Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монголын бэлчээрийн чанар сэтгэл түгшээж байна

2009.7.22



Улаанбаатар хот 2009 оны 7 сарын 22 – Монгол улсын малын тоо толгой өсөн нэмэгдэж, бэлчээрийн байдал муудсаар байгаа асуудалд анхаарал хандуулахгүй бол мал өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна.

Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр шинжээчдийн баг Ойт хээрийн бүсийн Завхан аймгийн Оргих баг, Булнай сум,  Говь-Алтай аймгийн цөлийн Цэцэг нуур баг, Эрдэнэ сумын нутгийн бэлчээрийн өөрчлөлтөд хэмжилт хийхэд байдал түгшүүрийн байдалтай болохыг тодорхойлсон.

Цөлийн болон ойн бүсэд хийсэн хэмжилтээс үзэхэд, сүүлийн 11 жилийн хугацаанд бэлчээрийн өвс ургамал 35 хувиар хомсдож, бэлчээрийн шороон болон чулуулаг хучлага нэмэгдэж, хогийн болон энгийн ургамал эрс багассан байна.

Цөлийн бүсийн хувьд, малд ашигтай өвс ургамлын төрлүүд жилийн дөрвөн улирлын туршид хүрэлцээ муу байгаа бол ойт хээрийн бүсэд малд ашигтай, ашиггүй болон хорт ургамлын харьцангуй бүтцийн байдалд өөрчлөлт ороогүй байна.

Энэ хоёр бүсэд өвөлжөө, оторын бэлчээрийн үр шим нэлээд буурсан ба харин зуны улиралд арай дээрдэж байгаа нь мал бага бэлчээрлэж өвс ургамал нэмэгдэж \ойт хээрийн бүсэд\ байгаа болон отрын бэлчээрт ус бага байгаа зэрэгтэй холбоотой юм.

Шинжээчдийн багийн удирдагч  АНУ-д байдаг Бэлчээр сайжруулах олон улсын төвийн Др. Деннис Шийхи болон Канадын Саскачеваний их сургуулийн Амьтан, шувуу судалгааны тэнхимийн Др. Далхаажав Дамиран нарын үзэж байгаагаар, малын тоо толгой нэмэгдэж, сүргийн бүтцэд ямааны эзлэх хувь өсөж, үүн дээр цаг агаарын хуурай нөхцөл нь нэмэрлэсэн нь энэ хоёр бүсийн бэлчэээрт шийдвэрлэх нөлөө үзүүлсэн байна.

“Монгол улсын бэлчээрийн чанар ийнхүү муудаж байгаа нь сэтгэл түгшээх асуудал бөгөөд хэрэв байдал ийм маягаар цаашид үргэлжлэх юм бол зуд, ган гачигийн үед бэлчээр болон мал ихээхэн эрсдэлтэй тулгарч болзошгүй. Хэдийгээр ямааны тоо толгой өссөн нь үүнд нөлөөлөх гол хүчин зүйл боловч малын тоо толгой эрс өссөн болон цаг агаарын дулаарал ч бас зохих хэмжээгээр нөлөөлсөн” гэж Др. Шийхи хэлэв.

“Орон нутгийн албан хаагчид болон малчдын ярьж байгаагаар цаг агаарын хуурайшилт бэлчээрийн чанарт нөлөөлж, малын ашиг шимийг бууруулж байна. Хур тундас бага, нуур, гол горхины ундрага ширгэж, өвс ургамал тарчиг болж байна.”

Сүргийн бүтцийн асуудалд анхаарал хандуулахгүй бол байдал цаашид ч энэ маягаар үргэлжлэх болно гэж Др. Далхаажав хэлэв. “Ямааны ноолуурын үнэ буурч байгаа нь сүргийн бүтцэд ямааны эзлэх хувийг бууруулах таатай боломж байж болох юм” гэж тэрээр цохон тэмдэглээд “үүний зэрэгцээ усны эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд ус түгээх системийн  талаар судалж үзэх нь бэлчээрийг сайжруулахад түлхэц болж, өвөл, зуны бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх, жилийн дөрвөн улиралд амьд байгаль усаар хангагдаж байх болно” гэв.

Шинжилгээний анхны дүгнэлтээр, бэлчээрийг доройтлоос хамгаалах хөтөлбөрийг бэлчээр ашиглагчид болон засаг захиргааны хамтын хүчин чармайлтаар хэрэгжүүлэх явдал гэсэн санал дэвшүүлж байна. Бэлчээрийг нөхөн сэргээх хөтөлбөрт зайлшгүй багтаах шаардлагатай асуудлуудад бэлчээр ашиглалтыг сайжруулахын тулд сумын засаг захиргааны хүчин чадлыг нэмэгдүүлэх, бэлчээрийг сайжруулах болон мал бэлчээх явдлыг зохион байгуулах стратеги боловсруулан мөрдүүлэх, амьд байгалийг хамгаалах зэрэг асуудлууд орж байна гэсэн дүгнэлтийг судалгааны баг гаргасан байна.

Энэхүү судалгааны шинэ ажил нь одоогоос арваад жилийн өмнө Монгол улсын дөрвөн бүс нутгийн 114 макро-хэсэг газарт Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр эхэлсэн судалгааны ажлын үргэлжлэл бөгөөд энэ удаагийн судалгаа Дэлхийн банкны Голланд-Монголын сангийн Байгаль орчны шинэтгэл төслийн хүрээнд хийгдсэн болно. Судалгааны ажил энэ жил Завхан, Төв аймгийн нутагт үргэлжлэх бөгөөд судалгааны ажлын эцсийн дүн энэ оны эцсээр гарна.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2009/07/22

Api
Api