2008 оны сүүл болон 2009 оны эхэн үеийн эдийн засгийн уналтаас хойш Монголын эдийн засгийн ихэнхи салбаруудын өсөлт эргэн сэргэсээр байна. 2009 онд 1.3хувийн бууралтай байсан ДНБ, 2010 онд урьдчилсан байдлаар 6.1 хувиар өссөн байна. Гэвч хөдөө аж ахуйн салбарт өнгөрсөн жилийн зудны гамшиг нөлөөлсөөр өвөлтэй золголоо. Энэ салбарт сүүлийн гурван улиралд 2 оронтой тоогоор хэмжигдэх бууралт ажиглагдаж байна.
12-р сарын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 11-р сард 12 хувьтай байсан УБ хотын инфляци 12-р сард 14 хувь (өмнөх оны мөн үетэй харьцуулахад) хүрч хэрэглээний үнэ цаашид өсөх хандлага үргэлжилсээр байна. Инфляцийн хувьд гадаад болон дотоодын хүчтэй дарамтууд хослон нүүрлэж байна. Олон улсын мөнгөний бодлого, хүнсний нийлүүлэлтийн байдал мөн Монгол Улсад хүнсний ногоо, будаа зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдхүүнүүдийг нийлүүлэгч Хятад Улс, ОХУ-д хүнсний үнэ өсч байгаа нь гадаад орчноос инфляцийн дарамтууд ирж болзошгүйг анхааруулж байна. Дотоодын эдийн засгийн хувьд нөөц чадамж дутагдалтай байгаа бөгөөд өнгөрсөн өвлийн зудны сөрөг нөлөө махны үнэнд ихээхэн нөлөөлсөн хэвээр байна. Түүнчлэн 2011 оны төсөв их хэмжээний бэлэн мөнгө тараах өндөр зардалтай батлагдав. Тиймээс бид 2011 онд үнийн өсөлтийн дарамтууд үргэлжилнэ гэж үзэж байна.
Америк доллартай харьцуулсан төгрөгийн ханш аажмаар чангарсаар хямралын өмнөх үеийн түвшинд хүрлээ. 2010 оны 12-р сарын дундаж ханш өмнөх сартай харьцуулахад 3 хувиар, 2009 оны 12-р сартай харьцуулахад 15 хувиар тус тус өссөн байна.
Монгол Улсын төсөв санхүү, эдийн засгийн сэргэлт болон ашигт малтмалын үнэ өсөж буйтай уялдан сайжирсаар байна. 2010 оны төсөв тэнцсэн төсөвтэй гарав (12 сарын гулсмал нийлбэрээр). Гэвч 2011 оны төсөв урьд өмнө тохиож байгаагүй өндөр зардалтай, ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэх огцом өссөн төсвийн алдагдалтайгаар батлагдсан. Энэ нь Монгол Улсын түүхэн дэх хамгийн том төсөв (4.0 триллион төгрөг) буюу ДНБ-ий тэн хагасаас илүү хэмжээнд хүрээд байна. Бидний дүн шинжилгээгээр 2011 оны төсөв эдийн засгийн огцом эргэлт болон эдийн засгийн нөөц чадамж дутагдалтай зэргээс бий болчихоод байгаа одоогийн инфляцийн дарамтуудыг улам хүндрүүлнэ гэж үзэж байна. Зардлыг ингэж мөчлөг дагасан байдлаар үргэлжлүүлэх нь шинээр батдагдсан Төсвийн Тогтвортой Байдлын хуулийн үзэл санаатай нийцэхгүй мөн 2013 оноос эхлэн мөрдөх төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувиас илүүгүй байлгах шилжилтийн замд хүндрэл учруулж байна.
