Skip to Main Navigation
ӨГҮҮЛЭЛ 2022.2.15

Монгол Улсад КОВИД-19-ийн хариу арга хэмжээ болон цар тахлын дараах сэргэлтийг тоног төхөөрөмж, вакцин болон сургалтаар дамжуулан дэмжих нь

Монгол Улсад КОВИД-19 цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудын ирүүлсэн түүхээр хийсэн видеог үзнэ үү.

World Bank Group


ОНЦЛОХ ӨГҮҮЛЭЛ

  • 2021 оны эхэн үеэс эхлэн КОВИД-19 цар тахлын улмаас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээс гадна ирээдүйд гарч болзошгүй хямралд илүү бэлтгэлтай болоход Дэлхийн Банкнаас тусалж байна.
  • Одоогийн байдлаар бүх аймаг, дүүргийн эмнэлгүүд болон Улаанбаатар хотын төв эмнэлгүүдэд 16 сая гаруй ам.долларын өртөг бүхий 6,100 гаруй эмнэлгийн тоног төхөөрөмжийг төслийн хүрээнд нийлүүлээд байна.
  • Төслийн хүрээнд яаралтай тусламжийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан сургалт, халдвараас сэргийлэх арга хэмжээнүүд болон улс даярх вакцинжуулалтын аяныг хийхэд мөн дэмжлэг үзүүлээд байна.

43 настай Даваажавын Идэрзаяа анх КОВИД-19-өөр өвчлөхдөө чухам юу үзэж, даван туулахаа төсөөлөөгүй байлаа. Тэрээр өөрт мэдэгдэх ямар нэг суурь өвчингүй байсан хэдий ч биеийн байдал нь түргэн хугацаанд муудан, уушгины 95% нь устсан гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэхээр болов.

"Амьсгалахад маш хүнд болж ирсэн...", “Би маш их санаа зовсон. Хүүхдүүд, гэр бүлийнхээ төлөө санаа зовж байсан" гэж Идэрзаяа хэлж байв.

Коронавирусын халдвар Идэрзаяагийн уушгинд нөлөөлж, уушиг нь бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй болж, эмнэлэгт 41 хоног хэвтэн эмчлүүлсэн юм.

“Би сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байхдаа эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар үнэхээр сайжирч, хүндээ хүрдэг болсныг өөрийн биеэр мэдэрсэн. Эмч нар өөрсдөө миний дэргэд ирээд орчин үеийн зөөврийн тоног төхөөрөмжөөр бүх шинжилгээнүүдийг хийж байсан тул намайг өөр тасаг руу зөөвөрлөх шаардлага гарч байгаагүй" гэж тэр хэллээ.

Идэрзаяа одоо бүрэн эдгэрсэн бөгөөд чадвартай эмч, сайн тоног төхөөрөмж байхгүй байсан бол түүний амь нас эрсдэлд орох байсан гэж боддог. 


"Манай эмнэлэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болсонд бид үнэхээр их баяртай байгаа. Энэ тоног төхөөрөмж хүмүүсийг амийг аварч байна. КОВИД-19 гарснаас хойш Идэрзаяагаас гадна манай эмнэлэгт эмчлүүлсэн өөр олон залуу, настай, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн амийг эдгээр тоног төхөөрөмжийн ачаар аварч чадсан. Эмчилгээний үр дүн өндөртэй тоног төхөөрөмжтэй болсондоо бид баяртай байна."
Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэд захирал С.Нарангэрэл

Хямралын өмнө бэлтгэлээ базаав

Зөөврийн рентген төхөөрөмж, амьсгалын аппаратууд болон бусад төрлийн тоног төхөөрөмжүүд нь Дэлхийн Банкны дэмжлэгтэй хэрэгжүүлж буй Монгол Улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төслийн хүрээнд санхүүжүүлсэн багц ажлуудын нэг хэсэг байв. Энэхүү төсөл нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээс гадна ирээдүйд гарч болзошгүй хямралд илүү бэлтгэлтай болоход тусалж байна.  

