ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монгол Улс: Өсч буй төсвийн алдагдлаа хязгаарлахын тулд зардлаа хянахыг Дэлхийн банк зөвлөжээ

2016.5.03


2016 оны тавдугаар сарын 3, Улаанбаатар хот— Дэлхийн банкны энэ удаагийн эдийн засгийн тойм нь төсвийн орлого их хэмжээгээр тасарч, зардал өсч буй үед Монгол улсын Засгийн газар төсвийн зардлаа хянаж, хязгаарлах шаардлагатайг сануулав.

Өнөөдөр зарласан Дэлхийн банкны ээлжит “Монголын эдийн засгийн тойм” нь оны эхний гурван сард Монгол улсын төсвийн алдагдал жилийн төлөвлөгдсөн алдагдлынхаа 2/3-д хүрээд буйг онцоллоо. Эдийн засгийн идэвх сул байгаа, экспортын орлого буурч байгаагаас төсвийн орлого гуравдугаар сарын эцсийн байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар буурсан байна. Мөн хугацаанд төсвийн хөрөнгийн зардал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараг хоёр дахин нэмэгдсэн бөгөөд төсвийн нийт зардал жилийн 25 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсон “Монгол улс төсвийн тогтвортой байдлын хуулийн шаардлагыг хангахын тулд төсвийн бодлогоо сайжруулах цаг” гэдгийг санууллаа. Мөн тэрбээр “Монгол улсын урт хугацааны хөгжлийн төлөв өөдрөг хэвээр байгаа ч гадаад орчны таагүй байдал нь эдийн засгийн дархлаанд эрсдэл учруулсаар байна” гэжээ.

Монгол улсын сүүлийн саруудад гадаад зах дээрээс босгосон санхүүжилт нь төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулж дотоодын санхүүжилтийн хэрэгцээг мөн багасгана. Энэ нь өрийн үйлчилгээний өндөр зардал болон валютын ханшны эрсдэлийг бий болгохоор байгааг тус тайланд дурджээ. Уг тайланг голлон бэлтгэсэн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Ахлах эдийн засагч ноён Таехюн Ли хэлэхдээ “Сүүлийн үед Засгийн газар гаднаас санхүүгийн эх үүсвэр босгож байгаа ч экспорт буурч байгаа болон ихээхэн хэмжээний гадаад өрийн эргэн төлөлттэй холбоотойгоор төлбөрийн тэнцлийн суурь дарамт ирэх 2017 онд өндөр хэвээр байхаар байна” гэдгийг онцолжээ.

Оюутолгойн алт, зэсийн үйлдвэрийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт нь оны хоёрдугаар хагаст төсвийн импортын татварын орлого нэмэгдэхэд дэмжлэг үзүүлэхээр байгаа ч ойрын ирээдүйд түүхий эдийн зах зээл огцом сайжрахгүй тохиолдолд төсвийн нийт орлого төлөвлөгдсөн хэмжээнээс бага байх төлөвтэй байна гэдгийг мөн уг тайланд дурджээ.

Уг тайлангийн онцлох сэдвээр орон сууцны хөнгөлттэй зээлийн хөтөлбөр Засгийн газарт шилжиж байгааг Дэлхийн банк дэмжиж буйгаа дурдсан ба уг хөтөлбөртэй холбоотой зардал нь төсөвт нарийн, зөв тусгагдах шаардлагатайг сануулжээ. 

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Пунцагийн Тина
Утас: +(976) 7007-8207
tpuntsag@worldbank.org



Api
Api