Гадаад худалдааны алдагдал 2009 оны 2-р сард 1086 сая ам.доллар (12 сарын гулсмалаар) байсан бол 2010 оны 6-р сард 146 сая ам. доллар болтлоо багасч мэдэгдэхүйц сайжирч байснаа 2010 оны 12-р сард 379 сая ам.доллар болж, ойрын саруудад дахин нэмэгдэж эхэллээ. ОТ-н бүтээн байгуулалтын ажил, түлш, тоног төхөөрөмжийн тээвэрлэлт болон холбогдох дэд бүтцийн төслүүд нэмэгдсэнээр эдийн засаг тэлж, тэр хэрээр импорт огцом өсч байна. Үүний үр дүнд II улиралд ДНБ-ий 7.4 хувьтай тэнцэж байсан урсгал дансны алдагдал (4 улирлын гулсмал нийлбэрээр) 2010 оны 3-р улиралд 9.8 хувьд хүрч тэллээ.
Банкны салбарт ЧЗБ (чанаргүй зээлийн багц) болон хугацаа хэтэрсэн зээл 12-р сард нийт зээлийн 16 хувьтай тэнцэж энэ үзүүлэлт өндөр хэвээр байна. Хадгаламжийн бодит хүү буурч байгаа ч хадгаламжийн баталгааны хууль болон ханшын таатай байдлаар өдөөгдсөн төгрөгийн хадгаламж өссөн хэвээр байх хандлага үргэлжилж байна. Гэвч ам. долларын хадгаламжийн хүү маш өндөр хэвээр байгаа нь (хугацаат хадгаламжийн хүү 14 хүртэл хувьтай) зах зээлийн эрсдэлтэй байдлыг харуулж байна. Хувийн салбарын гадаадаас зээл авах явдал нэлээд их хэмжээгээр нэмэгдлээ. Энэ байдал нь төв банкнаас нухацтай хяналт тавихад хүргэж байна. Учир нь эдгээр зээлүүд нь ямар ч хамгаалалтгүй, зээлдүүлэгч мөнгөө гэнэт татсан тохиолдолд зээлдэгчийг эмзэг байдалд оруулж болзошгүй юм. Банкуудын үзүүлэлтийг сайжруулах үүднээс банкны бүтцийн өөрчлөлтийг хийх мөн одоогийн мөрдөгдөж буй банкны дүрэм журмуудыг цаг алдахгүй, зоригтойгоор хэрэгжүүлэх нь чухал байна.
Албан бус хөдөлмөрийн захууд дээр хамгийн сүүлд 2010 оны 12 сард хийсэн судалгаагаар улирлын онцлогтой барилгын хөдөлмөрийн зах зээл болон цаг агаарын хүйтэн байдлаас шалтгаалан гадуур борлуулалт буурсантай холбогдуулан түр ажилчдын тоо 9 сартай харьцуулахад 40 хувиар буурсан үзүүлэлт гарав. Албан бус зах зээл дэх ажилчдын бодит цалин дундааар 2010 оны 9 сараас хойш ойролцоогоор 30 хувь буурсан байна. Өсч буй инфляцтай зэрэгцэн өвлийн саруудад ажиллах боломж багассан нь нийгмийн хамгийн эмзэг хэсгийнхний бодит цалин буурч байгааг тайлбарлаж байна.
Монгол Улс төсвөө ил тод байлгах тал дээр томоохон ахиц гаргасан боловч төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг сайжруулах тал дээр ихээхэн анхаарах хэрэгтэй хэвээр байна. Нэгдсэн Төсвийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журам зэрэг хуулийн төслүүд болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх асуудлуудын талаар хэлэлцэж байгаа энэ чухал үед төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх, төсөвлөх системийг сайжруулах талаархи саналуудыг Дэлхийн Банкны техник туслалцааны баг саяхан танилцуулсан. Түүнчлэн 2011 онд Хөгжлийн Банк байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ банк нь Монгол Улсын урт хугацааны дэд бүтцийн хэрэгцээг санхүүжүүлэхдээ Төсвийн Тогтворжуулалтын Сангийн орлогын нэг хэсгийг хэрэглэх юм. Энэхүү эдийн засгийн тоймоороо Хөгжлийн Банкыг байгуулахад олон улсын туршлагыг үндэслэн заавал анхаарах шаардлагатай зарчмын томоохон асуудлуудын талаар товч өгүүллээ.