ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Тогтвортой Амьжиргаа Төсөл II Нээлтээ хийлээ

2008.5.16



Улаанбаатар, 2008 оны 5 дугаар сарын 16 - Монгол Улсын Засгийн Газраас Дэлхийн банктай тохиролцосны дагуу  Тогтвортой Амжиргаа Хөтөлбөрийг 12 жилийн хугацаатай 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү Тогтвортой Амжиргаа Хөтөлбөрийн хүрээнд Тогтвортой Амьжиргаа Төсөл II  (ТАТ II) –ийн нээлтийн ажиллагаа Монгол Улсын Засгийн Газрын ордонд болж өнгөрлөө. Энэ хөтөлбөрийн эхний үе шат болох Тогтвортой Амьжиргаа I (ТАТ I) төсөл нь Дэлхийн банкны санхүүжилтээр 8 аймгийг сонгон авч туршилт хийх замаар 2002-2007 онд амжиллттай хэрэгжиж дууссан.   

Тогтвортой Амжиргаа II төслийн зорилго нь: Эхний үе шатанд  8 аймагт хэрэгжүүлсэн ажлын туршлагад тулгуурлан  хөдөө орон нутагт ядуурлыг бууруулах институцийн механизмыг ( Байгууллагын бүтцийг) бий болгосноор амьжиргааны тогтвортой, найдвартай байдлыг Монгол Улсын бүх аймаг, суманд өргөжүүлэн хэрэгжүүлэх явдал юм.  

Уг төслийг Дэлхийн Банк ( 33 сая ам доллар), Европын Холбоо (10 сая ам доллар),   Японы Засгийн газраас олгож байгаа Бодлогын болон Хүний Нөөцийн Хөгжлийг Дэмжих Буцалтгүй Тусламж (3.9 сая ам доллар), Монгол Улсын Засгийн Газраас (1.1 сая ам доллар) тус тус санхүүжүүлнэ. 

Тогтвортой Амжиргаа Хөтөлбөрийн ( ТАХ ) эхний хэсэг нь малчдын аюул ослыг багасгах, гэнэтийн цаг агаарын өөрчлөлтөөс болж гарсан хямралыг засгийн газар хурдан мэдэх, түүнтэй тэмцэх чадавхаа дээшлүүлэх, орон нутгийн түвшинд иргэдийн оролцоо түүний хувь нэмрийг өсгөх, санхүүгийн зээлийн үйчилгээг авах боломжийг нэмэгдүүлэх зэрэгт шинэлэг арга барилыг нэвтрүүлж чадсан юм. 

Монгол Улс хэдийгээр сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, ядуурал буурах урагштай чиг хандлага гарч байгаа хэдий ч нийгэмд тулгамдаж буй олон асуудлууд байгаа юм. Нийт улсын хэмжээнд авч үзвэл нийгмийн давхаргын зөрүү их, монголын нийт хүн амын тал хувь нь амьдардаг хөдөө орон нутагт ядуурлын түвшин өндөр, нүүдэлчин малчин өрхүүд эмзэг бүлгийн дийлэнх хувийг эзэлж байна. Тиймээс төслийн гол анхаарах зүйл нь: Хөдөө, орон нутгийн иргэдийн оролцоог төслийн үйл ажиллагаа болон шийдвэр гаргахад илүүтэйгээр нэмэгдүүлснээр тэдний гол тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд оршино.  

Дэлхийн Банк нь ( ТАТ  II )-ын туслалцаатайгаар Монгол улсын засгийн газарт эхний үе шатнаас авсан сургамжтай, ололттой талуудыг бүтэц, зохион байгууллалтын хэмжээнд бүрдүүлэхийн хажуугаар, бусад хандивлагч байгууллагуудын дэмжлэгтэй нэмэлт үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад туслалцаа үзүүлнэ. 

