ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ2026.4.08

Эрчим хүчний цочрол болон тодорхойгүй байдал Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн өсөлтийг удаашруулж байна

Хүмүүс, компаниудад шийдвэртэй дэмжлэг; ажлын байр, өсөлтөд гүнзгий шинэчлэл шаардлагатай.

ВАШИНГТОН ХОТ, 2026 оны 4-р сарын 8 – Гадаад цочролоос үүдэн Зүүн Ази, Номхон далай (ЗАНД)-н бүс нутгийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа талаар өнөөдөр танилцуулсан Дэлхийн Банк Группийн ЗАНД-н бүс нутгийн эдийн засгийн шинэчилсэн тоймд дурджээ.

Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнөөс үүдсэн эрчим хүчний цочрол худалдааны саад тотгор, дэлхийн бодлогын тодорхойгүй байдал, дотоодын эдийн засгийн хүндрэл зэрэг сөрөг нөлөөллийг улам бүр даамжруулж байгаа тул 2025 онд 5.0 хувь байсан бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2026 онд 4.2% болж буурах төлөвтэй байна.

Бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох Хятадын өсөлт 2025 онд 5.0% байснаа дотоодын эрэлт сул, үл хөдлөх хөрөнгийн салбарын үргэлжилсээр буй сорилт, бэрхшээл болон дэлхийн эдийн засгийн удаашрал экспортын өсөлтийг сааруулсан зэргээс үүдэн 2026 онд 4.2%, 2027 онд 4.3% болж буурах төлөвтэй байна. Бүс нутгийн бусад улс, орнуудын эдийн засгийн өсөлт 2026 онд 4.1% болж буурах ба геополитикийн хурцадмал байдал намжиж, тодорхойгүй байдал буурснаар 2027 онд 5.0% болж сэргэнэ гэж таамаглаж байна.

"Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт тодорхойгүй цаг үед ч дэлхийн бусад ихэнх бүс нутгаас илүү гүйцэтгэлтэй хэвээр байна" гэж Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Карлос Фелипе Харамилло хэлэв. "Гэсэн хэдий ч өсөлтийн түвшинг хадгалахын тулд улс орнууд бүтцийн сорилт, бэрхшээлтэй нүүр тулж, бүтээмжийг нэмэгдүүлж, илүү олон ажлын байр бий болгохын тулд дижитал эрин үеийн боломжийг ашиглах шаардлагатай байна."

Ойрхи Дорнод дахь мөргөлдөөний нөлөө нь улс орон бүрийн эрчим хүчний импортоос хамааралтай байдал, эмзэг байдал, эдийн засгийн бодлогын уян хатан байдлаас хамаарна. Урт удаан үргэлжилсэн, илүү ширүүн мөргөлдөөн эдийн засгийн хүндрэлийг улам бүр хурцатгаж, бүс нутгийн өсөлтийг бууруулж болзошгүй юм. Шатахууны үнэ тасралтгүй өссөөр 50%-д хүрвэл, энэ нь бүс нутгийн өрхийн орлогыг 3-4%-иар буурахад хүргэх магадлалтай. Ядуу, эмзэг бүлгийн хүмүүс болон жижиг, дунд үйлдвэрүүдэд чиглэсэн зорилтот дэмжлэг санхүүгийн дарамтгүйгээр хамгийн их хэрэгцээтэй хүмүүст туслах боломж олгоно.

"Бүс нутгийн, өмнөх үеийн цочролыг сөрөн тэсвэрлэх чадвар гайхалтай байсан хэдий ч өнөөгийн хүндрэл бэрхшээл эдийн засгийн хямралыг даамжруулж, бүтээмжийн өсөлтийг сааруулж болзошгүй" хэмээн Дэлхийн Банк группийн судалгаа хариуцсан захирал Аадитя Матту хэлэв. "Хүмүүс болон компаниудад үзүүлэх хянамгай дэмжлэг нь өнөөдрийн ажлын байрыг хадгалж үлдэх боломж олгох бол, зогсонги байдалд орсон бүтцийн шинэчлэлийг сэргээх нь маргаашийн өсөлтийг бий болгож чадна."

Энэхүү тайланд 2025 онд, ялангуяа Малайз, Тайланд, Вьетнамд хиймэл оюун ухаантай холбоотой экспорт болон хөрөнгө оруулалт идэвхжсэн талаар дурджээ. Хиймэл оюун ухаан бүтээмжийн өсөлтийг нэмэгдүүлэх боломжтой хэдий ч ЗАНД-н бүс нутагт үүний ашиглалт, хэрэглээ холболт болон ур чадварын зөрүүтэй байдлын улмаас хязгаарлагдмал хэвээр байна. Хятад, Тайланд улсуудад олон улсын охин компаниудын зөвхөн 13-17% нь хиймэл оюун ухааныг ашиглаж буй бөгөөд энэ нь аж үйлдвэржсэн орнуудын эзлэх хувийн гуравны нэгтэй тэнцэж байна.

Тайлангийн тусгайлан анхаарал хандуулсан хэсэгт, тодорхой нөхцөлд аж үйлдвэрийн бодлого хэрхэн ЗАНД-н бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, илүү бүтээмжтэй ажлын байр бий болгоход тусалж болохыг онцлон тэмдэглэжээ. БНСУ, Малайз болон саяхан гэхэд Вьетнамын тодорхой салбаруудад чиглэсэн зорилтот дэмжлэг үр дүнгээ өгсөн бөгөөд үүний шалтгаан нь эдгээр улс орнууд эдийн засгийн үндэс суурь болох дэд бүтэц, боловсрол, зохицуулалтын институцээ сайжруулж, худалдаа, хөрөнгө оруулалтыг либералчилсан явдал байв.

Бусад орны компаниудад үзүүлсэн дэмжлэг үр нөлөө эсвэл үр ашиг багатай байсан бөгөөд энэ нь эдийн засгийн үндэс суурь сул, ялангуяа үйлчилгээний салбар байнгын хамгаалалттай зэргээс үүдсэн хязгаарлалтыг даван туулах шаардлагатай тулгарсантай нь холбоотой байсан байна.

Тайлан татах

 

Вебсайт: worldbank.org/eap

X: x.com/WB_AsiaPacific

Мэдээний товхимол: http://wrld.bg/HlN550YFit5

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2025/051/EAP

Холбоо барих

Вашингтон хотод
Дэлхийн Банкны хэвлэлийн алба
+1 202 473 7660

БЛОГ

    loader image

ШИНЭ МЭДЭЭ

    loader image