ӨГҮҮЛЭЛ

Даатгалын шинэ хэлбэр Монголын малчдыг хохирлоос хамгаална

2015.3.04



ОНЦЛОХ ӨГҮҮЛЭЛ
  • Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран малчдыг байгаль, цаг уураас шалтгаалсан хохирлоос хамгаалах арга замыг эрэлхийлсэн.
  • Энэ зорилгоор тухайн малчин өрхийн хохирлыг биш харин орон нутаг болон малын төрлөөс хамаарсан даатгалын тогтолцоог бий болгох шинэ загварыг танилцуулсан.
  • Даатгалын энэ шинэ загвар нь малчдад ашигтай юм. Мөн даатгалын компаниудын хувьд ч бизнес хийх сонирхлыг нь өдөөж байна.

Салхи шуугисан тал, цагаан цасаар хучигдсэн уулс, мөс нь гялалзсан голууд-Монголын өвөл үнэхээр үзэсгэлэнтэй. Гэхдээ бас хахир байж чаддаг. Агаарын хэм Цельсийн хасах 40-өөс илүү гарна. Өвлийн цаг агаар хэт хүйтэрч мал хорогдож, малчин өрхүүд амьжиргаагаа алдах нь бий. Үүнийг монголчууд зуд гэдэг.

1999-2002 өвлийн зуд болон зуны ган гачгийн улмаас Монголын нийт малын 30 хувь нь хорогдсон. 2010 оны зудаар 8,8 сая мал хорогдсоныг мөнгөн дүнгээр илэрхийлвэл улсын эдийн засгийн 4,4 хувьтай тэнцэж байгаа юм.

1999-2002 оны зудын дараагаас Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран малчдыг байгаль, цаг уураас шалтгаалсан хохирлоос хамгаалах арга замыг хайж эхэлсэн. 2006 оноос дөрвөн аймагт Малын индексжүүлсэн даатгалын төсөл хэрэгжиж эхлэв. 2010 онд дахин тохиолдсон зудны дараагаас энэ төслийн хамрах хүрээг өргөтгөж нийт 21 аймагт хэрэгжүүлэх болсон. Энэ нь даатгалын ийм төрлийн хэлбэр хэрэгжсэн дэлхийн анхны тохиолдол юм.

Энэ төсөл нь тухайн малчин өрхийн хохирлыг биш харин орон нутаг болон хорогдсон малын төрлөөс хамаарсан даатгалын тогтолцоо юм. Энэ даатгалын индексийг Үндэсний Статистикийн хороо дэмжсэн.

Малын индексжүүлсэн даатгал нь сайн дурын даатгал, зах зээлд суурилсан даатгал, мөн нийгмийн халамжийн сүлжээний хослол юм. Малчид сайн дураараа өөрсдийн амьжиргаанд нөлөөлөхгүй байх хэмжээний цөөн тооны малын хорогдлоо даатгуулна, харин олон тооны малын хорогдол нь хувийн даатгалын компанид очно. Харин үлэмж их хэмжээний малын хорогдлын даатгалыг төр хариуцна.

Малчдын давуу тал

Энэ төсөл хэрэгжиж эхэлсэн цагаасаа малчдын анхаарлыг татсан. Жил ирэх тусам даатгалд хамрагдах малчдын тоо нэмэгдэж байлаа.

2013-2014 оны хооронд 19500 малчин даатгалын энэ бүтээгдэхүүнийг худалдан авсан нь өмнөх оноос 21 хувиар өссөн үзүүлэлт юм. Даатгалд хамрагдсан малчид бүгд нөхөн төлбөр авчээ.

Даатгалын шинэ тогтолцоо нь байгаль, цаг уурын тааламжгүй нөхцөлтэй тулгарах үед хохирлыг аль болох бага байлгаж чадахаар мал аж ахуйгаа хөтлөх хөшүүргийг олгож байгаа юм. Жишээ нь, зуд эсвэл ган тохиолдсон үед тухайн малчин хохиролгүй давсан байлаа ч хөрш малчин өрхийн олон тооны мал хорогдлоо гэхэд малаа хорогдолгүй аваад гарсан малчин аж ахуйгаа зөв хөтөлсөний төлбөр болгон урамшуулал авна. Гэхдээ энэ урамшуулал нь Малын индексжүүлсэн даатгалын тухайн орон нутгийн даатгалын тогтолцооноос үүдэн бий болж байгаа юм.

Улаан-Уул сумын малчин М.Пүрэвжав 2014 оны өвөл даатгалд хамрагдсан. “2013 оны өвөл хэд хэдэн малчин өрх энэ шинэ даатгалд хамрагдсан. Сумын захиргааны тооцоогоор манай сумын нийт малын тоо 1200 байсан. Хэрвээ сумын нийт малын хорогдол зургаан хувиас давж байвал даатгалыг худалдаж авсан бүх малчин өрх нөхөн төлбөр авах юм. Мөнгөө ч авсан” хэмээн М.Пүрэвжав ярилаа.

Даатгалын шинэ тогтолцоо хэрхэн ажилладгийг Пүрэвжав шиг хүмүүс ойлгоход амар биш. Радио хичээл, малчдын сууринд очиж танилцуулах, танилцуулга болон мэдээллийн хуудас тараах нь даатгалын талаарх ойлголтыг нэмэгдүүлнэ. Гэвч малчин бүртэй тулж ярилцах нь илүү өгөөжтэй.

