Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж, ядуурлыг бууруулах чиглэлээр томоохон ахиц дэвшил гаргаад байна. Мөн нэг хүнд ногдох ДНБ-ээ гурав дахин нэмэгдүүлж, 2024 оны байдлаар дундаас дээш орлоготой оронд тооцогдох болов. Энэ хугацаанд Дэлхийн Банк Групп Монгол Улсын сэргэлт, хөгжлийг тогтвортой дэмжсээр ирсэн.
Монгол Улсын ядуурлын түвшин 2022 оны байдлаар 27.1 хувь буюу ойролцоогоор 900 мянган хүн үндэсний ядуурлын шугамаас доогуур амьдарч байв. Дэлхийн Банкны дундаас дээш орлоготой улс орнуудад тогтоодог ядуурлын шугам (2021 оны худалдан авах чадварын паритет дүнгээр тооцсоноор нэг өдрийн 8.30 ам.доллар)-тай харьцуулан авч үзэхэд 2022 онд Монгол Улсын нийт хүн амын 24.4 хувь ядууралд өртсөн байна. Дэлхийн Банкнаас хамтын хөгжил цэцэглэлтийг илэрхийлэх Хөгжил Дэвшлийн Зөрүү хэмээх шинэ хэмжүүрийг тооцож эхэлсэн бөгөөд энэ нь хөгжил цэцэглэлтийн стандарт болох нэг өдрийн 25 ам.долларт хүрэхийн тулд тухайн улсын хүн амын баялаг дунджаар хэр их хэмжээгээр өсөх шаардлагатайг илэрхийлдэг. Монгол Улсын хувьд хүн амын баялаг дунджаар 2.7 дахин нэмэгдэж байж хөгжил цэцэглэлтийн дээрх стандартад хүрэх тооцоололтой байна. Харин Жини индексээр хэмжигдэх тэгш бус байдлыг илэрхийлэх индекс 2022 оны байдлаар 31.4 байв.