ӨГҮҮЛЭЛ2026.3.20

Хомсдолоос инновац руу: Монгол Улсын анхны хаягдал ус дахин боловсруулах систем амьжиргаанд хүч нэмж байна

The World Bank

Амгалан дулааны станцын цэвэрлэгээний нэгжүүдийн дотоод харагдац (урсгалын хяналтын тоног төхөөрөмж болон автоматжуулсан хэмжүүр, багаж хэрэгсэл)

Хурдацтай хотжилт, үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээ Монгол орны усны нөөцөд улам бүр дарамт учруулж, цаг уурын хувьсах чанар нэгэнтээ хязгаарлагдмал усны хангамжийг ачаалалд оруулж байна. Улсын нийт хүн амын бараг тэн хагас нь оршин суудаг Улаанбаатар хотод гүний ус хотын усны хэрэгцээний гол эх үүсвэр хэвээр атал уст давхаргууд нөхөн сэлбэгдэхээсээ илүү хурднаар шавхагдаж байна.

Баянзүрх дүүрэг нь Улаанбаатар хотын хамгийн хүн ам шигүү суурьшдаг дүүрэг бөгөөд өвлийн улиралд агаарын хэм цельсийн -30°-аас доош хүрч хүйтэрдэг бөгөөд Амгалан дулааны станц тус дүүргийн мянга мянган айл өрх, сургууль, эмнэлэг, аж ахуйн нэгжүүдийг дулаанаар хангаж байна. Найдвартай дулаан хангамж нь үйл ажиллагааны зайлшгүй шаардлага төдийгүй иргэд, олон нийтийн, ажлын байрны аюулгүй байдал, хотын хүйтэн өвлийг сөрөн тэсвэрлэх  чадварын тухай асуудал юм. Амгалан дулааны станцын усны хангамжийг баталгаажуулах нь Баянзүрх дүүргийн 12,000 айл өрх, 14 сургууль, эмнэлэг, аж ахуйн нэгжийн дулаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулахын зэрэгцээ ажлын байр, амьжиргаа, байгаль орчны тогтвортой байдлыг xангаxад дэмжлэг үзүүлэх юм.

Газрын гүний усны нөөц, хүртээмж буурч байгаа нь Монгол орны хахир өвлийн улиралд өдөр тутмын амьдралыг тэтгэдэг халаалтын системийг дордуулж, цаашид усны аюулгүй байдал, найдвартай байдлыг хангах асуудлыг нэн тэргүүний зорилт болгож байна. Гүний усны түвшин буурах тусам станцын урт хугацааны усны аюулгүй байдал тодорхойгүй болж, дэлхийн хамгийн хүйтэнд тооцогддог нийслэл хотод халаалт, дулааны найдвартай байдлыг эрсдэлд оруулж байна.

Хаягдал усыг усны найдвартай эх үүсвэр болгохын төлөөх түншлэл 

Энэхүү сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд Дэлхийн Банк Монголын анхны үйлдвэрлэлийн хаягдал ус дахин боловсруулах схемийг судлах техникийн туслалцааг хэрэгжүүлсэн нь гүний усны эмзэг эх үүсвэрийн ачааллыг бууруулж, төвлөрсөн халаалтын усны хангамжийг тогтворжуулах инновац болж чадсан юм.

Уг хүчин чармайлт нь Амгалан дулааны станц, Монголын хамгийн том ундаа үйлдвэрлэгчдийн нэг Кока-Кола компанийн охин компани болох "MCS Coca-Cola" ХХК болон Засгийн газрын түнш байгууллагууд хамтарч цэвэршүүлсэн хаягдал усыг үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд хэрхэн аюулгүй дахин ашиглах боломжтойд үнэлгээ хийхэд хөтөлсөн. Түнш байгууллагууд Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр хаягдал усыг үйлдвэрлэлд хэрхэн дахин ашиглах боломжтойг тодорхойлохын тулд техникийн боломж, эрчим хүчний үр ашиг, зохицуулалтын шаардлага болон ажиллагааны загваруудад үнэлгээ хийсэн.

MCS Coca-Cola ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав "Амгалан дулааны станцтай хамтран хэрэгжүүлж буй уг төсөл нь цэвэршүүлсэн хаягдал усыг стратегийн нөөц болгон ашиглах боломжийг бий болгох, гүний усыг хамгаалахад хувь нэмэр оруулж байна" хэмээв. “Энэ чиглэлээрх хүчин чармайлтыг хувийн хэвшил Засгийн газрын дэмжлэгтэйгээр тэргүүлж, мянга мянган айл өрхийн дулаан хангамжийг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах чадвартайгаа илтгэн харууллаа."   

