Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ2025.4.24

Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг: Технологи, шинэчлэл ба ирээдүйн хөгжил цэцэглэлтэд хүргэх хамтын ажиллагааны зам

Вашингтон хот, 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр - Зүүн Ази, Номхон далай (ЗАНД)-н бүс нутаг 2024 онд эдийн засгийн өсөлтөөрөө ихэнх бүс нутгийг гүйцэж түрүүлсэн. Өсөлтийн энэхүү эрч хүчийг тогтвортой хадгалж, ажлын байр бий болгохын тулд ЗАНД-н бүс нутгийн улс орнууд дэлхий даяарх тодорхойгүй байдлын ая эвийг олох, дэлхий нийтийн интеграцчлалын шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, хүн ам зүйн чиг хандлагатай холбоотой урт хугацааны сорилт, бэрхшээлийг даван туулах шаардлагатай.

Дэлхийн Банк 2025 оны тус бүс нутгийн эдийн засгийн тоймдоо 2024 онд 5.0 хувьтай байсан ЗАНД-н бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2025 онд 4.0 хувь болж буурна гэж төсөөлж байна. Өсөлт энэхүү таамаглалаас нэмэгдэх эсвэл буурах эсэх нь эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөвөөс зарим талаар шалтгаалах ч дэлхий даяарх тодорхойгүй байдалд улс орнуудын бодлого хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээс мөн хамаарна. Бүс нутаг дахь ядуурлын түвшин үргэлжлэн буурахаар байна. Дундаас дээш орлоготой орнуудын ядуурлын шугамыг үндэслэн тооцвол, 2024-2025 оны хооронд бүс нутгийн 24 сая орчим хүн ядуурлаас ангижрах төлөвтэй байна.*

Улам бүр газар авсаар буй тодорхойгүй байдал нь бизнесийн салбарынхан болон хэрэглэгчдийн итгэл найдварт нөлөөлж, хөрөнгө оруулалт, хэрэглээнд хориг саад учруулж байна. Худалдааны хязгаарлалт ЗАНД-н бүс нутгийн экспортод нөлөөлөхийн сацуу дэлхийн нийт эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь гадаад эрэлтийг улам бууруулж болзошгүй юм.

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Мануэла В.ФерроЗАНД-н бүс нутгийн орнуудад дэлхий нийтийг хамарсан тодорхойгүй байдлын ая эвийг олохын зэрэгцээ шинэ технологи нэвтрүүлэх, үүнд хөрөнгө оруулалт хийх, илүү зоригтой шинэчлэл хийх, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар бизнесийн шинэ боломжуудыг нээж, эдийн засгийн хэтийн төлөвөө сайжруулах боломж байна” хэмээв.

2025 онд тус бүс нутгийн улс орнуудын эдийн засгийн өсөлт тухайлбал, Хятадын өсөлт 4.0 хувь, Камбожийнх 4.0 хувь, Индонезынх 4.7 хувь, Малайзынх 3.9 хувь, Монгол Улсынх 6.3 хувь, Лаосынх 3.5 хувь, Филиппинийх 5.3 хувь, Тайландынх 1.6 хувь,  Вьетнамынх 5.8 хувь байх бол номхон далайн арлын орнуудын эдийн засаг 2.5 хувиар өсөх төлөвтэй байна.

Дэлхийн Банкны зүгээс гурван хэсэг бүхий бодлогын хариу арга хэмжээ авахыг санал болгож байна. Нэгдүгээрт, шинэ технологи ашиглах нь бүтээмжийг нэмэгдүүлэх ба үр дүнд нь Малайз, Тайландын үлгэрлэсэн шиг илүү олон ажлын байр бий болгох боломжтой. Хоёрдугаарт, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, тэр дундаа үйлчилгээний салбарт шинэчлэл хийх нь Вьетнамд ажиглагдсан шиг эдийн засгийн шинэ боломжуудыг бий болгоно. Гуравдугаарт, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь цочролыг сөрөн тэсвэрлэх чадварыг дээшлүүлнэ.

"Шинэ технологийг зоримог шинэчлэл, шинэлэг хамтын ажиллагаатай хослуулах нь бүс нутгийн улс орнуудад өнөөгийн болон урт хугацааны сорилт, бэрхшээлийг даван туулахад туслах болно" хэмээн Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн ерөнхий эдийн засагч Аадитя Маттоо хэлэв. "Энэ бол өндөр бүтээмж, илүү сайн ажлын байр бий болгох жор юм" хэмээн тэрээр мөн онцлов.

---

* Дэлхийн Банк дундаас дээш орлоготой орнуудын ядуурлын шугамыг өдөрт 6.85 ам.доллар гэж тооцдог.

Эх сурвалж: Дэлхийн Банкны мэдээлэл Сэдэв: Ядуурал ба тэгш бус байдал

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2025/065/EAP

Холбоо барих

Вашингтон хотод
Гийтанжали Чопра

БЛОГ

    loader image

ШИНЭ МЭДЭЭ

    loader image