ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Бизнес эрхлэхүй судалгааны багийнхан Монголд ажиллаж байна

2009.8.27



Улаанбаатар хот 2009 оны 8 сарын 27 - Энэ оны 8 дугаар сарын 27-ны өдөр Монгол дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хувийн хэвшлийг хөгжүүлэх зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга, Сангийн сайд С.Баярцогт Дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй” судалгааны багийнхныг хүлээн авч уулзав. Судалгааны багийнхан Монгол дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хувийн хэвшлийг хөгжүүлэх зөвлөлдөх зөвлөлийн анхдугаар хуралдааны “Бизнес эрхлэхүй” судалгааны Монгол Улсын үнэлгээг дээшлүүлж 2012 он гэхэд Азид эхний 10-т, дэлхийд эхний 30-д орох зорилтын хүрээнд гарсан шийдвэрийн дагуу Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа юм. Тус Зөвлөлийн зорилго нь бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа явуулахад таатай орчин бүрдүүлэх, тэдгээрийн өмнө тулгараад байгаа бэрхшээлийг арилгаж, төр засаг, хувийн хэвшлийн хооронд “гүүр” болж үйлчлэхэд оршиж байгаа юм.

Дээрх ажлын хүрээнд Дэлхийн банкны судалгааны багийнхан энэ оны 8 дугаар сарын 27-оос 9 дүгээр сарын 3-ны өдрүүдэд холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай уулзах бөгөөд тус судалгааны үр дүнд хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулахад шаардлагатай арга хэмжээний төлөвлөгөө, зөвлөмжийг боловсруулан гаргах тухайгаа Сангийн сайдад багийн ахлагч ноён Жастин Яап танилцуулав.

Түүнчлэн “Бизнес эрхлэхүй” судалгааны үнэлгээгээр Монгол Улс Азийн бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй сайн байр эзэлж байгаа хэдий ч Монгол Улс 2006 онд 45 дугаар байранд орж байсан бол 2009 онд 58 дугаар байранд орж ухарсан байна. Эдгээр үзүүлэлтүүд нь Монгол Улсад худалдаа, наймаа эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулалт хийхэд хууль эрх зүй, зохицуулалт болон бусад орчин нь тийм ч сайнгүй байгааг илтгэж байна гэдгийг тэрээр тэмдэглээд энэхүү нөхцөл байдлыг засаж залруулахын тулд Монгол Улсын Засгийн газрын зүгээс түлхүү анхаарч, хүчин чармайлт гарган ажиллаж байгаа нь тэмдэглүүштэй хэрэг юм хэмээн ноён Жастин Яап санал бодлоо илэрхийлэв. Мөн тэрээр судалгааны төгсгөлд гарах үр дүн, дүгнэлт, зөвлөмжийг Сангийн сайд С.Баярцогтод танилцуулахаа амлав.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2009/08/27

Api
Api