Дэлхийн Банкны 2030 Усны нөөцийн бүлэг (2030 УНБ)-ийн дэмжлэгтэйгээр хийгдсэн өмнөх шинэчлэл нь Монгол Улсад хаягдал ус дахин боловсруулах боломжийг бүрдүүлэхэд тусалсан. 2030 УНБ нь бохирдуулагчийн төлөх зарчим, хаягдал усыг дахин ашиглах шинэ стандарт, туршилтын төслүүд зэрэг шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд сонирхогч талуудыг нэгтгэж, улс орон даяар усны шийдлүүдийг өргөжүүлэхэд дөхөм болсон юм.

Улаанбаатар хотын усны хэрэглээ бараг бүхэлдээ гүний уснаас хамаардаг. Цэвэршүүлсэн хаягдал усыг дулаан үйлдвэрлэлийн технологийн хэрэглээнд дахин ашиглах нь үйлдвэрлэлийн цэвэр усны хэрэглээг бууруулж, дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотын дулаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах боломжтой. Төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан уг төсөл нь нийгэм, эдийн засгийн үр өгөөжтэйн зэрэгцээ инновац болохыг илтгэн харууллаа” гэж Амгалан Дулааны станц ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал М. Мөнхөө хэлэв.

The World Bank

Амгалан дулааны станцын үндсэн барилга болон холбогдох эрчим хүчний дэд бүтэц

Монгол орны усны салбарын хувьсал өөрчлөлтийг хурдасгах дэлхийн шилдэг туршлага

Гаргасан ахиц дэвшлийн гол хөдөлгөгч хүч нь дэлхийн мэдлэг, урт хугацааны капиталыг үр нөлөөтэй ашигласан явдал байв. MCS Coca-Cola нь усны нөөцийг хамгаалах, дахин ашиглах чиглэлээрх Кока-Колагийн системийн олон арван жилийн туршлагад тулгуурлан, Монголын  нөхцөлд тохирсон шийдлийг боловсруулахад техникийн мэдлэгээр хангаж хувь нэмрээ оруулав. Үүний зэрэгцээ, Монголын байгууллагууд Дэлхийн Банкны тогтвортой оролцооны үр өгөөжийг хүртсэн бөгөөд үүнд хаягдал ус дахин ашиглах дэвшилтэт технологийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нэгтгэх өргөн туршлагатай БНСУ-ын мэргэжилтнүүдийн техникийн дэмжлэг багтсан болно. Түүнчлэн, Дэлхийн Банкны хувийн хэвшил хариуцсан байгууллага болох ОУСК хорин жил орчмын хугацаанд MCS Coca-Cola болон группийн Монгол дахь охин компаниудад тогтвортой хөгжлийн чиглэлийн хэд хэдэн төслийг нь дэмжиж санхүүжилт олгоод байна.

"Монгол дахь хаягдал ус дахин боловсруулах санаачилга нь тус улсын усны аюулгүй байдлыг хангахад чухал алхам юм" гэж Дэлхийн Банкны Усны салбарын ахлах мэргэжилтэн Джэймс Тэй хэллээ. Тэрээр мөн "Уг санаачилга нь Монгол улсад хаягдал ус дахин боловсруулах боломжтой бөгөөд олон нийтэд үр өгөөжтэй үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил нэгдэж чадна гэдгийг илтгэн харууллаа" гэв.

Монголын манлайллыг дэлхийн болон БНСУ-ын туршлагатай хослуулснаар түнш байгууллагууд системийн загварыг боловсронгуй болгож, эрчим хүчний зардлыг удирдаж, төр, хувийн хэвшлийн ажлын уялдаа холбоог сайжруулж, үзэл баримтлалаас бүтээн байгуулалт руу урьд өмнө байгаагүй хурдацтай шилжих боломжтой болсон.  

Үр дүн: Өргөжүүлж болохуйц сөрөн тэсвэрлэх чадвартай шийдэл

Амгалан дахь хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн барилгын ажил дуусаад байна. Уг үйлдвэр ашиглалтад орсноор ирэх жилээс ойролцоогоор жилд 138,000 куб метр хаягдал ус дахин боловсруулна. Энэ нь гүний усны нөөцөд үзүүлж буй дарамт, Улаанбаатар хотын хэт ачаалалтай төвлөрсөн цэвэрлэх байгууламжийн ачааллыг бууруулж, дүүргийг дулаанаар тогтвортой хангах, уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх чадвартай усны эх үүсвэрийг бий болгох юм. Дулаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах нь төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон Баянзүрх дүүргийн оршин суугчдад үр өгөөжөө мөн өгөх болно.   

