ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн банк Монгол Улсад ажиллах шинэ Суурин төлөөлөгчөө томиллоо

2014.8.22


Улаанбаатар хот, 2014 оны 8-р сарын 21-- Дэлхийн банк Монгол Улсад ажиллах Суурин төлөөлөгчөөр ноён Жэймс Андерсоныг томилсон байна. Тэрээр ажлаа албан ёсоор энэ сарын 18-нд хүлээн авснаар дараа долоо хоногоос Улаанбаатар хотод ажиллаж эхлэхээр боллоо.  

Ноён Жеймс Андерсон нь АНУ-ын харьяат бөгөөд Эдийн засгийн ухааны докторын зэргийг хүртсэн нэгэн. Дэлхийн банкинд 1997 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд туршлагтай мэргэжилтэн юм. Өмнө нь Вьетнамын Ханой хотноо засаглалын асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтнээр ажиллаж, 1998-2008 онуудад Дэлхийн банкны Европ, Төв Азийн бүсийн албанд ажиллаж байсан.  1990ээд оны үеэр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн төслийн шугамаар Монгол Улсад ажиллаж мөн институцын шинэтгэлийг дэмжих сургалт зохион байгуулах, хувьчлалын үр нөлөөг судлан шинжлэх, улам бүр өргөжиж буй албан бус салбарын асуудалд анхаарах асуудлаар Дэлхийн банкны зөвлөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байв.   

Жэймс Андерсон нь удахгүй Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд нарт бараалхаж танилцах уулзалт хийх төлөвлөгөөтэй байгаа.

“Ноён Андерсон нь Монгол Улсын Засгийн газар болон бусад оролцогч талуудтай хамтран ажиллаж Монголын хөгжлийг дэмжих , ядуурлыг бууруулах, хөгжлийн үр шимийг ард иргэд тэгш хүртдэг тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн  Дэлхийн банкны эрхэм зорилгыг нэр хүндтэй биелүүлж энэ ажлыг үр дүнтэй удирдан явуулна" хэмээн Дэлхийн банкны Монгол, Хятад болон БНСУ-ыг хариуцсан захирал Клаус Роланд онцолжээ. 

Жэймс Андерсоны удирдлага дор Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар нь хөгжлийн өргөн хүрээ асуудлуудаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээг үргэлжлүүлэн дэмжиж хөгжлийн  түнш олон улсын бусад байгууллагууд болон тус улсын хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно.



Холбоо барих
Хаана Улаанбаатар хот
Тина Пунцаг
Утас: +(976) 7007-8207
tpuntsag@worldbank.org



Api
Api

Welcome