ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2018.4.11

Дэлхийн Банк “Хөгжиж буй Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн өсөлтийн хэтийн төлөв хүчтэй хэвээр байгаа ч эрсдэлд анхаарах шаардлагатай” гэв

ЖАКАРТА, 2018 оны 4-р сарын 12 – Дэлхийн Банкнаас гаргасан Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланд дурдсанаар Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын өсөлт тогтвортой байх төлөвтэй байгаа бөгөөд 2018 онд 6.3 хувьд хүрэх төлөвтэй байна. Дэлхий ихэнх улс оронд эдийн засаг сэргэлт үргэлжилэхээр байгаа, тэдгээрийн дотоодын эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй холбоотойгоор ийм эерэг хандлага ажиглагдаж байна. Гэвч тогтвортой байдал, тогтвортой өсөлтийг хангахад тулгарах эрсдэлийг сайтар анхаарах шаардлагатай.

Чадавхийг сайжруулах нь - Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайлангийн 2018 оны 4-р сарын хэвлэлийг өнөөдөр танилцуулсан бөгөөд тус тайланд хэдийгээр бүс нутгийн эдийн засгийн хэтийн төлөв эерэг байгаа ч бодлого боловсруулагчид шинэ сорилтуудыг хүлээн зөвшөөрч, шийдвэрлэхийг зөвлөсөн талаар онцлон тэмдэглэжээ. Хөгжингүй эдийн засагтай орнуудад хүүгийн түвшин төсөөлснөөс илүү хурдацтай өсч, худалдааны сөргөлдөөн нэмэгдэх магадлалтай байна. Үүнтэй холбоотойгоор богино хугацааны эрсдэлүүд тулгарч байгаа тул мөнгөний бодлогоо чангатгаж, төсвийн тэнцвэрт байдлыг хадгалах нь зүйтэй. Урт хугацаанд өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд улсын болон хувийн хөрөнгө оруулалт, бүтээмжийн өсөлтийг нэмэгдүүлж, хүний хөгжлийг дэмжих нь чухал юм.

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан Дэд Ерөнхийлөгч Виктория Кваква "Хүчтэй өсөлт нь бүс нутгийг хэт ядуурлыг бууруулахад асар их үр өгөөжтэй байлаа. Энэхүү амжилтаа бататгаж, эдийн засгийн хувьд эмзэг хэвээр байгаа хүн амын ирээдүй хэтийн төлвийг сайжруулахын тулд өсөлтийг урт хугацаанд тогтвортой байлгах шаардлагатай. Бодлого боловсруулагчид эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж буй асуудалд анхаарлаа хандуулахын зэрэгцээ урт хугацааны өсөлтийн нөөц бололцоог сайжруулахх алхмуудыг хийх нь зүйтэй" гэв.

2017 онд хүлээлтээс илүү хурдацтай өссөн Хятад улс эдийн засгаа дахин тэнцвэржүүлэх буюу хөрөнгө оруулалтаас илүү дотоодын хэрэглээг бодлогоор дэмжиж зээлийн өсөлтийг удаашруулах, эдийн засгийн өсөлтийн чанарыг дээшлүүлэх бодлого баримталж байна. Тус улсын эдийн засгийн өсөлт 2018 онд бага зэрэг удааширч 6.5 хувь болох төлөвтэй байна.

Хятад улсыг эс тооцвол, хөгжиж буй Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн өсөлт 2018 онд 5.4 хувьд тогтвортой байх төлөвтэй байгаа нь дотоод болон гадаад эрэлт хэрэгцээ тогтвортой байгааг харуулж байна. Индонез, Тайланд улсын эдийн засгийн өсөлт 2018 онд бэхжих төлөвтэй байгаа бөгөөд хөрөнгө оруулалт болон хувийн хэрэглээний хэтийн төлөв сайжрах хандлагтай байна. Филиппин улсын өсөлт 2018 онд тогтвортой хэвээр байх төлөвтэй. Малайз, Вьетнам улсуудын эдийн засаг 2017 онд сэргэсэн бол энэ онд өсөлтийн хэмжээ тогтвортой байхаар байна. Малайзын хувьд энэ нь төсвийн хөрөнгө оруулалт буурч байгаатай холбоотой бол Вьетнамын хувьд  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл тогтворжиж эхэлсэнтэй холбоотой.

