Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2021.10.12

Монгол Улс төсөв, санхүүгийн удирдлагын хувьд ахиц гаргав

Улаанбаатар хот, 2021 оны 10-р сарын 13 –Монгол Улсын төсөв, санхүүгийн удирдлагад ахиц гарсан хэдий ч цаашид олон улсын сайн туршлага, стандартад нийцэхийн тулд зарим чиглэлд үргэлжлүүлэн шинэтгэл хийх нь зүйтэйг Дэлхийн Банкны гүйцэтгэсэн үнэлгээ онцоллоо.

Монгол Улсын төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдлыг олон улсын жишигтэй харьцуулан үнэлсэн Төсвийн зарлага, санхүүгийн хариуцлага (ТЗСХ) үнэлгээний тайлангаар Монгол Улс төсвийн талаарх мэдээллийн олон нийтийн хүртээмж, төсөв боловсруулах үйл явц, санхүүгийн мэдээллийн үнэн зөв байдал болон хөндлөнгийн аудит зэрэг асуудлаар сайн үнэлгээ авчээ. Төсвийн сахилга батыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийг зориулалтаар нь зарцуулахад хяналт тавих болон төрийн үйлчилгээ хүргэлтийг сайжруулахын тулд нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын хэрэгжилт, төсвийн эрсдэлийн удирдлага, дунд хугацааны төсөвлөлт болон төрийн үйлчилгээг сайжруулахад гүйцэтгэлийн үнэлгээг ашиглах зэрэг асуудлын хувьд цаашид шинэтгэл хийх шаардлагатайг уг тайлан харуулав.

"Төсвийн зарлага, санхүүгийн хариуцлага үнэлгээ нь Монгол Улсад төсөв, санхүүгийн удирдлагаа сайжруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, тэдгээрийн ахиц дэвшлийг хэмжихэд тун оновчтой үндэс суурийг бүрдүүлж байна. Энэхүү тайлан нь Монгол Улсад засаглалыг бэхжүүлэх чиглэлд бидний хамтран хэрэгжүүлж буй өнөөгийн хөтөлбөрийн ололт амжилтыг хэмжих, мөн цаашдын үйл ажиллагааг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэх юм." гэж Дэлхийн Банкинд Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев хэллээ.  

Европын Холбоо Монгол Улстай урт хугацаанд, өргөн хүрээнд түншилж ирсэн. Уг тайлан Монгол Улс цаашид төсөв, санхүүгийн удирдлагаа улам бүр сайжруулах хүсэл эрмэлзэлтэйг илтгэж байна. ЕХ төсвийн дэмжлэгийн хөтөлбөр зэргээрээ дамжуулан цаашид ч Монгол Улсад төрийн санхүүгийн удирдлагын шинэтгэлийн үйл хэрэгт дэмжлэг үзүүлэх болно” гэж  Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын тэргүүн  Аксель Никейз онцлов.

Монгол Улс төсвийн сахилга батыг сайжруулах болон төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх шинэтгэлийг шат дараатайгаар хэрэгжүүлж ирснийг тус тайланд дурджээ. Шинэтгэлийн эхэн үе болох 2003-2008 онуудад дотоод хяналтыг бэхжүүлэх, мөнгөн хөрөнгийн удирдлага болон нягтлан бодох бүртгэл, тайлагнал зэрэг тогтолцооны үндсэн бүрэлдэхүүнийг бий болгосон. Харин шинэтгэлийн хоёр дахь үе шат болсон 2008-2011 онуудад төсвийн бодлого, төсвийн төлөвлөлт, орон нутгийн засаг захиргаанд төсөв, санхүүгийн эрх мэдэл, хөрөнгө нөөцийг шилжүүлэн төвлөрлийг сааруулах зэрэг чиглэлд ахиц гаргасан. Харин сүүлийн жилүүдэд Монгол Улс макро эдийн засаг, төсвийн удирдлагыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр нэлээд олон санаачилгыг эхлүүлээд байна.

Уг тайланд сүүлийн 5 жилийн хугацаанд хэрэгжүүлж буй шинэтгэлийн явцыг үнэлсэн ба үнэлгээний хүрээний нийт 31 үзүүлэлтээс 12 үзүүлэлтийн үнэлгээ сайжирч, 13 хэвэндээ буюу өөрчлөлтгүй байсан бол 3 үзүүлэлтийн үнэлгээ буурсан байна.

2015 оны үнэлгээнээс хойш хамгийн их сайжирсан үзүүлэлтүүд нь төсвийн найдвартай байдал, төсвийн гүйцэтгэлийг урьдчилан таамаглах болон хянах, төсвийн орлогын үйл явц, зарлагын санхүүжилт, мөнгөн хөрөнгө болон өрийн бүртгэл, цалингийн зардлын хяналт зэрэг чиглэлд байлаа. Төсвийн иж бүрэн байдал, ил тод байдал, бодлогод суурилсан төсөвлөлт, бүртгэл, тайлагнал болон хөндлөнгийн аудитын талаарх үзүүлэлтүүд харьцангуй тогтвортой байна.

Төсөв, санхүүгийн хувьд засаглалыг сайжруулахад ахиц гаргах  үйл явцад оролцсон бүх талуудад Дэлхийн Банкны зүгээс баяр хүргэж байна. Шинэтгэл хийхээр төрөөс тууштай авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байгааг харахад маш таатай байна" гэж Дэлхийн Банкинд Зүүн Ази, Номхон далайн бүсийн Засаглалын асуудал хариуцсан менежер Алма Канани онцлов.

Тус үнэлгээг Европын Холбооны санхүүжилттэй Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн санхүүжилтээр хийж гүйцэтгэв. Тайланг нийтэлж буй цаг хугацаа нь төсөв, санхүүгийн удирдлагын шинэчлэлийн стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэх үйл ажиллагаатай уялдаж байгаа бөгөөд төсөв, санхүүгийн хувьд засаглалыг бэхжүүлэх болон төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах шинэтгэлийн цаашдын алхмуудыг тодорхойлоход уг үнэлгээ чухал үүрэг гүйцэтгэх юм.

Нэмэлт мэдээллийг: www.worldbank.org/mongolia

Нийгмийн сүлжээнд:

Facebook: /WorldBankMongolia

Twitter: @WB_AsiaPacific


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2022/026/EAP

Холбоо барих

Улаанбаатар хотод
Б. Индра
70078207
ibaatarkhuu@worldbank.org
Api
Api