ӨГҮҮЛЭЛ

Монгол улсад малчдын хүүхдүүдийг сургуульд бэлдэж, тэдний сургалтын амжилтыг нь сайжруулж байгаа нь

2015.2.05


World Bank Group

ОНЦЛОХ ӨГҮҮЛЭЛ
  • Хэрэгжүүлж буй энэ төсөл нь алслагдсан орон нутагт боловсролын үйлчилгээг сайжруулж, эцэг эх болон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд олон нийтэд суурилсан, нутгийн соёл заншилд нийцтэй шинэ санал санаачлагуудыг туршин хэрэгжүүлж байна.
  • Одоогийн байдлаар, гэр бүлийн орчинд хүүхдийг сургуульд бэлдэх хөтөлбөрт 7,500 хүүхэд хамрагдаж төгссөн бөгөөд Хүүхэд Хөгжлийн Төвөөр 4,600 хүүхэд үйлчлүүлээд байна.
  • Эдгээр санаачлагууд нь малчин ард иргэдийн хэрэгцээнд маш их нийцэж байна. Энэ нь малчдын хүүхдүүдийн боловсрол эзэмших боломжийг дээшлүүлж, төсөл хэрэгжиж байгаа дөрвөн аймагт сургууль завсардсан болон сургуульд сураагүй хүүхдийн тоог бууруулахад тусалж байна.

Зургаан настай Үүрийнцолмон охин Архангай аймгийн Өлзийт суманд амьдардаг. Түүний эцэг эх нь малчид бөгөөд тэднийх амьжиргааны гол эх үүсвэр болсон малдаа бэлчээрийн сайныг хайн жилдээ 3-4 удаа нүүдэллэдэг.

Ингэж нүүдэллэж амьдардаг учраас эцэг эх нь Үүрийнцолмонг цэцэрлэгт явуулах боломжгүй байсан юм. Энэхүү төслийн тусламж ирэхийг хүртэл тэд охиноо сургуульд ороод бусад хүүхдүүдээс хоцрох вий гэж их санаа зовнидог байсан юм.

Хүүхдийнхээ анхны багш

2013 оны 11 сард Үүрийнцолмон охин гэр бүлийн орчинд хүүхдийг сургуульд бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан юм. Энэ хөтөлбөр нь хүүхдүүдэд “зөөврийн” ном болон тоглоомын багцыг өгдөг. Хүүхдүүд сумын сургуулийн номын сангаас олгодог ном тоглоомын багцыг гэрлүүгээ авч явж хэрэглэдэг. Мөн тэдгээр хүүхдүүдийн эцэг эхчүүдэд ном тоглоомын  багцыг  ашиглан, хүүхдийнхээ сурахад нь хэрхэн туслах талаар сургалт явуулдаг. Тухайн гэр бүл авсан багцаа ашиглаж дууссаны дараа түүнийгээ  номын санд буцааж өгөөд, дараагийн шинэ багцыг авч ашигласаар нийт 10 багцыг ашиглаж сурдаг байна.  

Үүрийнцолмон багцын савнаас нэгэн номыг гаргаж аваад баяртайгаар  “Энэ том ном нь минийх” гэж хэлж байна. “Манай аав ээжид “Та өөрөө багш” гэдэг жижиг номыг өгсөн. Би энэ номноос их олон юм сурсан!”

Үүрийнцолмонгийн эцэг эх нь гэртээ түүний багш нь гэсэн үг юм.

“Зөвхөн миний охин сурах биш би ч бас их зүйл сурсан,” гэж Үүрийнцолмонгийн ээж ярьж байна. “Охин дүү нь 4 жилийн дараа сургуулийн насанд хүрнэ. Энэ удаад хуримтлуулсан туршлагаараа би бага охиноо сургаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.”

Үүрийнцолмонгийн аав П.Анхболд ч мөн адил энэ хөтөлбөрийн ач тусыг мэдэрчээ. “Энэ хэлбэрээр хүүхэдтэйгээ ажиллаж чадвал та хүүхэдтэйгээ харилцаж сурдаг юм байна. Гэр бүлийн маань харилцаа гүнзгийрч байна” гэж тэрээр хэлэв.

Үүрийнцолмонгийн хамрагдсан гэр бүлийн орчинд хүүхдийг сургуульд бэлтгэх энэ  хөтөлбөр бол Монгол улсын алслагдсан хөдөө орон нутгийн малчдын 6-10 насны  хүүхдүүдийн боловсролыг дэмжих зорилготой том төслийн нэгээхэн хэсэг юм. Энэхүү төсөл нь Дэлхийн банкны “Японы нийгмийн хөгжлийн сан”-гийн дэмжлэгтэй 4 аймгийн 30 суманд хэрэгжиж байна.

Японы Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж байгаа энэ төсөл нь алслагдсан орон нутагт боловсролын үйлчилгээг сайжруулж, эцэг эх болон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд олон нийтэд  суурилсан, нутгийн соёл заншилд нийцтэй шинэ  санал санаачлагуудыг туршин хэрэгжүүлж байна.  


