ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

УБ хот, хөдөө орон нутагт цахилгаан эрчим хүчний алдагдал буурч байна

2006.4.04



Монгол орны эрчим хүчний салбарт бий болон хуримтлагдаж байгаа өрийн сүлжээний үндсэн шалтгаан болох цахилгаан эрчим хүчний сүлжээний алдагдал сүүлийн жилд Улаанбаатар хотод  болон орон нутагт ихээхэн буурч байгааг тус салбарынхан онцлон тэмдэглэж байна. 

Эрчим хүчний салбарын судалгаанаас үзэхэд УБ хотын цахилгаан эрчим хүчний алдагдлийн хэмжээ 13 хувиар, Дорнод, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар аймгуудад дунджаар 27-70 хувиар тус тус буурсан байна. 

Цахилгаан түгээх сүлжээний алдагдал ийнхүү буурсан нь сүүлийн жилүүдэд УБ хотын болон дээр дурьдагдсан аймгуудад цахилгаан эрчим хүчний түгээх сүлжээний техник, технологийг эрс сайжруулсантай холбоотой гэж “УБ цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ны захирал Д. Баттулга хэлж байна. “ УБ хот дахь цахилгаан түгээх сүлжээний алдагдлын ихэнх хувь нь гэр хороололд байсан. Тийм ч учраас бид эхний ээлжинд гэр хорооллийн хэрэглэгчдэд цахилгаан түгээх сүлжээг техник, технологийн хувьд сайжруулсан нь техникийн болон техникийн бус цахилгааны алдагдлыг мэдэгдэхүйц багасгаж чадсан” гэж Д. Баттулга тайлбарлав. 

Дээрх ажлууд нь Монголын Засгийн Газар (Түлш Эрчим Хүчний Яам) болон Дэлхийн Банкнаас хамтран хэрэгжүүлж буй “Түгээх сүлжээний алдагдал бууруулах” эрчим хүчний төслийн хүрээнд хийгдсэн. Энэхүү төсөл нь 2000 оны 11 сард хэрэгжиж эхэлсэн байна. 

Дэлхийн Банкны эрчим хүчний ахлах мэрэгжилтэн, төслийн ахлагч Сальвадор Ривера төслийн үндэслэл, үндсэн зорилгын талаар “ Аливаа улс орны хөгжилд дэд бүтэц ихээхэн ач холбогдолтой. Монгол орны эрчим хүчний салбарын найдвартай байдалд цахилгаан түгээгч компаниудын үйл ажиллагааг сайжруулах, системийн алдагдлыг бууруулах нь нэн тэргүүний асуудал байсан тул Дэлхийн банкны хөнгөлттөй зээл болон техникийн буцалтгүй тусламжийн үйл ажиллагааны хүрээнд энэхүү төслийг Түлш Эрчим Хүчний Яамтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн юм” гэв. 

Төслийн явцын үр дүнд, төсөлд хамрагдсан аймгуудын дарга нар болон аймгийн эрчим хүчний байгууллагуудын захирлууд сэтгэл хангалуун байна. “Баянхонгор Эрчим Хүч” ХХК-ны гүйцэтгэх захирал Г. Батжаргал “Төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө манай аймагт нэг кв цахилгаан эрчим хүчнээс 13 төгрөг алдаж байсан болон одоо 3 төгрөг алдаж байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр манай байгууллага жилийн 30-35 сая төгрөгийн үр ашигтай гарсан” гэж хэлэв. 

Төсөл хэрэгжиж эхлээд таван жил болж байгаа бөгөөд 2008 оны 12 сард дуусна. 

Төслийн үлдэж буй хугацаанд төсөлд хамрагдсан цахилгаан, эрчим хүчний байгууллагуудын үйл ажиллагааны системийг арилжааны хэлбэрээр илүү боловсронгуй болгох,  мөн нэмж баруун гурван аймгийн эрчим хүчний байгууллагуудын техник, технологийг сайжруулах зорилготой юм. 

Төслийг хэрэгжүүлэгч талууд болох Сангийн Яам, Түлш Эрчим Хүчний Яам, Дэлхийн Банк болон төсөлд хамрагдсан “УБ цахилгаан түгээх сүлжээ”  ХХК болон 9 аймгийн Засаг дарга нар, эрчим хүчний байгууллагуудын захирлууд төсөл хэрэгжиж эхэлсэнээс хойшхи хугацаанд төслийн үр дүнг нэгтгэн хэлэлцэх, төслийн үлдсэн хугацаанд хэрэгжүүлэх ажлуудын талаар нэгдсэн зөвлөлгөөн хийж, харилцан санал солилцож байна. 

“Арилжааны алдагдал бууруулах ба цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөө” сэдэвт нэг өдрийн энэхүү семинар 4 сарын 4-ны өдөр Засгийн Газрын 11-р байрны хурлын танхимд болж байна.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2006/04/04

Api
Api

Welcome