ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монголын төсвийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахын төлөө

2009.10.29



Монголын эдийн засгийн бодлогын хоёр дах удаагийн чуулга уулзалт Монгол улсын санхүүгийн салбар болон уул уурхайгаас орж ирэх орлогын удирдлагын талаар хэлэлцлээр:

Улаанбаатар, 2009 оны 10 сарын 29 - Дэлхийн олон орноос хүрэлцэн ирсэн санхүү, эдийн засгийн төлөөлөгчид уул уурхайн бүтээгдхүүний үнийн өсөлт, бууралтын үе дэх эдийн засаг, түүнийг Монголын нөхцөлд хэрхэн оновчтой удирдан зохицуулах талаар ярилцав.

Энэхүү эдийн засгийн чуулга уулзалт нь дэлхий дахиныг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал, олон улсын зах зээл дээрх ашигт малтмалын үнэ ихээхэн буурсанаас Монгол улсын төсөвт нилээд хүндрэл үүссэн мөн зэс, алтны томоохон орд Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Монголын Засгийн газар дэлхийн хэмжээний уур уурхайн томоохон компанууд болох Рио Тинто, Айванхоу Майнзтай үзэглэсэний дараахан болж байгаагаараа цаг үеээ олсон ихээхэн ач холбогдолтой үйл явдал болж байна.

Монгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Дэлхийг хамарсан хямралыг бид хаа хаанаа амсаж байгаа.  Энэ хямралын үед мөр даран олон жил яригдсаар ирсэн Оюу толгой төслийг хэрэгжүүлэх хариуцлагатай шийдвэрийг бид мөн гаргасан. Оюу толгой төсөл болон бусад ашигт малтмалын ордуудыг ашиглах нь манай орны өнөө болон ирээдүйн нүүр царайг ихээхэн өөрчлөх болно.”  гээд “Энэхүү чуулга уулзалт нь бусдын туршлагаас суралцаж, бусдын алдааг бид хэрхэн яаж давтахгүй байх онцгой боломжийг олгож” байгааг онцлон тэмдэглэв.

Дэлхийн банкны УБ хот дах суурин төлөөлөгч, Монголыг хариуцсан менежер Аршад Саиед "Чуулга уулзалт нь олон улсын шилдэг туршлагаас суралцах сайхан боломжийг олгож байгаа. Жишээ нь дэлхийн хэмжээнд ашигт малтмалын баялагаа зөв ашигласан цөөн орнуудын нэг болох Чили, Недерланд улсуудын санхүү, эдийн засгийн мэргэжилтэнүүдийн мөн бусад олон улсын хэмжээний хүмүүсийн туршлагыг сонсож, ярилцах боломжтой” гэв.

Дэлхийн Банкнаас зохиож байгаа Монголын эдийн засгийн бодлогын хоёр дах  удаагийн чуулга уулзалтын үндсэн сэдэв нь дэлхийг хамарсан эдийн засгийн хямралын нөлөөнд автаж буй Монгол улсын банкны систем болоод төсвийн санхүүгийн асуудал байв. Үндсэн сэдвийн хүрээнд  чуулганд оролцогчид Монголын эдийн засгийн орлогын төрөлжилт, хариуцлагатай төсвийн бодлого, сайн засаглалын  талаар хэлэлцэн ярилцав. 

Чуулга уулзалтанд Дэлхийн банкны Ази номхон далайн бүсийн Ерөнхий эдийн засагч, Финлянд улсын Их хурлын гишүүн, Чили улсын Сангийн яамны олон улсын санхүү хариуцсан зөвлөх, Олон улсын валютын сан, Нидерландын Сангийн яамны төлөөлөгч зэрэг хүмүүс үндсэн илтгэгч болон гол хэлэлцүүлэгчээр оролцов. Тэдэнтэй хамт мөн Монгол улсын их хурал, засгийн газрын эрхэм гишүүд, гадаад түншүүд, иргэний нийгмийн төлөөлөл, академич нар санал солилцож сонирхолтой мэтгэлцээн явуулав.

Жижиг бөгөөд нээлттэй эдийн засгийн хувьд Монгол улс нь гадны нөлөөнд өртөмтгий байх талтайг чуулганы үндсэн илтгэлийг тавьсан Дэлхийн банкны Зүүн Ази Номхон далайн бүсийн ерөнхий эдийн засагч Викрам Неру тэмдэглэн хэлээд өөрийн байнга санаж явдаг банк санхүүгийн хямралын үед түргэн шуурхай арга хэмжээ авах, сайн бэлтгэлтэй байх мөн ил тод байх гэсэн гурван сургамжийг чуулганд оролцогсдод хандан хэлсэн байна.

Тэрээр “ Монголд санхүүгийн тогтвортой байдлыг хангахад  үнийн хэлбэлзэл, гадаад , дотоодын аливаа сөрөг нөлөөнд сайн хамгаалалтай байж чадах санхүүгийн систем шаардлагатай” гэж чухалчлан хэлэв.

2008 оны 10 сарын 28нд болсон Монголын эдийн засгийг бодлогын анхдугаар чуулга уулзалтаас хойш нэг жилийн дараа болж буй энэхүү хоёр дах удаагийн  нэг чуулга уулзалтанд олон улсын болон гадаад, дотоодын эдийн засаг, санхүүгийн мэргэжилтэнгүүд, бодлого тодорхойлогч нар  мөн Монголын нийгэм, олон нийтийн төлөөлөгчид нийт 1000 хүн оролцов.

Дэлхийн банкны суурин төлөөлөгч, Монголыг хариуцсан менежер Аршад Саиед “Уулзалтын үер хэлэлцсэн олон улсын шилдэг туршлага, мэдлэг нь Монголын хөгжлийн гол суурь асуудал болох уул уурхайгаас олох орлогыг Монгол улсын эдийн засгийн өсөлт болон ядуурлыг бууруулах улмаар  тус улсын иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахад хэрхэн зөв ашиглах талаар тус дөхөм болно гэдэгт итгэж” байгаагаа илэрхийлэв.

Энэхүү 2 дах удаагаа зохиогдож байгаа Монголын эдийн засгийн бодлогын чуулга уулзалтын гол зорилго нь гадаад болон дотоодын бодлого тодорхойлогчдыг цуглуулан Монгол улсын хөгжилд тулгарч буй сорилтуудыг даван туулах арга замуудын талаар ярилцах юм. 

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2009/10/29

Api
Api

Welcome