World Bank Group

" Энэ хөтөлбөрөөр дамжуулан хүүхдүүд цэцэрлэгт хийдэг бүх зүйлийг гэртээ хийгээд, сураад ирж байна. Миний бодлоор энэ нь хүүхэд, эцэг эх, багш нарын хувьд маш үр дүнтэй юм. "

Л. Цэцэгдэмбэрэл

багш


Хүүхдүүдийн хоёр дахь гэр

Төслийн өөр бас нэг шинэ санаачлага нь малчдын хүүхүүдэд зориулж сургуулийн дотуур байранд Хүүхэд Хөгжлийн Төв байгуулан ажиллаж байгаа явдал юм.

Малчдын хүүхдүүд сургуулийн насанд хүрээд гэрээс нь олон километрийн хол байдаг сумын төвийн сургуульд сурах хэрэгтэй болдог. Тиймээс, тэдний ихэнх нь сургуулийн дотуур байранд эсвэл сумын төвд амьдардаг хамаатан садныдаа амьдрах болдог.

Хичээлийн дараа энэ хүүхдүүд гадаа тоглох, эсвэл дотуур байрныхаа өрөөнд л цагаа өнгөрөөдөг. Зарим хүүхдүүд дотуур байранд дасан зохицож чадахгүй, улмаар сурлагаар хоцорч эхлэдэг.  

Яг ийм л нөхцөлд “Хүүхэд Хөгжлийн Төв” хэрэгтэй болсон юм.  

Ийм төвтэй болсноор хүүхдүүд багшийн чиглэл зөвлөгөөн дор гэрийн даалгавараа хийж, төрөл бүрийн хөгжлийн үйл ажиллагаанд оролцох боломжтой болж байгаа нь тэдний амьдралд ихээхэн өөрчлөлтийг авчирч байна.  

Дорнод аймгийн Чойбалсан сумын сургуулийн 2-р ангийн сурагч Сайнзаяагийн хувьд хичээлээс гадуурх хөтөлбөр – сонгон суралцах арга хэмжээнд оролцох түүний мөрөөдөл биелжээ.

“Би сонгонд явах болсондоо маш их баяртай байна.  Би олон найзууддаа болон дүү нартаа бүжиг зааж өгдөг болсондоо баяртай байна” гэж тэр ярьж байна.   

Эцэг эхчүүд ч ийм төв бий болсонд баяртай байна.

М.Сүхбаатар дотуур байранд байгаа 2-р ангид сурдаг ач хүүгээ эргэж очиход ач хүү нь бусад хүүхдүүдтэй шатар тоглоод баяртай байлаа.   

“Хүүхэд хөгжлийн төв нь хүүхдэд чөлөөи цагаа зөв, үр ашигтай өнгөрүүлэхэд их тус болж байна. Хүүхэд хөгжлийн төвийн ачаар бид хүүхэддээ санаа зовох зүйлгүй болсон” гэж тэр хэлэв.

Малчдын хүүхдүүдийн боловсролын хэрэгцээг хангах нь

2014 оны 9 сард Үүрийнцолмон сургуульд орлоо.

Түүний ангийн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь гэр бүлийн орчинд хүүхдийг сургуульд бэлтгэх  хөтөлбөрт хамрагдсан байна. Түүний багш Л.Цэцэгдэмбэрэл эдгээр хүүхдүүдийн ерөнхий чадвар нь түүний өмнө нь нэгдүгээр ангид хүлээн авч байсан хүүхдүүдийнхээс илүү  байна гэж байна.  

“Энэ хөтөлбөрөөр дамжуулан хүүхдүүд цэцэрлэгт хийдэг бүх зүйлийг гэртээ хийгээд, сураад ирж байна,” гэж тэрээр хэлэв. “Миний бодлоор энэ нь хүүхэд, эцэг эх, багш нарын хувьд маш үр дүнтэй юм.”

П. Батчулуун  Архангай аймгийн Өлзийт сумын Олон Нийтийн Боловсролын Зөвлөлийн даргаар ажилладаг. Төсөл хэрэгжиж байгаа 30 суманд ийм зөвлөлүүд байгуулагдсан бөгөөд өөр өөрийн орон нутагтаа боловсролын чанарыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.      

Энэ хөтөлбөрийг цаашид үндэсний хэмжээнд төрийн бодлогоор дэмжих нь зүйтэй” гэж тэрээр хэлэв. “Хэрэв энэ хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлбэл малчдын хүүхдүүд чанартай боловсрол эзэмшихэд ихээхэн тус болж чадна.”

Одоогийн байдлаар, гэр бүлийн орчинд хүүхдийг сургуульд бэлдэх хөтөлбөрт 7,500 хүүхэд  хамрагдаж төгссөн бөгөөд Хүүхэд Хөгжлийн Төвөөр 4,600 хүүхэд үйлчлүүлээд байна.   

“Эдгээр санаачлагууд нь малчин ард иргэдийн хэрэгцээнд маш их нийцэж байна. Энэ нь малчдын хүүхдүүдийн боловсрол эзэмших боломжийг дээшлүүлж, төсөл хэрэгжиж байгаа дөрвөн аймагт сургууль завсардсан болон сургуульд сураагүй хүүхдийн тоог бууруулахад  тусалж байна” гэж Дэлхийн банкны мэргэжилтэн Ч.Тунгалаг хэлж байна.   

МУЛЬТИМЕДИА

Api
Api