Дэлхийн Банкны төслийн ажлын багийн удирдагч Андру Гүдланд: “Уг төсөл нь хөдөөгийн орон нутгуудад эрүүл мэндийн болон боловсорлын байгууллагын чадавхийг сайжруулах, санхүүгийн үйлчилгээ авах боломжийг нээх, бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлагыг дээшлүүлэх зэргээр хүн амын амьжиргааг дэмжихэд амжилт үзүүлсэн эхний үе шатын үргэлжлэл байх бөгөөд энэхүү шинэ төслийн гол шалгуур нь төслийн хамрах хүрээг улсын хэмжээнд өргөтгөх, ба орон нутгийн засаг захиргаа, иргэд, олон нийт өөрсдөө төслийн үр ашгийг урт хугацааны туршид үргэлжлүүлэх чадавхийг хөгжүүлэхэд оршино.” гэж тэмдэглэн хэлэв. 

Төслийн хүрээнд үйл ажиллагааг 4 бүрэлдэхүүн хэсэгт хуваан санхүүжүүлнэ. 

  • Бүрэлдэхүүн хэсэг 1: Бэлчээрийн мал аж ахуйн эрсдэлийн удирдлага (БМААЭУ) 
  • Зорилго: Бэлчээрийн ашиглалтыг малчдын оролцоотойгоор сайжруулж, малчдын амжиргааг дээшлүүлэх, БМАА-н эрсдэлд бэлтгэлтэй байж бэрхшээлийг гарз хохирол багатай даван туулах чадавхийг өргөн хүрээтэй төлөвшүүлэх.
  • Бүрэлдэхүүн хэсэг 2: Олон нийтийн санаачилга (ОНС)

Зорилго: Олон нийтийн оролцоог дэмжин, хөрөнгө оруулалтын үр ашигтай, ил тод аргачлалыг бий болгож орон даяар нэвтрүүлснээр олон нийт өөрсдөө иргэдийн нэн тэргүүний хэрэгцээнд тулгуурлан нийтийн эзэмшлийн байгууламжуудыг сайжруулах төслөө ач холбогдлоор нь сонгох, эрэмбэлэх, хандив хөрөнгө бүрдүүлж хамтран санхүүжүүлэн хэрэгжүүлдэг механизмыг бүрдүүлэх.  

  • Бүрэлдэхүүн хэсэг 3: Бичил санхүүгийн хөгжил (БСХ)

Зорилго: Хөдөөгийн болон санхүүгийн үйлчилгээ  хязгаарлагдмал газруудад оршин сууж буй иргэдийг тогтвортой санхүүгийн үйлчилгээнд хамруулан улмаар хүрээг нь өргөтгөж, тэдэнд үзүүлэх санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулахад оршино.

  • Бүрэлдэхүүн хэсэг 4: Төслийн удирдлага ба чадавхи бэхжүүлэлт (ТУ)

Зорилго: Төслийн бүх үйл ажиллагааг үр дүнтэй, үр ашигтай, цаг хугацаанд нь удирдах бүх чиг үүргийг санхүүжүүлэх. 

Уг төсөл нь Тогтвортой Амьжиргаа Төслийн төв ажлын байр болон аймаг, сумдад байрлах туслах ажлын байруудаар дамжин хэрэгжинэ. Төслийн бүхий л үйл ажиллагааг Сангийн яам хариуцаж ажиллах ба үүнд бусад холбогдох засгийн газрын агентлагуудаас бүрдсэн Төслийг Удирдах Хороо багтах юм. Төсөл нь 2008 оноос 2012 он хүртэл 4 жилийн хугацаанд хэрэгжинэ. 

Уг төслийн нээлтэнд Сангийн сайд ноён Ч. Улаан, УИХ –ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга хатагтай Т. Ганди, Дэлхийн Банкны суурин төлөөлөгч ноён Аршад Саеид, Европын Холбооны Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Майкл Пульш, Япон Улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ясуёши Ичихаши, болон Монголын хөгжилд хувь нэмэр оруулагч хүндэт зочдын хамтаар оролцож амжилттай болж өнгөрлөө.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2008/05/16

Api
Api

Welcome