ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ2025.10.22

Дэлхийн Банк цахилгаан дамжуулах шугамын шинэ төслөөр Монгол Улсад цахилгаан эрчим хүчний үйлчилгээний найдвартай, аюулгүй байдлыг дэмжинэ

УЛААНБААТАР ХОТ, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр. Дэлхийн Банк Монгол Улсын цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах чухал алхам болох цахилгаан эрчим хүчний үйлчилгээний найдвартай, аюулгүй байдлыг сайжруулах, нүүрстөрөгчийн ялгарал багатай эрчим хүчинд шилжих шилжилтийг дэмжих Эрчим хүч-4 төслийг батлав. Төсөл нь Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, найдвартай байдлыг сайжруулахын хамт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр холбох боломжийг бүрдүүлэх юм.  

Дэлхийн Банкны хувьд Монгол Улсын цахилгаан эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай байдлыг сайжруулахад Засгийн газарт үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж байгаадаа таатай байна” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли хэлэв. “Уг шинэ төсөл Монгол Улсын нүүрстөрөгчийн ялгарал багатай хөгжлийн зорилгыг хангахын хамт эдийн засгийн хүртээмжтэй өсөлт, ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлнэ” хэмээн тэрээр мөн онцлов.

Монгол Улсын Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй нягт уялдсан уг төслийн хүрээнд одоогийн Мандал дэд станцаас Өвөрхангай шинэ дэд станц хооронд 220 кВ-ын хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам,  Мандалговь, Арвайхээр, Баянхонгор дэд станцын өргөтгөл, дэд станц хоорондын 110 кВ-ын хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын барилгын ажил тус тус гүйцэтгэнэ.    

Эдгээр хөрөнгө оруулалтын ажлын үр дүнд Төвийн болон Баруун бүсийн  200,000 орчим оршин суугчдад цахилгаан эрчим хүчний найдвартай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ. Цахилгаан дамжуулах шугамын хүчин чадлыг 590 МВт-аар нэмэгдүүлснээр төслийн бүс нутагт цахилгаан эрчим хүчний тасалдал 50 орчим хувиар буурах, цахилгаан эрчим хүчний системд 150 МВт-ын хүчин чадалтай салхин болон нарны эрчим хүчний эх үүсвэр холбох боломж мөн бүрдэх юм. Түүнчлэн цахилгаан дамжуулах шугам, дэд станцын барилгын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг сайжруулах арга хэмжээ авна.   

Эрчим хүч-4 төслийг Дэлхийн Банк Группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 78 сая ам.долларын хөрөнгөөр санхүүжүүлнэ. Төсөл нь Дэлхийн Банкны олон шатлал бүхий хөтөлбөрийн хүрээнд тогтвортой эрчим хүчний шилжилтийг хурдасгах хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн болно. Тогтвортой эрчим хүчний шилжилтийг хурдасгах хөтөлбөр нь Зүүн Ази, Номхон далайн бүсийн зарим улсын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг холбох үйл ажиллагааг хурдасгах зорилготой юм.

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2026/024/EAP

Холбоо барих

Улаанбаатарт
Б.Жавхлан
+976 70078207
Вашингтон хотод
Дэлхийн Банкны хэвлэлийн алба
+1 (202) 473 7660

БЛОГ

    loader image

ШИНЭ МЭДЭЭ

    loader image