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулбарлах боломжтой загвар

Амгалан дулааны станц ТӨХК болон “MCS Coca-Cola” ХХК-ийн түншлэл нь шаардлагатай хууль эрх зүйн хүрээг бий болгосон Засгийн газрын манлайллын үр дүнд бий болсон бөгөөд төр, хувийн хэвшил усны ухаалаг шийдэл олохын төлөө хэрхэн нэгдэж ажиллах боломжтойг илтгэн харууллаа.

Дэд бүтцээс гадна, энэхүү санаачилга нь Монгол Улсын дэлхийн инновацыг эх орондоо нутагшуулах чадварыг нэмэгдүүлж, оролцогч талууд Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр ирээдүйн усны санаачилгад тустай арвин туршлага хуримтлуулаад байна.  

Үйл ажиллагаа эхэлснээр, Монгол Улс цэвэр усны хомс нөөцийг хамгаалах, дүүргийг найдвартай дулаанаар хангах,  хотын цочрол, өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх чадвар нь сайжирсан хувиран өөрчлөгддөг системийн эхлэл тавигдаж буй юм. БНСУ-ын Ногоон хөгжлийн итгэлцлийн сан (KGGTF)-гийн санхүүжилтээр дэмжигдсэн техник туслалцааны эхэн үеийн суурь ажил нь энэ төрлийн анхны хөрөнгө оруулалтыг бүрдүүлэхэд тусалсан. Үйлдвэрлэлийн хаягдал ус дахин боловсруулах ажлыг улс орон даяар өргөжүүлэхэд шаардлагатай эрх зүй, зохицуулалтын арга замыг тодорхойлсон бодлогын баримт бичиг хэвлэгдээд байна.

Ийнхүү техникийн болон бодлогын чиглэлээр ахиц дэвшил гаргаснаас гадна санхүүжилтийн шинэ шийдлүүд ч мөн адил гарч ирж байна. 2025 онд ОУСК-аас Голомт банканд тус улсын хувьд анхныд тооцогдох цэнхэр зээл олгосон бөгөөд Голомт банк уг зээлийн эх үүсвэрийг ОУСК-ийн Цэнхэр санхүүжилтийн удирдамж-ийн дагуу усны үр ашгийг дээшлүүлэх, усны менежмент, хангамжийг сайжруулах төслүүдийг санхүүжүүлэхэд зориулж ашиглах юм.

Голомт банк 2024-2025 онд устай холбоотой санхүүжилтэд нийт 6.4 сая ам.доллар олгосон бөгөөд 2025 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар”-ын 2025 оны “Усны элч” банк өргөмжлөл хүртсэн.

Голомт банк нь ОУСК-тай түншлэх хүрээнд Монгол орны усны нөөцийн тогтвортой менежментэд оруулсан хувь нэмрээ улам бүр өргөжүүлэхийн тулд хаягдал ус цэвэршүүлэх, дахин ашиглахад зориулж олгох зээл зэрэг цэнхэр санхүүгийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлээд байна.

"Эх газрын эрс тэс уур амьсгалтай, далайд гарцгүй орон болохын хувьд Монгол Улс устай холбоотой өвөрмөц сорилт, бэрхшээлтэй тулгарч буй бөгөөд үүнийг хурдацтай хотжилт, хязгаарлагдмал усны нөөц улам бүр хурцатгаж байна" гэж ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Матье Ле Блан хэлэв. Тэрээр мөн "Үүний зэрэгцээ эдгээр сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхийн  тулд усны шинэлэг менежмент, дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Бид Монголын банкууд болон компаниудтай тус улсын усны салбарт илүү их хувийн хөрөнгө оруулалт хийх, хүндрэлийг сөрөн тэсвэрлэх чадварыг сайжруулах, байгалийн нөөц, баялгийг хамгаалах, иргэдийн  амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна"  хэмээв.

Амгалан дахь хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нь усны стресс нэмэгдэж буй хотууд хөгжлийн нэн тэргүүний сорилт, бэрхшээлийг даван туулж, урт хугацааны шийдэл олохын тулд тухайн улс орны удирдлага, дэлхий нийтийн туршлага, инновацын түншлэл нэгдвэл юу хийж бүтээх боломжтойг харуулсан тод томруун, хуулбарлаж болох жишээ юм.

БЛОГ

    loader image

ШИНЭ МЭДЭЭ

    loader image