“КОВИД-19-ийн халдвар дотоодод гараагүй байх үед буюу 2020 оны 4-р сард уг төсөл батлагдсан. Цаг алдалгүй, эрт арга хэмжээ авсны үр дүнд бид халдвар дотоодод тархахаас өмнө бэлтгэлээ базааж чадсан,” гэж ЭМЯ-ны газрын дарга, төслийн захирал, доктор Буянтогтох хэлэв. “Энэ нь ч бидэнд маш их тус болсон. 2020 оны сүүлээр КОВИД-оор халдварласан анхны өвчтөнүүд эмнэлэгт эмчлүүлж эхлэхэд бид аль хэдийн бэлтгэлээ базаасан байсан тул эмчилгээ үр дүнтэй болж байсан.”

Одоогийн байдлаар бүх аймаг, дүүргийн эмнэлгүүд болон Улаанбаатар хотын төв эмнэлгүүдэд 16 сая гаруй ам.долларын өртөг бүхий 6,100 гаруй эмнэлгийн тоног төхөөрөмжийг төслийн хүрээнд нийлүүлээд байна. Эдгээр нь халдвар хамгаалал, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад туслаад зогсоогүй оношилгоо, лаборатор болон эмчилгээний чадавхийг нэмэгдүүлсэн. Төслийн хүрээнд яаралтай тусламжийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан сургалт, халдвараас сэргийлэх арга хэмжээнүүд болон олон нийтэд зориулсан мэдээлэл сурталчилгааны аяныг зохион байгуулахад мөн дэмжлэг үзүүлээд байна.

Түүнчлэн Цар тахлын онцгой байдлын сангийн 1 сая долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 4 сая гаруй хувийн хамгаалах хувцас, хэрэгслийг худалдан авч, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, өндөр эрсдэлтэй бүсүүдэд ажиллаж буй ажилтнуудад олгосон юм.


Image

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт өвчтнүүдийг асарч буй сувилагч. Гэрэл зургийг: Б. Индра, Дэлхийн Банк


Дэлхий дахинд эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж байсан өндөр чанартай тоног төхөөрөмжүүдийг олж нийлүүлэхэд Дэлхийн Банкны дэмжлэгтэй худалдан авалт чухал үүрэг гүйцэтгэсэн. “Дэлхий дахинаа эмнэлгийн багаж, хэрэгсэл хомсдолд орсон энэ үед бид хэрэгтэй тоног төхөөрөмжөө үйлдвэрийн үнээр, маш богино хугацаанд худалдан авч чадсандаа маш их бахархаж, баяртай байгаа” гэж төслийн худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Ж.Баяртогтох онцлов.

Аюулгүй, бүгдэд хүртээмжтэй үр дүнтэй вакцин

КОВИД-19-ийн эсрэг вакциныг нийт хүн амд хямд үнээр хүртээмжтэй хүргэх, түүнчлэн КОВИД-ын хариу арга хэмжээг үргэлжлүүлэн авах, цар тахлын дараах сэргэлтийг дэмжих зорилгоор төсөлд 50.7 сая ам.долларын нэмэлт санхүүжилт (эхний 26.9 сая доллар дээр)-ийг олгохоор 2021 оны 2-р сард баталсан. Энэхүү санхүүжилт нь 2021 оны эхээр үндэсний хэмжээнд хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын вакцинжуулалтын аянг дэмжсэн бөгөөд одоогийн байдлаар нийт хүн амын 70 шахуй хувь буюу 2.2 сая орчим иргэн КОВИД-19-ийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгээд байна. Монгол Улс 2021 оны наймдугаар сараас эхлэн дархлаа сэргээх нэмэлт буюу бүүстер тун болон 12-17 насны хүүхдүүдэд вакцин хийж эхлээд байна.  

