдэс, түүхий эдийн үнийн өсөлт, үйлчилгээний болон барилга орон сууцны салбарын хурдтай хөгжил, хөдөө аж ахуйн хувьд цаг агаарын нэн таатай байдал нь нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 950 ам долларт хүргэжээ. Төсвийн амжилттай гүйцэтгэл нь худалдааны болон төсвийн алдагдлыг арилгаж, макро эдийн засгийн байдлыг тогтвортой хэмжээнд авчирч байна. 

Гэвч Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хүндрэлтэй асуудлууд байсаар байна. Дэлхийн банкны Монголыг хариуцсан захирал Давид Доллар “Монгол улс нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн сонирхолтой шатанд явж байна.” гэж тэмдэглэн хэлэв. Энэ талаар Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Сайед ”1990 оноос хойш Монгол улс зах зээлийн эдийн засгийн хөгжлийн суурийг тавих, түүний өсөлтийг дэмжихэд шаардлагатай олон зүйлийг амжилттай хийсэн. Эдгээр нь шинэчлэлтийн “эхний үе”-ийн үйл явцууд юм.  Одоо Монгол Улс дараагийн үе шат буюу “хоёр дахь үе”-ийн шинэчлэлтүүд болох өрсөлдөх чадварыг сайжруулах, зах зээлийн институтуудыг бэхжүүлэх, нээлттэй болон хариуцлагатай байдлыг өндөржүүлэх зэрэг асуудлуудыг хийх шаардлагатай байна. “ онцлон тэмдэглэв. 

Сангийн сайд Н. Баяртсайхан   ”Эдийн засгийн орчнынөхцөл Монгол улсын хувьд тааламжтай байгаа энэ цаг үед хөгжлийн бодлогоо оновчтой бөгөөд уялдаатай тодорхойлж нийгмийн тулгамдсан асуудлуудыг зөв арга механизмаар шийдвэрлэх шаардлагатай байна.”гэж гадаад түншүүддээ хандан тэмдэглэн хэлэв. 

Монгол улсын хөгжлийн өнөөгийн шатанд ул суурьтай харилцан яриа ихээхэн ач холбогдолтой. Монголын Засгийн газраас Дэлхийн банктай хамтран зохион байгуулж байгаа энэхүү техникийн уулзалт нь Монгол улсын хөгжлийн дараагийн шатанд гарч болох эрсдлүүдийг тодорхойлж, тэдгээрийг хэрхэн даван туулах, боломжуудыг илүү үр дүнтэй ашиглах талаар талууд харилцан санал бодлоо нээлттэй солилцох, ажил хэрэгч яриа өрнүүлэх индэр болж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм. 

Уг техникийн уулзалт нь Монгол улсын 2021 он хүртэлх хөгжлийн стратегийг боловсруулах, Монгол улсын 2007 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсвийн төсөл, төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлүүдийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаас өмнө болж байгаа нь цаг хугацааны хувьд тохиромжтой, үр дүнгээ өгөхүйц чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж оролцогчид дүгнэж байна. 

Олон Улсын Валютын Сангийн тэмдэглэснээр Монгол орны эдийн засгийн хөгжлийн амжилтанд нөлөөлж байгаа байгалийн нөөц, түүний үнийн давуу байдал дунд хугацаанд тогтвортой байх баталгаа үгүй. Иймд ашигт малтмалын гэнэтийн ашгийн татварыг зөв удирдахаас гадна одоогийн өндөр өсөлтийн үр өгөөжийг хойч ирээдүй цагт төсөвлөн тодорхойлох шаардлагатай байна гэж онцлон тэмдэглэв. 

Гадаад түншүүд Монгол улсын дунд хугацааны төсвийг шинээр гарч болзошгүй нөхцөлд урьдчилан тооцоолж, энэхүү тооцооллын үндсэн дээр дараа жилүүдийн төсвийг шинэчлэн тодотгож байх нь ихээхэн ач холбогдолтойг тэмдэглэн хэллээ. Мөн санал болгож буй Хөгжлийн Сангийн хэлбэр нь төрөөс явуулах төсвийн бодлого болон уул уурхайн салбарын орлогын хөгжилд үзүүлэх нөлөөлөлд маш чухал гэдгийг талууд тэмдэглэв. 

Сангийн сайд Н. Баяртсайхан Монгол улсын эдийн засгийн 80 гаруй хувийг бүрдүүлэгч, хөгжлийн гол хөдөлгөгч хүч болох хувийн хэвшлийн цаашдын хөгжилд Засгийн газраас тавих анхаарал байнга хүчтэй байхыг гадаад түншүүдэд батлан тэмдэглэж хэлэв.  Тэрээр “Хөнгөлттэй зээл нь Монгол улсын хөгжлийн үйл ажиллагааг санхүүжих гол эх үүсвэр хэвээр байна, тэгэхдээ Европын Сэргээн Босголтын банкнаас олгож буй зээлийн адил хувийн хэвшилд шууд олгох зээл нь ихээхэн үүрэг гүйцэтгэнэ.” гэлээ. 