“Тэнгэр” даатгалын компанийн төлөөлөгч Ч.Хүнбиш өөрийн мотоциклээрээ нэг голоос нөгөө гол руу давхиж, даатгалын давуу талыг малчдад тайлбарласан. “Энэ системийг хоёрдмол утгаар ойлгох нь бий. Энэ систем даатгалын компаниуд цагтаа төлбөр хийхгүй байхаас хамгаалж, мөн малчид худал мэдээлэл авахаас сэргийлдэг” хэмээн Хүнбиш хэллээ.

Ийм зүтгэлийн ачаар улсын хэмжээгээр нийт малчдын 65 хувь нь энэ даатгалд хамрагдаад байна.

2014 оны өвөл харьцангуй өнтэй байлаа. Пүрэвжавын мал онд мэнд орж, тэрбээр даатгалаас төлбөр аваагүй. Гэсэн ч тэр даатгалын шинэ загвар яаж ажилладгийг мэднэ.

“Даатгалын энэ тогтолцоо биднийг гарз хохирлоос хамгаалдаг. Хэрвээ мал ихээр хорогдвол бид даатгалаас төлбөр авна гэж хүлээж болно” хэмээн Пүрэвжав хэллээ. “Энэ нь биднийг амьжиргаагүй болох үед тусалдаг” гэлээ.



" Даатгалын энэ тогтолцоо биднийг гарз хохирлоос хамгаалдаг. Хэрвээ мал ихээр хорогдвол бид даатгалаас төлбөр авна гэж хүлээж болно. Энэ нь биднийг амьжиргаагүй болох үед тусалдаг. "

Пүрэвжав

Улаан-Уул сумын малчин


Даатгалын компанийн давуу тал

Малын хорогдлын үед үйлчилдэг байсан даатгалын уламжлалт хэлбэр нь малчдад ч, даатгалын компанид ч танигдаагүйгээс гадна Монголд үр ашиггүй байсан юм. Өмнөх хэлбэр нь малын хорогдол бүр дээр тооцдог байсан учраас малчид малаа бүрэн мэнд авч гарах сонирхолгүйн дээр, малын хорогдлын худал мэдээлэл өгдөг байсан. Энэ нь даатгалын компанид хүндрэлтэй, учир нь, өргөн уудам газар нутагтай Монголын хувьд малын хорогдлыг бүрэн хянана гэдэг бараг боломжгүй. Тиймээс үлэмж их хэмжээний малын хорогдлын цөөн тохиолдолд л даатгал нөхөн төлбөр олгож байлаа.

“Зах зээлийн үед өвлийн улиралд олон  тооны мал хорогддог Монголын хувьд даатгалын уламжлалт хэлбэр тохирохгүй байсан юм” хэмээн Малын индексжүүлсэн даатгал төслийн захирал Я.Өлзийболд ярьж байна.

М.Мөнхбаатар бол төсөлд оролцож байгаа даатгалын долоон компанийн нэг болох “Бодь даатгал” компанийн Хяналтын хэлтсийн захирал. “Хувь хүн бүрийн гомдлыг барагдуулахад олон бэрхшээл гардаг байсан. Алслагдсан орон нутагт хорогдсон малыг бид хэрхэн баталгаажуулах вэ. Үүнийг баталгаажуулахын тулд олон тооны нотолгоо, баримт бүхий цаас цуглуулах хэрэгтэй болдог байсан бөгөөд энэ нь дандаа найдвартай биш бас амаргүй” хэмээн хэллээ.

“Индексжүүлсэн даатгалын системээр бид зүгээр л статистик мэдээлэлд үндэслэдэг болсон. Энэ нь амар төдийгүй алдаа багатай. Малчдад ч ашигтай. Мөн даатгалын компанид ч бизнес хийх сонирхлыг өдөөдөг” хэмээн М.Мөнхбаатар нэмж хэлэв.

Төслийн хэрэгжилтийн хүрээнд даатгалын компаниуд бизнесээ ерөнхийд нь сайжруулах тодорхой дадлыг олж авч байгаа. Өмнө өгүүлсэн Ч.Хүнбиш гэхэд сургалтад сууж, даатгалын төлөөлөгчөөр ажиллах эрхийн бичиг авсан.

Орон нутгийн даатгалын компаниуд даатгалын энэ бүтээгдэхүүнийг зарах эрмэлзэл бүхий байгаа.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт “Байгаль, цаг уурын тааламжгүй нөхцөлд эрсдлээс хамгаалах замыг олсон нь энэ төслийн хамгийн том үр дүн” хэмээн хэлсэн.

“Малчид өмнө нь хоёр зүйлийг л боддог байсан. Хэрвээ тэд малаа байгалийн гамшигт алдвал энэ хувь заяаны эрхээр боллоо гэж бодоод төр засаг ямар нэг хэмжээгээр хохирлыг нь барагдуулна гэж боддог байсан. Харин одоо тэдэнд сонголт байна, даатгалын тогтолцоо ажиллаж байна” хэмээн Х.Ганцогт хэллээ.



Api
Api

Welcome