ӨГҮҮЛЭЛ

Монгол Улсын Улирлын эдийн засгийн тойм - 2012 оны 10-р сар

2012.10.30


Image

Энэ оны 1-р улиралд 16.5%  байсан ДНБ-ий өсөлт 2-р улиралд саарч, 11%  болсон хэдий ч ямар нэгэн ноцтой сөрөг цочрол үүсэхгүй тохиолдолд он дуустал 10% буурахгүй байх төлөвтэй байна.


  • Монгол Улс ашигт малтмалын баялгаа эдийн засгийн эргэлтэнд оруулж эхэлснээр эдийн засагт томоохон тэлэлт бий болж эхэллээ. Оюутолгойн (OT) зэс, алтны орд нь дэлхийн хамгийн том таван ордын нэг бөгөөд энд бүтээн байгуулалт эхэлснээр ДНБ-ий өсөлт 2011 онд 17 хувьд хүрч, 2012 он гарсаар өсөлтийн хурдац бага зэрэг саарсан ч гэсэн 10-аас дээш хувьтай байлаа.
  • ОТ, Тавантолгойн (ТТ) уурхайнуудын олборлолт эхэлснээр экспорт, төсвийн орлого тогтвортой өсч, эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх тооцоо гарч байгаа учраас Монгол Улсын дунд хугацааны төлөв ихийг амлаж байна.
  • Гэхдээ богино хугацаанд эдийн засагт томоохон эрсдэлүүд тулгарч байгаагийн илрэл нь долоо болон наймдугаар саруудад ажиглагдсан экспортын огцом уналт байлаа. Энэ нь дэлхийн эдийн засгийн төлөв байдал тодорхойгүй, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч байгаа болон өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улсын нэгдсэн төсвийн зарлага ихээхэн нэмэгдэж, төсвийн мөчлөг дагасан бодлого баримталсан явдлаас үүдэлтэй юм. Төсвийн тэлэлт инфляцийг хөөрөгдөж, төлбөрийн тэнцэл дээр дарамт ачаалал бий болоход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Хэрвээ ОТ уурхайн олборлолт, улмаар борлуулалт ямар нэгэн байдлаар хойшлогдвол ойрын үеийн эдийн засгийн өсөлтийн төлөвт мөн сөргөөр нөлөөлж болзошгүй.
  • УИХ-н намрын чуулганаар хэлэлцэгдэж байгаа 2013 оны нэгдсэн төсвийн төсөл нь төсвийн зарлагыг хязгаарлаж, төсвийн бодлогыг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс бүхлээрээ хэрэгжиж эхлэх учиртай бөгөөд Төсвийн Тогтвортой Байдлын Тухай хуулинд нийцүүлэх замаар эдгээр эрсдэлийг бууруулах боломжийг гаргаж өгч байна.
  • Энэ оны нэгдүгээр улиралд 16.5 хувьтай байсан ДНБ-ий өсөлт хоёрдугаар улиралд саарч, 11 хувь болсон хэдий ч ямар нэгэн ноцтой сөрөг цочрол үүсэхгүй тохиолдолд он дуустал 10 хувиас буурахгүй байх төлөвтэй байна.
  • Экспорт энэ оны наймдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39 хувиар буурсан нь 2009 оноос хойшхи хамгийн их бууралт болсон. Үүний үндсэн шалтгаан нь БНХАУ руу гаргасан экспортын (голдуу нүүрс) бууралт байсан.
  • Урсгал дансны алдагдал гадаадын шууд хөрөнгө оруулалтаар санхүүжигдэж байгаа бөгөөд энэ хугацаанд алдагдал нэмэгдсээр байсан. Экспортын бууралт импортынхоос түрүүлж байгаа учраас урсгал дансны алдагдал цаашид улам нэмэгдэх магадлалтай. ОТ уурхайн бүтээн байгуулалт дууссанаар гадаадын шууд хөрөнгө оруулалт ирэх оноос багасч эхлэх төлөвтэй байна.
  • Монголбанкнаас төгрөгийн ханшийн уналтыг хязгаарлах зорилгоор гадаад валютын зах дээр хааяа нэг интервенци хийснээс гадаад валютын цэвэр нөөц (Монгол Банкны БНХАУ-ын төв банкнаас авсан зээл, Монгол Улсын Хөгжлийн банк болон бусад дотоодын банкуудын харилцахын үлдэгдлийг оруулаагүй) аажмаар буурч, 1.4 тэрбум ам. доллар болсон нь сүүлийн хоёр жилийн хамгийн доод үзүүлэлт боллоо.
  • Инфляци сүүлийн саруудад бага зэрэг тогтворжсон боловч хүнсний барааны үнэ өндөр, халалтанд орсон эдийн засагт эрэлтийн талын дарамт үүсгэж буй төсвийн тэлэх бодлогын улмаас өндөр түвшнээс буурахгүй байна. Инфляцийн ерөнхий индексийн үзүүлэлт наймдугаар сард 15.9 хувьтай байсан. Үнийн өсөлтийн үндсэн шалтгаан нь хүнсний барааны, тодруулбал махны үнийн өсөлт байлаа.
  • Экспорт саарч, экспортын гол бүтээгдэхүүний үнэ буурснаас төсвийн орлого бүрдүүлэлт тасарч, зарлага санхүүжилт тогтвортой өссөнийг тооцож үзвэл нэгдсэн төсвийн нийт алдагдал өнгөрсөн есдүгээр сард батлагдсан төсвийн тодотголоор 2012 онд анх батлагдсан зорилт болох нэг хувиас нэмэгдэж 4.2 хувь хүрэх төлөвлөгөөтэй боллоо.
  • Санхүүгийн зах зээл эмзэг хэвээр байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголбанк мөнгөний бодлогоо хатууруулсны үр дүнд 2011 оны эцэст 73 хувийн жилийн өсөлттэй байсан зээлийн өсөлтийг энэ оны наймдугаар сарын байдлаар 37 хувь болгож сааруулсан ч зээлийн өсөлт өндөр хэвээр байна.
  • Макро эдийн засгийн тодорхой эрсдэлүүд байгаа, мөн дэлхийн эдийн засгийн өсөлт цаашид ч удаашрах төлөвийг харгалзаж үзвэл Монгол Улсын бодлого боловсруулагчид нилээд хянуур болгоомжтой байх хэрэгтэй. Нэгдсэн төсвийн орлого, зарлагыг аль болох багаар тооцох нь хойшлуулшгүй шаардлага болж байна.
  • УИХ ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед нэгдсэн төсвийн зарлагыг (төсөвт суусан болон МУХБ-аар дамжсан төсвөөр гадуурх зарлагын аль алиныг) хазаарлаж, 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс бүхэлдээ хэрэгжиж эхлэх Төсвийн тогтвортой байдлын тухай хууль (ТТБХ)-иар тогтоосон тусгай шаардлагуудыг хангаж ажиллах боломж бүрдэж байна.

Api
Api