Гадаад түншүүд Монголын төрөөс санаачилсан Монгол улсын урт хугацааны хөгжлийн төлөвлөлтийн үндсэн баримт бичиг болох Үндэсний Хөгжлийн Стратеги боловсруулах ажлыг сайшаан дэмжлээ. Үндэсний хөгжлийн стратеги нь Монгол орны хөгжлийг хурдасгах хүчтэй хэрэгсэл болохыг талууд онцлон тэмдэглээд, олон түншүүд хөгжлийн стратеги боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.   Гадаад түншүүд энэхүү стратегийг боловсруулахад ард иргэд, нийгмийн бүлгүүдийн дунд ул суурьтай өргөн яриа хэлэлцүүлэг явуулах, зорилгыг бодитоор тодорхойлох, нарийвчилсан дүн шинжилгээ хийх, хэрэгжүүлэх үйл явцыг эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл, улсын төсөвтэй холбох зэрэг нь хөгжлийн стратегийг илүү амжилттай, үр дүнд хүргэнэ гэдгийг тэмдэглэн хэллээ.  

Гадаад түншүүд нь Төрөөс зохистой удирдлагын талаар сүүлийн 6 сард авч хэрэгжүүлсэн ажлуудыг сайшаан тэмдэглэв. Улсын Их Хурлын хаврын чуулганаар баталсан Авилгалын эсрэг хууль нь авилгалын эсрэг хороо байгуулах, орлогын мэдүүлгийн тогтолцоог шинээр бий болгох асуудлыг хуульчилж өгсөн. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийн  эсрэг тухай хуулийг УИХ мөн батлан гаргасан. 

Үйлдвэр, худалдааны яам өнгөрсөн хоёрдугаар сарын уулзалтын үед яригдсан холбогдох асуудлуудын хүрээнд тодорхой алхмууд хийгдсэн талаар мэдээлэв. Үүнд бизнес эрхлэгчид, аж ахуй эрхлэгч нарт зориулсан нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэхээр эхэлж байгаа болон бизнес эрхлэхэд шаардлагатай аливаа өргөдлийн маягтуудыг онлайн хэлбэрээр Интернетэд тавьсан байна. Мөн бизнесийн үйл ажиллагааг зохицуулах үйл явцыг хөнгөвчлөх, хүнд суртал,    авилгал, тэдгээрийг бий болох боломжийг багасгах үүднээс татвар, гааль, байгаль орчин, хяналт шалгалттай холбоотой хууль, дүрэм журмыг дахин хянах ажлууд хийгдэж байгаа талаар мэдэгдэв.  

Хувийн хэвшлийн ажлын хэсгээс татварын хуулийн шинэчлэлтэй холбогдуулан татварын байцаагч нараас бизнес эрхлэгч нартай харилцах харилцаанд тэнцвэртэй байдлыг бий болгох, бизнесийнхэнд хүндрэл учруулдаг төрийн зохицуулалтын аливаа дүрэм, журамд нээлттэй бус болон тодорхойгүй байдал байгааг онцлон тэмдэглэв. 

Боловсролын салбарт ажиллаж буй гадаадын түншүүд Монгол улсын Засгийн газраас “Боловсролын салбарын мастер төлөвлөгөө”-г цогц байдлаар боловсруулж, баталсанд талархал илэрхийлж байна. Гадаад, дотоодын түншүүдийн нягт оролцоотойгоор боловсрогдон батламжлагдсаны дараа Монгол улс олон улсын бүх нийтийн боловсролд түргэн хүрэх санаачилгад багтан орж, 2007-2009 оны хооронд дутагдах хөрөнгө (29.5 сая ам. доллар)-ийн эх үүсвэрийг Монголын боловсролын салбарт буцалтгүй тусламжаар олгох боломжтой болсон. Техникийн уулзалтанд оролцогчид өнөөг хүртэл боловсролын салбарт үлэмж хэмжээний ахиц, амжилт гарсан хэдий ч ирээдүйд шийдэх асуудлууд олон хэвээр байна. Үүнд сургуулиас завсардах явдал өндөр хэвээр байгаа, сургууль төгсөгчид хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцэхгүй байгаа бөгөөд ЕБС-иуд 12-н жилийн тогтолцоонд шилжихэд шаардагдаж буй чадавхийг сайжруулах зэрэг асуудлууд багтаж байна. 

