ВАШИНГТОН ДС, 2010 оны 2 дугаар сар 23 – Монголд хэрэгжиж байгаа шинэлэг төсөл болох Малын индексжүүлсэн даатгал төсөл (МИДТ)-ийн үйл ажиллагааны хүрээг тэлэх үүднээс Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл 10,0 сая ам.долларын санхүүжилтийг өнөөдөр нэмж баталлаа.
2006 онд анх хэрэгжиж эхэлсэн МИДТ нь орон нутгийн даатгалын компаниудтай хорших замаар малчдыг даатгалд хамруулдаг . Энэхүү даатгал нь цаг агаарын эрсдлийн улмаас малд учрах хохирлоос малчдыг хамгаалах зорилготой.
Мал аж ахуйн салбарын эрсдлийн удирдлага нь эрсдлийг бууруулах арга хэмжээг санхүүгийн арга хэрэгсэлтэй хоршин хэрэглэхийг чухалчилдаг. Өвөлжөөнд хашаа хороо , тэжээлийн байр бэлтгэх мөн өвлийн улирлын бэлчээрийн менежмент зэргийг хамарсан бэлчээрийн эрсдлийг бууруулах арга хэмжээ нь цаг агаарын болзошгүй хүндрэлд малчдыг бэлтгэлтэй байхын гол үндэс суурь мөн.
Монгол улсад энэ өвөл тохиолдож байгаа зуд болон бусад байгалийн онц ноцтой тохиолдолд мал олноороо хорогддог. Тэгэхээр ямарваа гамшиг тохиолдсоны дараа дахин сэргэх эх үүсвэртэй болгох санхүүгийн механизмыг бэлчээрийн болон мал маллагааны удирдлагатай заавал хоршуулан хэрэгжүүлэх нь зүйтэй.
Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөр баталсан 10 сая ам долларын нэмэлт санхүүжилтийг одоогоор дөрвөн аймагт амжилттай хэрэгжүүлж байгаа туршилтын төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэхэд ашиглах юм. Үүний үр дүнд МИДТ үйл ажиллагаагаа тэлж, 2012 он гэхэд бүх 21 аймагт хүрэх зорилготой.
“МИДТ хэрэгжиж эхэлснээс хойш техникийн чадамжийн хувьд тус даатгалын хүрээг үе шаттайгаар нэмэгдүүлэх ихээхэн боломжтой болохоо харуулсан . Даатгалд хамрагдсан малчдын тоо жил бүр өсч ирснээс гадна орон нутаг дахь даатгалын компаниуд уг бүтээгдэхүүнийг борлуулахдаа улам бүр итгэлтэй болж байна. 2009 онд даатгалд хамрагдсан малчдаас мал хорогдсоны нөхөн төлбөрийг нийт 2117 малчин авсан байна. ” Дэлхийн банкны Андрю Гуудланд, ХАА -н ахлах эдийн засагч, төслийн багын ахлагч хэлэв.
Даатгалын хөтөлбөр нь малчдын өөрийн даатгал, зах зээлд үндэслэсэн даатгал, нийгмийн халамжийн системйн нэгдэл юм. Бизнесийнх нь амьдрах чадварт ноцтойгоор нөлөөлөөгүй, бага хэмжээний хохирлын зардлыг малчид өөрсдөө даах, харин хохирол ихээхэн хэмжээтэй болбол тухайн орон нутаг дахь хувийн хэвшлийн даатгалын салбар руу шилжүүлнэ. Бүр сүйрлийн эцсийн үед хүрсэн байвал Засгийн газар хохирлыг барагдуулна.
"Ингэж хүрээг тэлснээр Засгийн газар зах зээлийн аргаар малчдыг дэмжих боломжтой болох юм. Нөгөөтэйгүүр малчид хохирол учирсан ч цаана нь хэдэн малтай үлдэнэ гэсэн санаатайгаар малын тоо толгойг өсгөхийг эрмэлзэхээ больж малын чанарыг сайжруулахад илүү анхаарал хандуулдаг болно." гэж Андрю Гуудланд хэллээ.
“МИДТ-д үзүүлж байгаа Дэлхийн банкны дэмжлэг нь уг төслийг цаашид тогтворжуулах, Засгийн газар болон малчдад цаг агаарын эрсдлийг удирдах үнэтэй арга, хэрэгслийг бий болгож өгч байгаагаараа ач холбогдолтой юм.” Аршад Саиед, Дэлхийн банкны Монгол улсыг хариуцсан Менежер, Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч онцлон хэлэв.
Тэрээр “Монголын засгийн газар 10.0 сая ам.доллартай тэнцэх хэмжээтэй зээлийг авч энэхүү даатгалын хүрээг тэлэхийг дэмжиж байгаад тун баяртай байна . Энэ нь иймэрхүү төслийн ач холбогдол, ялангуяа МИДТ монголын малчдад эерэгээр нөлөөлснийг хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл юм.” нэмэн тэмдэглэв.
МИДТ нь Дэлхийн банк болон Японы засгийн газар, Швецарын засгийн газрын хөгжил, хамтын ажиллагааны агентлагын хамтарсан санхүүжилттэй төсөл юм. Солонгосын Засгийн газрын буцалтгүй тусламж одоогоор хүлээгдэж байна.