ВАШИНГТОН ХОТ, 2025 оны 10 дугаар сарын 7 - Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг дэлхийн ихэнх улс орнуудтай харьцуулахад илүү хурдацтай өсөж ирсэн ч тус бүс нутаг дэлхий даяарх тодорхойгүй байдлын өнөө үед илүү олон ажлын байрыг бий болгож, тогтвортой өсөлтийг хангахын тулд зоримог шинэчлэл хийх хэрэгтэй.
Дэлхийн Банкны 2025 оны 10 дугаар сарын "Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тойм"-д дурдсанаар энэ онд бүс нутгийн эдийн засаг 2024 оны 5.0 хувиас бага зэрэг буурч 4.8 хувиар өсөх төсөөлөлтэй байна. Вьетнам улс 6.6 хувийн өсөлтөөр бүс нутгаа тэргүүлж, Монгол (5.9 хувь), Филиппин (5.3 хувь) улсууд удаалж байна. Хятад, Камбож, Индонезийн эдийн засаг тус бүр 4.8 хувиар, Номхон далайн арлын орнууд 2.7 хувиар, харин Тайланд 2.0 хувиар өсөх төлөвтэй.
Зүүн Азийн хүртээмжтэй хөгжлийн амжилттай загвар нь шинэ сорилт, бэрхшээлтэй тулгарах болов. Сүүлийн үед хөдөлмөрийн бүтээмж багатай, ихэвчлэн албан бус, ахиж дэвших боломж хязгаарлагдмал үйлчилгээний салбарт ажлын байр нэмэгдэх хандлага ажиглагдлаа. Мөн залуус ажил олоход хүндрэлтэй болж, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо бага байсаар байна. Хэдийгээр 2025-2026 оны хооронд 25 сая хүн ядуурлаас гарах төлөвтэй ч бүс нутгийн ихэнх орнуудад ядууралд өртөмтгий хүн амын эзлэх хувь дундаж давхаргынхны хүн амд эзлэх хувиас өндөр байна.
"Тус бүс нутгийн эдийн засаг харьцангуй өндөр өсөлттэй байгаа ч чанартай ажлын байр хангалтгүй байгаа тул ажлын байрны парадокстой тулгарч байна" хэмээн Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Карлос Фелипе Харамилло хэллээ. Тэрээр мөн "Компаниудын зах зээлд нэвтрэх боломж болон өрсөлдөөнд бэрхшээл учруулж буй саад тотгорыг арилгахад чиглэсэн зоримог шинэчлэл хийснээр хувийн хэвшилд хөрөнгө оруулалт хийх боломж нээгдэж, эрчтэй, бүтээмжтэй компаниудад хөгжих, шинэ ажлын байр бий болгох боломж олгоно. Дэлхийн Банк нь тус бүс нутгийн хүн амын хүсэл эрмэлзэлд нийцсэн хүртээмжтэй өсөлтийг хангах зорилтод тууштай түнш нь хэвээр байна" хэмээв.
Эдийн засгийн үйл ажиллагааны өндөр давтамжтай үзүүлэлтүүдээс харахад өсөлт удааширч байна. Жижиглэнгийн худалдааны борлуулалт нэмэгдэж байгаа ч хэрэглэгчдийн итгэл хараахан КОВИД-оос өмнөх түвшинд хүрч сэргээгүй байна. Аж үйлдвэрийн үйлдвэрлэл эрчтэй явагдаж байгаа ч бизнес эрхлэгчдийн итгэл сул. Худалдааны тарифын өсөлтөөс өмнө экспорт идэвхэжсэн боловч шинэ экспортын захиалга мөн сул байна.
Бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2026 онд 4.3 хувьд хүрч буурах төлөвтэй. Өсөлтийн үр дүн нь худалдааны хязгаарлалт, харьцангуй намжаад байгаа ч өндөр хэвээр буй дэлхий даяарх тодорхойгүй байдал, дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал, мөн дотоод бодлогын сонголт, тэр дундаа зарим улс орнууд бүтцийн шинэчлэлээс илүүтэй төсвийн дэмжлэгийн бодлогыг сонгох зэрэг хүчин зүйлсээс хамаарахаар байна.
Энэхүү тайланд хүмүүн капитал болон цахим дэд бүтцийн шинэчлэл, хөрөнгө оруулалт, үйлчилгээний салбар дахь өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, ажлын байр болон хөдөлмөр эрхлэгчдийн ур чадвар хоорондын нийцлийг хангах бодлого хэрэгжүүлэхийн чухлыг онцолжээ. Хиймэл оюун ухаан, робот техник, цахим платформын хурдацтай дэвшилтэй хөл нийлүүлэхийн тулд компаниуд, ажилтнууд, бодлого боловсруулагчид шинэ ур чадвар, дасан зохицох, хөрвөх чадвар эзэмших шаардлагатай тулгарч байна.
Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан ахлах эдийн засагч Аадитя Маттоо “Зүүн Азийн улс, орнуудын экспортод түшиглэсэн, хөдөлмөр ихээр шаарддаг өсөлт нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд тэрбум гаруй хүнийг ядуурлаас гаргасан ч тус бүс нутаг худалдааг хамгаалах, ажлын байрыг автоматжуулах гэсэн хоёр сорилт, бэрхшээлтэй нүүр тулж байна." гэв. Тэрээр мөн "Бизнесийн орчныг шинэчилж, боловсролыг сайжруулснаар боломж ба ур чадвар хоорондын харилцан өгөөжтэй өсөлтийн мөчлөгийг нээх, улмаар илүү өндөр өсөлт, илүү сайн ажлын байрыг бий болгох боломжийг бүрдүүлнэ" гэлээ.
* Дэлхийн Банк дундаас дээш орлоготой орнуудын ядуурлын шугамыг өдөрт 6.85 ам.доллароор тогтоосон. Эх сурвалж: Дэлхийн Банкны Дата, Сэдэв: Ядуурал ба тэгш бус байдал