Уулзалтын үеэр Монгол орны байгаль орчинд тулгарч байгаа бэрхшээлүүдийн тухай талууд нилээд ул суурьтай яриа өрнүүллээ. Хандивлагчдын ажлын хэсгээс уулзалтанд оролцогсдод хандан гаргасан мэдэгдэлд Монголын ард түмэн, ялангуяа ядуу иргэдийн амьжиргаа нь байгаль орчноос ихээхэн хамааралтай болохыг тэмдэглэсэн нь бодит үнэнд нийцэж байна.    Оролцогчид байгаль орчны сайн менежмент нь эдийн засгийн өсөлт болон ядуурлыг бууруулахад өндөр ач холбогдолтой бөгөөд Монгол улс дэлхийн зах зээлд гаргах байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх нь үр дүнтэй болох талаар хэлэлцэв. Байгаль орчноос хөгжлийн гол салбарууд болох хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхайд үзүүлж байгаа хувь нэмэр нь үлэмж их боловч төрөөс энэ салбарт зарцуулж байгаа зардлын нийт хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүны зөвхөн 0.5 хувьтай тэнцэж байгаа нь хангалтгүй байна. Оролцогчид байгаль орчноос нийт эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг тоон дүнгээр тодорхойлж гаргах шаардлагатай байгаа талаар санал дэвшүүлэв. Гадаад түншүүд тухайн орон нутаг, хэсгийн ард иргэдийг байгаль орчны үйлчилгээ үзүүлэхэд улсын төсөв болон бусад санхүүгийн эх үүсвэртэй   холбож өгдөг бусад орнуудын туршлагыг Монгол улсад хэрэгжих боломжтой талаар мөн санал гаргалаа. 

Монголын төр, засгийн газар 2007 оны 2 дугаар сард бүрэн боловсруулж дуусах дэд бүтцийн хөгжлийн стратегийн үндсэн асуудлууд, энэ салбарт нэн тэргүүнд тулгарч байгаа асуудлууд болон шаардлагатай байгаа хөрөнгийн хэрэгцээг 2020 оноор гаргаж мэдээлэл хийв.  Салбарын стратегийн үндсэн зорилго нь дэд бүтцэд нөлөөлж байгаа бусад салбаруудын харилцан уялдаа холбооны талаар нэгдсэн ойлголттой болох, шаардлагатай хөрөнгө оруулалт, салбарын байгууллагуудын хөгжлийн асуудлуудыг шийдэх замууд болон дэд бүтцийн үйлчилгээ, түүнийг оновчтой түгээх асуудлыг анхааралдаа хандуулахад оршино. 

Талууд дэд бүтцийн салбар, түүний хөгжилд ихээхэн амжилт гаргасанд санал нэгтэй байлаа. Өнөөгийн байдлаар салбарын хөрөнгө оруулалт дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцэж байна. Засгийн газар хөрөнгө оруулалтын хэмжээг 15 хувь болгож нэмэгдүүлэх шаардлагатай байгаа, тэгэхдээ энэ нь тус салбарт зайлшгүй хийгдэх дараагийн шинэчлэлтүүд тухайлбал, хувьчлал болон хувийн секторын оролцоог нэмэгдүүлж байж биелэгдэх боломжтой гэж мэдээлэв. 

Уулзалтын төгсгөлд Дэлхийн Банкны Монголыг хариуцсан захирал Дэвид Доллар “Энэ удаагийн уулзалт гадаадын түншүүдийн үйл ажиллагаа, тусламжийг Монголын төр, засгаас баримталж байгаа хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй оновчтой уялдуулах, үүнтэй холбогдуулан түншүүд хамтын ажиллагааны зохицуулалтыг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой боллоо” гэж онцлон тэмдэглэв. 

Улаанбаатар зочид буудалд 10 сарын 09-10-ний өдрүүдэд амжилттай болж өнгөрсөн энэхүү техникийн уулзалт нь Монголын төр, засгийн газар, гадаад түншүүд Монголын хөгжлийн асуудлаар 6 сар тутам хамтран хэлэлцдэг ажлын хоёр дахь уулзалт юм. Энэхүү уулзалтаар талууд хөгжлийн хамтын ажиллагаагаа Монголын Үндэсний хөгжлийн стратегийн хүрээнд Монголын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд болон эдийн засгийн бодит хэрэгцээнд улам нягт уялдуулан ажиллахаар боллоо. 

Техникийн хоёр дахь удаагийн уулзалтанд олон улсын болон гадаадын хөгжлийн байгууллагуудын нийт 60 гаруй төлөөлөгч нар болон Монголын төр, засгийн газар, холбогдох яамдууд, хэрэгжүүлэх агентлагиуд мөн иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөгч нар болох 200 гаруй хүмүүс оролцов. 

Техникийн уулзалтын талаар нэмэлт мэдээллийг Дэлхийн Банкны УБ хот дахь суурин төлөөлөгчийн газрын вэб хуудаснаас авна уу.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2006/10/10

Api
Api

Welcome