Улаанбаатар, 2025 оны 8-р сарын 4 — Дэлхийн Банкны шинэ тайланд уул уурхайн салбар эрчимтэй өсөж байгаа энэ үед Монгол Улс төсөв, санхүүгийн чухал шинэчлэлийг ахиулах, төсвийн бодлогыг бэхжүүлэх боломжтойг онцолсон байна.
"Энэ удаад өөрөөр: Тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн төлөөх төсвийн шинэчлэл" нэртэй Монгол Улсын төсвийн судалгаагаар Монгол Улсын төсөв, макро эдийн засгийн төлөв гадаад орчноос үүдэлтэй хүндхэн гурван жилийн дараа сайжирсан үр дүнтэй гарчээ. Нүүрсний экспортоор хөтлүүлсэн эдийн засгийн эрчимтэй өсөлт нь улсын өрийг бууруулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байсан бол өрийн удирдлагын идэвхтэй арга хэмжээг авснаар гадаад өр төлбөртэй холбоотой эрсдэлийг бууруулж, бондын хүүгийн зөрүүг багасган, улсын зээлжих зэрэглэлийг сайжрууллаа.
Эдийн засагт дээрх эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж байгаа боловч төсвийн эмзэг байдал хэвээр байна. Уул уурхайн салбараас төвлөрүүлэх төсвийн орлого нэмэгдэж, түүнийг дагаад төсвийн зардлыг нэмэгдүүлснээр Монгол Улсын төсвийн нийт зардлын ДНБ-д эзлэх хувь нь цар тахлын өмнөх түвшин болон ижил төстэй орнуудын үзүүлэлтээс давсан байна. Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт, төрийн өмчийн байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлж буй төсвийн шинжтэй арга хэмжээнүүд нь төсвийн тэлэх бодлогыг улам лавшруулж, төсвийн хүрээнд олж авсан эерэг өөрчлөлтүүдийг эргэн алдах эрсдэлийг бий болгож байна.
Уг тайланд төсвийн зарлагын үр ашгийг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг тодорхойлсон. Монгол Улсын нийгмийн халамжийн тогтолцоо ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулж байгаа ч өндөр зардалтай тул зорилтот бүлгээ илүү оновчтой тодорхойлох бодлогын орон зай байна. Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бүс нутаг, орлогын бүлгүүдийн хувьд ялгаатай байгаа асуудлыг шийдвэрлэх нь хүний капиталын илүү сайн үр дүнгийн үндэс суурийг тавих, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, ирээдүйн бат бөх өсөлтийг бий болгох юм. Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого ба үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ирээдүйн өсөлтийг дэмжихээр зорьж буй энэ үед төрийн хөрөнгө оруулалтын төслүүдийг эрэмбэлэх, төлөвлөлт, хяналтыг сайжруулснаар төрийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой. Төсвийн орлого өмнөх жилүүдэд сайн байсан ч татварын шинэчлэлээр уул уурхайн орлогоос хамаарах хамаарлыг багасгаж, татварын баазыг өргөжүүлэхийн зэрэгцээ татварын прогрессив төлөвийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөд илүү ээлтэй болгох боломжтой.
Дээрх шинэчлэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засгийг цаашид тогтворжуулж, инфляцын болон гадаад тэнцлийн дарамтыг бууруулж, биет болон хүний капиталд хөрөнгө оруулалт хийх бодлогын орон зайг бүрдүүлэх юм. "Монгол Улс шийдвэрлэх цаг үед ирээд байна. Одоогийн эдийн засгийн өсөлт нь улс орны төсвийн байр суурийг бэхжүүлэх онцгой боломжийг бий болгож байна. Гэхдээ шинэчлэлийг хойшлуулбал өмнөх өсөлт-уналтын мөчлөгүүдийг давтах эрсдэл гарч байна" хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли хэллээ. "Энэ цаг мөч нь төсвийн үндэс суурийг бэхжүүлж, зарцуулалтын үр ашгийг сайжруулж, тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд хөрөнгө оруулалт хийх бодлогын орон зайг бий болгох цаг мөн. Сүүлд батлагдсан төсвийн тодотгол нь орлогын хэлбэлзэл болон гадаад орчны тодорхойгүй нөхцөл байдалтай нүүр тулахад шаардлагатай төсөв санхүүгийн сахилга батыг хадгалах Засгийн газрын хүчин чармайлтыг илтгэж байна" хэмээн тэрээр мөн онцлов.