ӨГҮҮЛЭЛ

Монголын хөдөөгийн иргэдийн тогтвортой амьжиргааг хангах нь

2015.5.07


World Bank Group

ОНЦЛОХ ӨГҮҮЛЭЛ
  • Монголын хөдөөгийн иргэд бэлчээрийн доройтолд өртсөн эмзэг эко системд амьдардаг. Харин эко систем нь байгаль, цаг уурын хатуу ширүүн нөхцөлөөс хамааралтай.
  • “Тогтвортой амьжиргаа” хөтөлбөр нь эдгээр нөхцөл байдалтай уялдан бий болсон бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хөдөөгийн ард иргэд рүү чиглүүлэх зорилготой.
  • Хөтөлбөр гурав дахь шат руугаа орсон бөгөөд малчид өөрсдийн амьжиргааг илүү дээшлүүлэх боломжийг хүлээж байна.

Улаан-Уул, Монгол. Эдийн засгийн огцом өсөлт, уул уурхайн салбарын буумаас шалтгаалан Монгол улс эрс өөрчлөгдсөн ч хүн амын гуравны нэг нь хөдөө орон нутагт нүүдэлчин малчны амьдралын хэвшлээ хадгалсаар байна.

Малчид гол төлөв суурин газраас хол амьдардаг нь дэд бүтэц, харилцаа холбоо зэрэг нийгмийн үндсэн үйлчилгээг тэдэнд хүргэхэд өртөг өндөртэй болгож байгаа юм. Малчдын амьжиргаа нь эко системээсээ хамааралтай. Улам бүр доройтож буй бэлчээр, хахир, ширүүн өвөл, зудын хүндрэл нь эко системийг улам эмзэг болгож байна.

2001-2003 онд тохиосон зуднаар улсын нийт малын гуравны нэг нь үрэгдсэн бөгөөд үүний дараа Монгол Улсын Засгийн газар Дэлхийн Банктай хамтран энэ асуудлыг шийдэхийн тулд төрийн болон хувийн хөрөнгө оруулалтыг хөдөө орон нутаг руу, малчдад чиглүүлэхээр хамтран ажиллаж эхэлсэн билээ.

Гурван шатлалт хөтөлбөр

Гурван шатлалт “Тогтвортой амьжиргаа” хөтөлбөр 2002 онд эхэлсэн.

Эхний үе шат нь 2002-2007 онд хэрэгжсэн бөгөөд орон нутагт суурилсан хөгжлийн сан байгуулах замаар хөдөөгийн иргэдэд нийгмийн үйлчилгээг хүргэх, шийдвэр гаргахад хөдөөгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шинэ хандлагыг бий болгосон. Хөгжлийн сангийн хөрөнгийг бэлчээрийг үр ашигтай ашиглах, амьжиргаагаа дээшлүүлэхэд зарцуулахаа иргэд өөрсдөө тодорхойлдог болсон.

Хоёрдугаар үе шат нь 2007-2013 онд хэрэгжсэн бөгөөд энэ үед хөтөлбөр улам өргөжин Хөгжлийн сан нь 6000 гаруй дэд төслийг санхүүжүүлсэн. Эдгээр дэд төслүүд нь боловсрол, эрүүл мэнд, бэлчээрийн менежмэнт, орон нутгийн бичил бизнесийг дэмжихэд зарцуулагджээ. “Тогтвортой амьжиргаа-II” хөтөлбөр нь Төсвийн удирдлага, санхүүжилтийн хуультай уялдан, орон нутагт төвлөрлийг сааруулж, санхүүжилтийг орон нутгийн өөрийн удирдлагад зарцуулахад ихээхэн ач холбогдолтой болсон.

Гуравдугаар шат нь Төсвийн удирдлага, санхүүжилтийн хуулийн хэрэгжилтийг үргэлжлүүлэх, төвлөрлийг сааруулах болон бусад шинэчлэлийг дэмжих зорилготой. Энэ үе шатанд орон нутгийн өөрөө удирдах чадавхийг бий болгож, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг дэд бүтэц, нийгмийн үйлчилгээнд зарцуулах арга барилд суралцах юм.

“Тогтвортой амьжиргаа-III” нь дотроо Сумын хөгжлийн хөтөлбөрийг агуулж байгаа бөгөөд энэ хөтөлбөр нь сумын түвшинд өөрсдийн хэрэгцээ, давуу талаа тодорхойлох, төлөвлөх, төсөвлөх, хэрэгжүүлж, зарцуулах, хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөхийг санал болгож байгаа юм.

