ӨГҮҮЛЭЛ

Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр Монгол хүүхдийн чадвар, сонирхлыг хөгжүүлж байна

2017.2.14


World Bank Group

ОНЦЛОХ ӨГҮҮЛЭЛ
  • 1990-ээд онд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойшх хугцаанд сургуулийн өмнөх ба бага боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр амжилтад хүрлээ.
  • 2015 оны 6 дугаар сараас Дэлхийн Банкнаас 30 сая долларын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар “Боловсролын чанарын шинэчлэл” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
  • Одоогоор 635 ЕБС тус бүр 2000-3000 долларын санхүүжилт хүлээн авч, 650 төслийг хэрэгжүүлээд байна.

Монгол Улсын хүн амын бараг 30%-ийг 14-өөс доош насныхан, 12%-ийг 5 нас хүрээгүй хүүхдүүд эзэлж байна. Бага насны хүүхдийн тоо өндөр учраас суурь боловсролыг бүх хүүхдэд эзэмшүүлэх асуудал чухал байсны дагуу энэхүү зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд харин одоо бага болон дунд боловсролын чанарыг сайжруулах тал дээр анхаарч байна. Байгалийн баялагаа удирдах, хот руу шилжих хөдөлгөөнийг зохицуулах, эдийн засгийн тэнцвэргүй байдлаас гарах зэрэг хурдацтай өөрчлөлт болоод шинэ тутам тулгарч буй асуудлыг шийдэхийн тулд юуны түрүүнд  ирээдүй хойч үеийнхний хөгжлийг илүүтэй чухалчилж байна.

1990-ээд оны зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш сургуульд хамрагдалт нэмэгдсэн:  бага дунд боловсролын  хамрагдалтын цэвэр жин улсын хэмжээнд 90% ба 82%-тай байгаа нь бусад дунд орлоготой орнуудтай ойрхон байна. 2008 оноос сургуульд орох насыг 8 нас байсныг 6 нас болгож, мөн дунд боловсрол эзэмших хугацааг 10 жил байсныг 12 жил болгон сунгасан байна. 2020 он гэхэд 12 жилээ бүрэн дүүргэсэн эхний сурагчид төгсөх юм.

Харин Монгол Улсын төрийн хувьд бага, дунд боловсролын сургалтын чанар тэргүүлэх асуудал юм. Дэлхийн Банкны судалгаанаас харахад, багш бэлтгэх тогтолцооны чанар тун хангалтгүй байна гэдэг нь харагдсан. Мөн сургалт бодитой явагдаж буй хугацаа харьцангуй бага байгаа нь ажиглагдсан байна.


World Bank Group

Эдгээр асуудлыг шийдэхэд туслах зорилгоор засгийн газраас Дэлхийн Банкны 30 сая долларын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар “Боловсролын чанарын шинэчлэл” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн гол зорилго нь сурагчдын сурлагын амжилтын үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх, багш бэлтгэх сургалтын чанарыг сайжруулах, сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар сургалтын чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд туслах явдал мөн.

Төслийн гуравдугаар бүрэлдэхүүн хэсэг болох Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр нь сургуульд нэмэлт санхүүжилтийн боломж өгч, боловсролын чанарыг ахиулах, сургалтыг шинэлэг үйл ажиллагаагаар баяжуулахыг зорьж байна.

2015 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 635 ерөнхий боловсролын сургууль  650 төслийг хэрэгжүүлэхэд тус бүр 2000-3000 долларын тэтгэлэг аваад байна.

Зарим сургууль урлагаар дамжуулан хүүхдийг хөгжүүлэх төсөл авчээ. Жишээлэхэд, Улаанбаатар хотын Налайх дүүргийн сургууль хөгжмийн зэмсэг худалдан авч, хамтлаг байгуулан “урлагаар дамжуулан сурагчдын чадварыг хөгжүүлэх зорилготой” байна. Сонгинохайрхан дүүргийн нэг сургууль улс орны бэлэгдэл болсон Морин хуурыг хүүхдүүд тоглож сурснаар хамтлаг байгуулжээ. Эдгээр залуу хөгжимчид аль хэдийн үндэсний баяр болсон наадмын тоглолтод Сүхбаатарын талбайд уригдан оролцоод байна.

Баянзүрх дүүргийн нэг сургууль байгалийн ухааны хичээлийн сургалтын материал, багаж хэрэгсэл болох микроскоп зэргийг худалдан авч, лаборатори байгуулан,  сурагчдад дадлага туршилт, байгалийн ухааны хичээлийг сонирхох сонирхлыг нь хөгжүүлэх хийх боломжийг олгоод байна.

Монголын нэрт яруу найрагч Д.Нацагдоржийн төрсөн газар Төв аймгийн Баяндэлгэр сумын сургууль жижиг театртай болж, сурагчдын унших, тоглох, жүжиглэх ур чадварыг нь хөгжүүлж байна.

Олон сургуулийн төсөл нь сонгогдож, тэтгэлгийн санхүүжилт хийгдсэнээр Монголын хүүхдүүд чадвар, сонирхлоо хөгжүүлэх боломж нь улам нэмэгдэж байна.

 



Api
Api