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн (ХӨСҮТ) Дархлаажуулалтын албаны дарга Дашпагма хэлэхдээ “Манай улсад вакцины хүйтэн хэлхээний дэд бүтэц хуучирч байсан нь хүүхдийн товлолт вакциныг орон даяар хадгалах, тээвэрлэхэд хүндрэл учруулж байсан. Ийм нөхцөлд насанд хүрсэн хүн амын дийлэнхийг КОВИД-19-ийн вакцинд хамруулах шаардлага гарсан нь асуудлыг улам хурцатгасан тул бидэнд цогц шийдэл яаралтай хэрэгтэй байсан," хэмээв.

Насжилт өндөртэй дэд бүтэц, вакцин хадгалах агуулахын багтаамж хангалтгүй байсан тул төслийн санхүүжилтээр вакцин, био бэлдмэл хадгалах шинэ төв агуулахыг гурван сарын хугацаанд барьж дуусган, 2021 оны 8-р сард ашиглалтад оруулсан. Вакцин хадгалах агуулах нь хуучин байгууламжаас дөрөв дахин том бөгөөд олон улсын өндөр стандартын дагуу баригдсан. Энэхүү байгууламж нь эрчим хүчинд хэмнэлттэй, газар хөдлөлтөд тэсвэртэй бөгөөд төрөл бүрийн вакциныг стандартын дагуу, аюулгүй хадгалах системээр бүрэн тоноглогдсон. Төслийн хүрээнд нийт 2.9 сая ам.долларын өртөгтэй 800 хөргөгч, 34 нэр төрлийн хэт хүйтэн сүлжээний төхөөрөмж худалдан авч, 10 хөргүүрийн өрөөг тохижуулсан нь төвлөрсөн агуулах болон улс даяарх вакцинжуулалтын нэгжүүдэд суурилуулагджээ.


"Энэхүү шинэ байгууламжтай болсноор Монгол Улсын вакцин хадгалах, хүйтэн хэлхээний хүчин чадал цоо шинэ шатанд гарсан гэдгийг бахархалтайгаар хэлэх байна. Улсын хэмжээнд сум, баг хүртэлх вакцинжуулалтын нэгж бүр төвлөрсөн агуулахаас зохих ёсоор хадгалсан вакцинаа хүлээн авч, бүх иргэдийг, тэр дундаа алслагдсан бүс нутагт амьдардаг иргэдээ вакцинд хамруулж байна"
ХӨСҮТ-д вакцин хадгалах чиглэлээр 20 гаруй жил ажилласан доктор С.Алтанчимэг

Эрүү мэндээс гадна...

Монгол Улсад цар тахлын үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулж, боловсрол, нийгмийн хамгаалал, засаглал, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбаруудад илүү сайн үр дүнд хүрэхэд Дэлхийн Банкнаас мөн туслалцаа үзүүлж байна. Нийгмийн даатгалын салбарт хувиараа  хөдөлмөр эрхлэгчид, бичил бизнес эрхлэгчид болон албан бус салбарт ажиллагсад зэрэг 120,000 орчим иргэд  болон  албан журмын даатгалд хамрагдсан ажилчид, ажил олгогчдыг нийгмийн даатгалын шимтгэлээс тодорхой хугацаанд чөлөөлөхөд дэмжлэг үзүүлээд байна. Ингэснээр хямралын үед иргэд өөрт байгаа орлогоо өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулах боломжтой болохын зэрэгцээ тэтгэвэр, тахир дутуугийн болон ажилгүйдлийн тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжүүдийг хэвээр олгох боломжтой болсон юм. Түүнчлэн, Дэлхийн Банк нь боловсролын төслөөр дамжуулан 5 сая ам.долларыг татан төвлөрүүлж Засгийн газрын Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг дэмжсэн нь 1 сая гаруй хүүхдэд хүрчээ.



Api
Api