 



" эдгээр зүйлсийг барьж байгуулахад хөрөнгө гаргахаас илүүтэй малчид бүгд хамтдаа эдгээр ажлыг хийсэн. Хүмүүсийн өөрсдийнх нь хэрэгцээ шаардлага тэднийг нэгтгэсэн. "

М.Энхтөр



Хөтөлбөр малчдад хүрч байна

Улаан-Уул сумын бага сургуулийн багш Т.Мөрөнгуа бол хөтөлбөрийн үр шимийг хүртэж яваа нэгэн. “Өвөл их хүйтэн. Багш, сурагчид бүгд анги дотор ч гэсэн зузаан хувцастайгаа хичээллэдэг байсан. Харин энэ хөтөлбөрийн ачаар бид анги болгонд зуух барих боломжтой болсон. Одоо сурагчид маань гадуур хувцсаа тайлан хичээллэж байна. Хичээл заах, хүүхдүүдийг сургахад урамтай болсон” хэмээн ярьсан юм.

Улаан-Уул сумын днд сургуулийн биеийн тамирын багш Б.Оронхишиг Мөрөнгуагийн хэлснийг бататгаж байна. “Өмнө нь цантсан цонхны завсраар хүйтэн салхи үлээж, хаалга мөстөн, хичээллэхэд хэцүү байдаг байлаа” хэмээн хэллээ.

2012 онд сургуулийн багш нар цуглан “Тогтвортой амьжиргаа” хөтөлбөрийн хүрээнд бий болсон хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн үр ашигтай зарцуулах талаар ярилцацгаасан байна. Ингээд тэрбээр сургуулийн биеийн тамирын заалыг засварлан тохижуулах саналыг гаргажээ. “Бид заалны хана, шалыг зузаалж, давхарласан. Одоо зааландаа хичээллэхэд дулаан, тохилог, тав тухтай байдаг болсон” гэж Б.Оронхишиг хэллээ.

“Бид сургуулийн заалыг засварлахад хөгжлийн сангаас 2500 ам.доллар зарцуулсан. Сангийн үлдсэн хөрөнгөөр гудамжуудыг гэрэлтүүлж, мал угаах онгоц байгуулж, таван хошуу малын төрөл бүрд зориулсан өвчтэй мал эмчлэх хоёр корпусыг барьсан” хэмээн Улаан-Уул сумын “Тогтвортой амьжиргаа” хөтөлбөрийн зохицуулагч М.Энхтөр хэллээ.

Барьж байгуулсан зүйлсээс илүү нэг чухал байсан нь “эдгээр зүйлсийг барьж байгуулахад хөрөнгө гаргахаас илүүтэй малчид бүгд хамтдаа эдгээр ажлыг хийсэн. Хүмүүсийн өөрсдийнх нь хэрэгцээ шаардлага тэднийг нэгтгэсэн” гэж Энхтөр хэллээ.

“Одоо орон нутгийн захиргаа мөнгөө үрэхээс өмнө биднийг сонсдог болсон. Тэд бидэнд бизнесийн зээл авахад зөвлөж, ажил үйлчилгээ авах гэрээ байгуулахад зуучилдаг болсон. Бидний дуу хоолойг сонсдог болсон гэдгийг би мэдэрч байна” гэж эдүгээ 70 настай малчин Пүрэвжав ярьж байна.

“Орон нутгийн иргэд бичил бизнес эрхлэхэд нь туслах зорилгоор бид зээл олгож байна. Зарим нэг нь багахан хэмжээний талбайд ногоо тарьж эхэлсэн. Бид тарьсан ногоог нь худалдан авч хотын хэрэгцээнд нийлүүлж байгаа” хэмээн Улаан-Уул сумын Засаг дарга Н.Батбаяр хэллээ.

Улам урагшилна

Хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө төвийн болон бүс нутгийн удирдлага нь орон нутгийн удирдлагын дуу хоолойг бага хүргэдэг байсан хэмээн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт хэлж байна.

“Тогтвортой амьжиргаа” хөтөлбөрийн ачаар бид одоо хөгжлийг өөр өнцгөөс хардаг болсон. Хөтөлбөр орон нутгийн иргэдийн шууд оролцоотойгоор хэрэгжиж, тэдгээр иргэдийн урт удаан хугацаанд тогтвортой амьдрах боломжийг бий болгож байна” хэмээн тэр хэллээ.

Хөтөлбөр гурав дахь шат руугаа ороход “бидний найдвар шинэ үед биеллээ олох болно” гэсэн хүслээ малчид хэлж эхэлжээ.

Улаан-Уул сумын мянгат малчин Цорж хаваржааны газар нь сэргээгдэн шинэчлэгдсэнд баярлаж байгаагаа илэрхийлсэн. “Гэсэн ч өвөлжөөнд ус ховор хэвээр байна. Дараа жил илүү сайн худаг гаргах саналыг би тавьж байна. Харин дараагийн нэг том асуудал нь малчид бидний ундны ус юм” хэмээн Цорж хэллээ.

 

Api
Api