Жижиг эдийн засагтай зарим орнуудын хувьд түүхий эдийн үнийн өсөлтийн улмаас эдийн засгийн төлөв ерөнхийдөө эерэг байна. Мьянмар улсын эдийн засаг 2018 онд өсөх төлөвтэй байгаа ч Рахин мужид болж буй үйл явдалтай холбоотой хөрөнгө оруулалт буурч болзошгүй юм. Папуа Шинэ Гвиней улсын хувьд түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор мөчлөг дагасан сэргэлт ирэх боломжтой ч сүүлд болсон газар хөдлөлт тус улсын өсөлтийн төлөв байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Камбожи улсын эдийн засаг бага зэрэг өсч, БНА Лаос улсын эдийн засгийн өсөлт тогтвортой байх төлөвтэй.

Монгол улсын хувьд нүүрсний экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ ихээхэн нэмэгдсэн, макроэдийн засаг тогтворжиж байгаа зэргээс хамаарч 2017 онд эдийн засаг 5.1 хувиар өсч хүлээлтээс давлаа. Төсвийн алдагдал 2016 онд ДНБ-ий 17 хувьд хүрч байсан бол 2017 оны эцсээр 1.9 хувьд хүрч буурч, төсвийн нөхцөл байдал ихээхэн сайжирсан байна. Эдийн засгийн өсөлт цаашид бага зэрэг нэмэгдэн, 2018 онд 5.3 хувь хүрэх бол 2019-20 онуудад 6 хувь давах төлөвтэй байна. Дунд хугацаанд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт болон уул уурхайн салбартай хамаарал өндөртэй салбарууд болох худалдаа болон тээвэр үйлчилгээний салбарын идэвхжил нь эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэхээр байна.

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг ирээдүйд тогтвортой үргэлжлүүлж, түүхий эдийн зах зээлээс хамаарах хамаарлыг буурулахын тулд хөгжлийн урт хугацааны нөөц бололцоог нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй,” – хэмээн Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жон-Паскаль Нгану хэллээ.  “Уул уурхайн салбарын томоохон төслүүд удаашрах, Хятадын хил дээр үүсээд буй асуудлууд үргэлжлэх, мөн мөнгө угаахтай холбоотой асуудлуудыг хугацаа алдан шийдэх зэрэг гадаад, дотоод эрсдэл учирч болзошгүйг онцгой анхаарах хэрэгтэй”

Номхон далайн арлын орнуудын эдийн засгийн өсөлтийн төлөв холимог байна. Фижи болон Соломоны арлуудад өсөлт буурах төлөвтэй. Номхон далайн арлын жижиг орнуудын хувьд эдийн засаг нь бага зэрэг өсөх төлөвтэй байгаа ч байгалийн гамшигт өртөмтгий, түүхий эдийн импортоос хэт хамааралтай зэргээс шалтгаалан ихээхэн тогтворгүй байх хандлагатай байна.

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн ерөнхий эдийн засагч Судхир Шетти “Хэдийгээр бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төлөв эерэг байгаа ч богино болон дунд хугацаанд бодлого боловсруулагчдад тулгарч буй сорилтууд бий. Эдгээр сорилтыг даван туулахын тулд хөгжингүй эдийн засагтай орнуудад мөнгөний бодлогыг чангатгах хурдацтай үйл явцын улмаас үүсч болзошгүй нөлөөллийг бууруулах, улмаар бодлогын тодорхой бус байдал, ялангуяа дэлхийн худалдааны чиглэлээр урт хугацааны өсөлтийн хэтийн төлвийг сайжруулах арга хэмжээ авах шаардлагатай юм" гэв.

Макро эдийн засгийн тогтвортой байдалд учирч болох эрсдэлийг арилгахын тулд улс орнууд мөнгөний бодлогоо чангаруулах, макро зохистой бодлогыг үр дүнтэй ашиглах тал дээр анхаарах нь зүйтэй. Хөгжингүй орнуудад хүү нэмэгдсэний улмаас санхүүгийн салбарын эмзэг байдал даамжрах эрсдэлтэй байгаа тул энэ нь өр ихтэй эсвэл зээл хурдацтай өсөн нэмэгдэж буй улс орнуудын хувьд нэн чухал юм.

