2010 оны 03 сарын 04 - Улаанбаатар хот: “Улаанбаатар хотын агаарыг сайжруулахад бодитой биелэхүйц, томоохон зорилт бүхий агаарын бохирдлыг бууруулах стратеги хэрэгтэй байна.” гэж Дэлхийн банк үзэж байна.
Дэлхийн банк нь “Улаанбаатарын агаарын бохирдол - Одоогийн нөхцөл байдлын үнэлгээ ба бохирдлыг бууруулах арга хэмжээний нөлөө” тайлангаараа агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрүүдээр нэн тэргүүнд анхаарал хандуулж, үнэлэх шаардлагатай зорилт, дүн шинжилгээний хүрээг гаргаж өгсөн.
Одоо хийгдэж байгаа Агаарын мониторинг, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөний талаарх суурь судалгаа (AMHIB)-ны гол гол үр дүнг энэ тайланд тодотгон тусгав Энэ судалгааг Дэлхийн банк, Монгол улсын их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн хамтран хийж байгаа юм. Олон улсын атомын энергийн агентлаг, БНСУ, Голланд улс зэрэг хэд хэдэн хандивлагчид энэхүү судалгаанд хувь нэмрээ оруулсан.
Судалгаа нь агаарыг бохирдуулж буй үндсэн дөрвөн эх үүсвэр болох: гэр хорооллын халаалт, уурын зуух, цахилгаан станц, тоос, тэдгээрийн Улаанбаатар хотын агаарын бохирдолд оруулж буй нөлөөг судалсан. Энэхүү аюултай ялгарлыг бууруулснаас эрүүл мэндэд учирч буй хүндрэл хэрхэн буурах таамаглалыг бас гаргасан.
“Одоогоор, Улаанбаатар хотын бичил тоосонцорын түвшин олон улсын стандартаас хэт өндөр байна. Эрүүл мэндэд хоргуй түвшинд хүргэх нь нэг шөнийн дотор шийдэгдэх асуудал биш ч гэсэн одоо арга хэмжээ авч болохгүй гэсэн үг бишээ. Иймээс энэхүү тайланд дурьдсанчлан зорилгоо мэдэх нь чухал – ялгаралтын бууралтыг хэчнээн хэмжээгээр багасгавал агаарын бохирдолт нүдэнд харагдахуйцаар буурах вэ гэдгийг мэдэх хэрэгтэй,” гэж Дэлхийн Банкны Цэвэр Агаар Хөтөлбөрийн Менежер Гайлиус Драугелиус хэлэв.
Драугелиус цааш хэлэхдээ: “Хүний уушиг нь агаар шүүгч мэт ажилладаг. Судалгаагаар бичил тоосонцор нь амьсгалын замын өвчин болон эмнэлэгт хэвтэж буй зүрх судасны өвчтэй хүмүүсийн тоонд нөлөөлж байна.”
Бохирдлын эх үүсвэрүүдийн агаар, эрүүл мэндэд үзүүлдэг нөлөөлөл нь ялгаатай байдаг учраас чухам ямар бохирдлыг хичнээн хэмжээгээр бууруулах зорилтыг агаарын бохирдлыг бууруулах стратегийн хүрээнд тавих талаар тайланд мэдээлсэн байна.
Тайлангийн үр дүн нь агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний талаар хэлэлцүүлгийг хөхиүлэн дэмжих зорилготой. Эцсийн тайлан 2010 оны хавар гарна.
NB: Гэр хороололд хийж байгаа AMHIB-ын агаарын бохирдлын суурь судалгаа нь анх удаа системтэйгээр хийгдэж байгаа судалгаа юм.