Дунд хугацаанд бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангахын тулд урт хугацаанд өсөлтийг нэмэгдүүлэх арга замуудыг эрэлхийлэх хэрэгтэй юм. Тодруулбал, төсвийн зардал ба дэд бүтцийг сайжруулах; худалдааны интеграцчилалыг гүнзгийрүүлэх, худалдааг хөнгөвчлөх; өрсөлдөх чадварыг сайжруулах шинэчлэлийг хэрэгжүүлэх; хүний хөгжлийг дэмжин хүн капиталыг бий болгох зэрэгт чиглэсэн холимог арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Дэлхийн худалдааны тогтолцоонд аюул учирсан хэвээр байгаа тул хөгжиж буй Зүүн Ази, Номхон далайн бүсийн улс орнууд бүс нутгийн худалдааг интеграцчилах, худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааг гүнзгийрүүлэх нь зүйтэй. Үүнийг АСЕАН-ы Эдийн засгийн бүлгэм, Номхон далайн улс орнуудын түншлэлийн цогц, прогрессив гэрээ, Бүс ба Зам санаачилга гэх мэт арга механизмаар дамжуулан хийх боломжтой. Хүний хөдөлмөрийг хялбарчлах технологи, автоматжуулалтын сорилтуудыг даган улс орнууд өдгөө аж үйлдвэрт түшиглэсэн хөгжлийн стратегиудаа өөрчилж, аж үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарын хоорондын ялгаа багасч байгаа энэ үед худалдааг интеграцчлах, хөнгөвчлөх нь улам ач холбогдолтой болно.

Технологийн хөгжил дэвшилтэй уялдан үйлдвэрлэлийн орчинд гарах өөрчлөлтөд дасан зохицохын тулд өрсөлдөх чадварыг сайжруулах нь бүс нутгийн улс орнуудын хувьд чухал хэвээр байна. Үйлдвэрлэлээс олох баялгийн хэмжээг тодорхойлоход улс орны бизнесийн орчин явцдаа хөдөлмөрийн өртөг зардлаас илүү чухал нөлөө үзүүлэхээр байна. Техник технологи хувьсан өөрчлөгдөхийн хэрээр дижитал тоон технологийн талаарх мэдлэг, дижитал технологитой ажиллах чадвартай байх нь чухал юм.

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хүүхдүүдийн дийлэнх нь сургуульд хамрагдаж байгаа ч олон хүүхэд сурч мэдсэн зүйлгүй үлдэж байгаа тул сургуулиудын үр өгөөжийг сайжруулах нь олон орны хувьд нэн тэргүүний ач холбогдолтой юм. Үүнийг шийдвэрлэхийн тулд авч хэрэгжүүлэх эхний чухал алхам бол суралцах үндсэн орчин, нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн захиргааны зохистой тогтолцоог бий болгох явдал юм. Түүнчлэн боловсролын тогтолцоо нь дараах чиглэлээр анхаарах нь зүйтэй. Үүнд: төрөөс бага боловсролд зарцуулах зардлын тэгш байдлыг хангах; сургуулийн өмнөх наснаас нь эхлэн хүүхдүүдийг суралцахад бэлтгэх; багш нарын сонгон шалгаруулалтыг сайжруулж, багшийн цалин хөлсийг нэмэх, мэргэжлийн кариерээ хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх; сургалтын явцыг сайжруулах зорилгоор системтэй үнэлгээ ашиглах зэрэг болно.

Эдийн засгийн хувьд эмзэг байдалд буй хүмүүсийг орхигдуулахгүйн тулд нийгмийн тусламж, даатгалын хөтөлбөрүүдийг бэхжүүлж, систем тогтолцооны цочролд уян хатан, тэсвэртэй байх чадварыг нэмэгдүүлэх нь чухал. Номхон далайн арлын орнуудад эдийн засгийн уян хатан байдал онцгой ач холбогдолтой бөгөөд эдгээр орнуудад үндэсний баялгийн сан бий болгох, түр хугацаагаар шилжих хөдөлгөөнд хамрагдах боломжийг сайжруулах замаар эдийн засгийн уян хатан байдлыг сайжруулах боломжтой юм.

Image

Эх сурвалж: Дэлхийн Банкны дата ба ажилтнуудын тооцоолсон мэдээлэл.

Тэмдэглэл: a. Хөгжиж буй Зүүн Ази, Номхон Далайн Бүс нь Камбоч, Хятад, Индонез, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос, Малайз, Монгол, Мянмар, Папуа Шинэ Гвиней, Филиппин, Тайланд, Зүүн Тимор, Вьетнам, Номхон Далайн Арлын Орнуудаас бүрддэг. b. Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон Далайн бүсийн Эдийн Засгийн Тайлан, 2017 оны 10-р сар (Дэлхийн Банк 2017e). c. Газрын тосыг оролцуулаагүй ДНБ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж үзнэ үү:

www.worldbank.org/eap

@WB_AsiaPacific


Холбоо барих

Вашингтон хотод
Marcela Sanchez-Bender
+1 (202) 473-5863
sanchezbender@worldbank.org
Jakarta
Жакарта хотод
62-21-5299-3156
lboediono@worldbank.org
Улаанбаатар хотод
Б. Индра
976 700782 07
ibaatarkhuu@worldbank.org
Api
Api